Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгууллагын иргэншлийн зан төлөв


Нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлт болон байгууллагын хөгжлийг даган, байгууллагууд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүрэг даалгаврын биелэлтээс гадна ажил үүргийн хүрээнээс давсан зан төлвийг илүү чухалчилж үздэг болж байна. Байгууллагын хүний нөөц бол байгууллагын гол цөм бөгөөд хэрхэн яаж ашигтайгаар хүний нөөцийг зохицуулан ажиллах нь чухал асуудлын нэг болоод байна. Арилжааны банкуудын хувьд хүний нөөцийн менежмент нь ажилтнуудынхаа үйлчилгээ төвтэй байх, ёс зүйн өндөр төлөвшил бүхий, итгэлцэлд суурилсан байх зэрэг зарчмыг хангах байдалд байнга анхаарал хандуулах нь чухал байдаг. Арилжааны банк нь системийн хэмжээнд өргөжихийн хэрээр ажилтнуудын тоо нэмэгдэж, олон төрлийн зан төлөвтэй хүмүүс ихээр нэмэгдэж байна. Түүнийг дагаад байгууллагын соёл өөрчлөгдөж, байгууллагадаа үнэнч байх хандлага, нэг нэгэндээ туслах сэтгэл, нэгэндээ хүндэтгэлтэй хандах, үнэнч шударга, ёс суртахуунтай ажилдаа хандах зэрэг ажилтнуудын эерэг зан төлвүүд өөрчлөгдөж байна. Үүнд байгууллагын хүний нөөцийн бодлого тэр дундаа удирдах ажилтнуудын манлайлал болон байгууллагын иргэншлийн зан төлөв (БИЗТ) чухал үүрэгтэй.

БИЗТ нь дүрэм журмаар тодорхой зохицуулагдаагүй, ажилтан нь өөрийн санаачилгаар үүрэг даалгавар, ажил үүргийн хуваариар ноогдуулсан дүрмийн хүрээнээс давж гарсан зан төлөв гаргадаг. Энэхүү зан төлөв нь байгууллагын ажлын гүйцэтгэлд нөлөөлдөг бөгөөд ажилтнуудын ийм төрлийн зан төлөв нь ажлын байран дээр бодитой үр дүн үзүүлдэг гэж үздэг байна. БИЗТ нь гурван онцлогтой бөгөөд эдгээр нь:

1.    БИЗТ нь ажилтан бусдын албан шахалтгүй, дүрэм журам болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй сайн дурын үйлдэл юм.
2.    БИЗТ нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээс давж гарсан үйлдэл
3.    БИЗТ нь байгууллагын гүйцэтгэл болон хамтран ажиллагсдын хооронд эерэг нөлөө үзүүлдэг.

БИЗТ-ийг 5 үндсэн хүчин зүйлээр хэмждэг ба эдгээр нь хамтач байдал, мэргэжлийн хандлага, анхаарамж, нийгмийн идэвх, ухамсар зэрэг хүчин зүйлс юм.  
Үйлчилгээний манлайлал нь бусдад үйлчлэх хүсэл сонирхолтой, үйлчилгээг нэгдүгээрт тавьдаг. Үүний дараагаар ухамсарт сонголтоор бусдыг удирдан манлайлах хүсэлтэй байна. Үйлчилгээний манлайллыг хурдан хугацаанд үр дүнгээ үзүүлэх боломжгүй, үйлчилгээний манлайлал нь амьдрал болон ажлын урт хугацааны үйл ажиллагаа юм.

Үйлчилгээний манлайллыг хэмжихдээ бусдыг халамжлах, ажилтнуудын үнэ цэнийг бий болгож оролцоог нэмэгдүүлэх, ажилтнууддаа туслах, ёс суртахуун гэсэн 4 хүчин зүйлээр хэмждэг байна.

Банкны салбарт 2015 оны байдлаар нийт 14 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жил ирэх тусам салбар, тооцооны төвүүдийн тоог нэмэгдүүлсээр байна. 2015 оны байдлаар арилжааны банкны нийт 1508 салбар нэгж, тооцооны төв, кассууд үйл ажиллагаа явуулж байна. Банкны салбар нэгжийн тоо жил бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор банкны салбарт ажлын байрны орон тоо нэмэгдэж энэ салбарт ажиллагсдын тоо жил ирэх тусам өссөөр байна. Банкны салбарын хөдөлмөрийн зах зээлд 2015 оны байдлаар арилжааны банкны салбарт нийт 16000 гаруй ажилтан, мэргэжилтнүүд ажиллаж байна.
Банкны салбарын эрхэм зорилго, үнэт зүйлсийг харахад арилжааны банкуудын эрхэм зорилгын хувьд харилцагчаа дээдэлж, харилцагчдадаа мэргэжлийн өндөр түвшинд чанартай, үр ашигтай үйлчилгээг үзүүлэхийг зорьдог, үйлчилгээ төвтэй байгаа нь харагдаж байна. Мөн арилжааны банкуудын үнэт зүйлст шинжилгээ хийвэл харилцагч, үйлчилгээ, ажилтан гэсэн хүчин зүйлийг илүү тодотгосон нь эдгээр хүчин зүйлс нь арилжааны банкны үйл ажиллагаанд  чухал үүрэг гүйцэтгэдгийг илэрхийлж байна.

