Ердөө хоёр өдрийн өмнө Токиод болсон хүндийг өргөлтийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон М.Анхцэцэг Мексикт болох оюутны ДАШТ-нд оролцохоор шууд замд гарлаа. Тэрээр АНУ руу 10 гаруй цаг нисээд тэндээсээ Мексик рүү 5 цаг нисч очоод гурван цагийн дараа тэмцээндээ орох гэнэ.
Дасгалжуулагч Ц.Хосбаярт нь зардал олдоогүй учраас тамирчин охин дараалсан хоёр тэмцээндээ ганцаараа оролцохоос өөр аргагүй болсон тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Залуучуудын ААШТ-нд манай улсаас гурван тамирчин, нэг шүүгч, албаны нэг хүн оролцсон аж. Албаны төлөөлөгчөөр оролцсон Ц.Хасбаатарын өгсөн мэдээллээр ААШТ-нд оролцсон тамирчид, шүүгч, төлөөлөгч өнөөдөр Монгол буцаж байгаа юм. Тэгэхээр М.Анхцэцэг Мексик рүү ганцаараа явж тэмцээнд оролцох бүхий л тактик, бие халаалт, сэтгэлзүйгээ зөвхөн өөртөө л найдаж хийх нь.