Б.БАДРАЛ
Японы “All Nippon Airways” компанийн онгоц Хонсю арал дээр ослын буулт хийсэн тухай “Киодо” агентлаг мэдээлсэн байна. Ивакуни хотоос хөөрсөн онгоц Токиокийн Ханэда олон улсын нисэх буудалд газардах ёстой байж. Гэвч “Airbus A320” хөөрөх үедээ сүрэг шувуутай мөргөлдсөн тул ахмад ослын буулт хийх шийдвэр гаргажээ. Онгоцыг газардсаны дараа үзлэг хийхэд хоёр хөдөлгүүр хоёул гэмтсэн байсныг тогтоосон байна. Онгоцонд байсан 140 зорчигчийн нэг нь ч бэртээгүй бөгөөд өөр онгоцоор очих газартаа эсэн мэнд хүрсэн аж.
Үүнээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 14-нд Британийн “Thomas Cook Airlines” компанийн онгоц 50 орчим өрөвтас бүхий сүрэгтэй мөргөлдсөн хэрэг гараад байсан юм. 170 зорчигч суулгасан “Airbus A321” онгоц Гамби улсын нийслэл Банжулаас Лондон орохоор нисч яваад шувуудтай мөргөлдсөн. Онгоцны ахмад хөөрсөн буудалдаа яаралтай газардсаны ачаар хүн гэмтэж бэртээгүй. Газардсаны дараа онгоцонд үзлэг хийхэд шувууд хоёр хөдөлгүүр, дугуйг маш их гэмтээсэн байсныг тогтоосон.