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банк, Хас банк зэрэг 5 арилжааны банкны ажилтнуудын хувьд байгууллагын иргэншлийн зан төлөвт үйлчилгээний манлайлал хэрхэн нөлөөлж буйг авч үзлээ.

Арилжааны банкны ажилтнуудын хувьд удирдлагын зүгээс доод албан тушаалтнаа халамжлах, тэдэнтэй ярилцаж ойлгох зан төлөв нь ажилтнууд хоорондоо нэг нэгэндээ туслах, дэмжих зан төлвийг дэмждэг байна. Тодруулбал, удирдлагын зүгээс ажилтнуудад ирж буй анхаарал, сэтгэл санаагаар дэмжиж урамшуулах байдал нь  эерэг сэтгэгдэл төрүүлж, улмаар ажилтнуудын бие биедээ туслах эргэх харилцааг нэмэгдүүлдэг байна. Байгууллагаас ажилтнуудыг нийтээр хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа, хурал зөвлөгөөн, сургалт зохион байгуулах нь  ажилтнуудын бодит оролцоог нэмэгдүүлдэг нь багийн ажиллагааг сайжруулж, багийн гишүүн бүрийн оролцоо, үүрэг даалгаврын биелэлтийг дэмжиж өгдөг байна. Улмаар багийн уур амьсгал сайжирч, гишүүд нь байхгүй, ирээгүй хамтран ажиллагсаддаа туслах, байхгүй гишүүнийхээ орон зайг нөхөж ажиллахад төвөгтэй байдал үүсдэггүй байна.

Банкны хүний нөөц, удирдлагын зүгээс ажилтнуудынхаа өсөлт хөгжилтөд анхаарч сургалт семинар зохион байгуулж сургах, тэдний ажлын чадварыг дээшлүүлэх мэргэжлийн сургалтуудад хамруулах нь эргээд ажилтнуудад эерэг хандлага төрүүлж, улмаар байгууллагынхаа төлөө сэтгэлээсээ ажиллах шийдвэр гаргадаг байна. Мөн ажилтны хийсэн ажлын үр дүнд үнэн зөв, шударга үнэлгээ хийн, сайн гүйцэтгэлтэй бол урамшуулан сайшаах, урамшуулал олгох, ажлын гүйцэтгэл тааруу, буруу ташаа хийсэн бол түүнийг нь залруулж хэлж өгөх зэргээр ажлынх нь үр дүнг харгалзан үзэж ажилтандаа цаашид юун дээр анхаарч ажиллах тал дээр заавар зөвлөгөө өгөх нь ажилтанд өөртөө итгэх итгэл нэмэгдэж ажлаа сэтгэлээсээ хийх нэг хөшүүрэг болдог байна. Харин удирдлагын зүгээс ажилтнуудад даалгасан үүрэг даалгаврын хүрээнээс хальж, ажилтнуудад хэт туслах байдал нь эргээд хоорондоо бие биедээ туслах зан төлвийг бууруулах хандлагатай байдаг байна.
Банкны ажилтнуудын сайн дурын оролцоо, байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зан төлвийг ажиллагсдын дунд түгээмэл болгохын тулд хөгжин дэвших хүсэл, ажлын сэтгэл ханамж, урамшууллын тогтолцоо зэрэг хувьсагчдын ажилтнуудын сэтгэлгээнд үзүүлэх нөлөөллийг зөвхөн өөрийн сонирхлын төлөө бус байгууллагадаа үр өгөөжтэй ажиллахад тус болохуйц талаас нь анхаарах нь чухал. Багийн гишүүдийн уур амьсгал, ажил дээр суралцах боломж нь тухайн ажилтны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг бөгөөд ажилтнаас гарах эерэг зан төлвийг дэмждэг. Иймээс эдгээр нөхцөл байдлаар ажилтнуудыг хөшүүрэгдэх замаар байгууллагад тустай байдлаар ашиглах боломжтой.

СЭЗИС-ийн магисрант Б.Банзрагчгарав

1 Сэтгэгдэл
sn bnuu heregtei niitlel bn bayarlalaa ene talaar iluu delgerengvi sudlaj unshii gvl hnaas unshij boloh ve?
Хамгийн их уншсан