Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Отгончулуун: Аавыг хэвтэрт байхад хажууд нь уйлаад суудаг байсан ганц хүн нь Баянмөнх аварга


А.АКЭРКЭ


Үндэсний бөхийн домогт аварга Бадамдоригийн Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тэрээр тамирчдаас анх удаа 1960 онд БНМАУ-ын үндэсний спортын гавьяат мастер цол хүртсэн байдаг. Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын харьяат тэрээр 1930 онд нутгийнхаа “Эргэл хайрхан” уулын овоо тахилгын наадамд анх удаа зодоглон түрүүлж бөх болох гараагаа эхэлж байжээ. Улмаар 1939 онд ардын цэргийн албанд татагдсан жилээ 23 настайдаа анх удаа Улсын их баяр наадамд зодоглосон төдийгүй хүчит 512 бөхөөс Лхагва арслангаар ес даван түрүүлж, цолгүй бөх арслан цол хүртэж байжээ. Мөн 1941 онд Өлзийсайхан арслангаар ес даван түрүүлж аварга, 1945 онд Цэвээнравдан заанаар ес даван түрүүлж даян аварга, 1946 онд Чимэд-Очир арслангаар арав даван түрүүлж дархан аварга цол хүртсэн байна. Нохой мордох мэх хийхийг цээрлэдэг, атаа жөтөө, уур унтуунаас цэрвэж явдаг, даруу төлөв зантай хүн байсан талаар бөхчүүд өнөөг хэр нь дурсан ярьцгааж байна. Харин түүний отгон охин Отгончулуун аавынхаа тухай ийн дурслаа.

-Аавын тань ойг тэм­дэглэн өнгөрүүлэх гэж буйд хам­гийн ихээр талархаж байгаа хүн нь та болов уу. Мөн хамгийн сайхан дурсамжийг өгүүлэх хүн нь та байх?
-Аавын минь 100 насны ойг тэмдэглэх гэж байгаад туйлын их баяртай байгаа. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд түмэн олон, нутаг усныхан нь тусалж байна. Би аавтайгаа их ойр байсан. Отгон охин нь байсан болоод ч тэр үү 30 гаруй жил хамт амьдарсан даа. Насан эцэслэх хүртэл нь цуг байсан. Аавыг маань тийм ч хүн байсан, ийм ч хүн байсан гэж хүмүүс янз бүрээр л ярьдаг. Харин ойр дотно байсны хувьд хэлэхэд их гүндүүгүй, дуугүй талдаа, ширүүн дориун ааш зангүй хүн байсан даа. Үр хүүхдүүд бид чинь сайн мэддэггүй юм байна. Аав байж л байдаг, өөрийн үүргээ гүйцэтгэж байна л гэж хардаг. Хий гэсэн болгоныг нь хийгээд л явдаг байсан. Бусад хүн болохоор их сайн хүн байж билээ гээд их л магтан дуулах юм. Үүнийг нь аавын маань ойд зориулан гаргаж байгаа номноос нь л олж мэдэж байна. Дурсамж, баримтат киног нь хүртэл хийж байна. Энэ дурсамжид бөхчүүд оролцож. Тэд аавын маань тухай үнэхээр гайхалтай зүйлсийг ярьсан байна билээ.

-Чухам юу гэж ярьсан байх юм?
-Арван тавны сар шиг хүн байсан гэж ирээд ярь­жээ. Бидний хувьд бол аав л байсан. Бусдын хувьд тэн­гэрлэг хүн байж. Хамгийн сайхан дурсамжуудаасаа ху­ваалц­­­­жээ, бөхчүүд. Мөнх­бат аварга ярьж чадахгүй мөрт­лөө, түшүүлж ирээд нэвт­рүүлэгт орсон гэсэн. Өөрөө хараагүй ч гэсэн сонсоод үнэ­хээр их баярласан шүү. Ин­гээд бодохоор миний аав үнэхээр гайхалтай агуу хүн байж. Энэ олон аварга, арслангуудын багш байсан гэдэг утгаар нь ааваараа бахархаж сууна.

-Энэ сайхан хүний зал­гамж халааг үр хүүхдүүдээс нь өвлөж авсан уу?
-Ундрах байсан л даа. Хүү маань сүмод барилдана гэж яваад их ч бэртэж гэмтсэн. Уг нь, 2001 оны гуравдугаар сараас мэргэжлийн сүмод барилдах болсон. Ингэж барилдахдаа жүрёо цол авсан байдаг юм. Уг нь, аав маань энэ хүүг бөх болгож аваарай гэж тухайн үеийн Бөхийн холбооны тэргүүн байсан Даваасамбуу гуайд захиж үлдээсэн байдаг. Тэр бүү хэл, Ундрахыг гурван настай байхад нь Спортын төв ордныхон манайд ирэхэд “Та нар наад хүүхдийнхээ өмд, гутлыг тайлаад үз. Өвдгийг нь хар” гэж билээ. Бид л анзаараагүй болохоос биш Ундрахын өвдөг их том байсан хэрэг. Гэсэн хэдий ч тухайн үед сүмо бөхөөр барилдах сонирхолтой 16, 17 настай хүүхдүүдийг бүртгэхэд хүү маань бүртгүүлээд явсан. Өвөөгийнхөө нэр алдрыг цуурайтуулаад гайгүйхэн шиг явчих байх гэж бодож байсан чинь бэртэж, гэмтсэн. Аргагүй буцаад ирсэн. Одоо эмчилгээ хийлгээд явж байна. Хүмүүс үндэсний бөхөөр барил­дуулахгүй яасан юм бэ л гэдэг.

-Одоо Д.Ундрахын биеийн байдал ямар байгаа вэ?
-Жаахан тааруу. Эмнэлэгт хэвтэж байгаа. Хамраас нь цус гараад хэд хоног л сандаргалаа. Сүмод их нухлуулсан бололтой. Барилдахгүй л гэх юм.

-Х.Баянмөнх гуай аавын тань бие чилээрхүү байхад хамгийн их эргэж ирдэг байсан гэдэг?
-Хүн олон хүүхэдтэй ч гэсэн нэгнээр нь сахиулах хүсэлтэй байдаг юм байна. Аав маань ах, эгч нарыг маань цаашаа бай гээд надаар асруулах сонирхолтой байж билээ. Сүүлдээ би гэдэг хүн тариаг нь хийчихдэг болчихсон байсан. Хоёр сар хэвтэрт байгаад насан эцэслэсэн дээ, хөөрхий. Их ч ядарсан. Тухайн үед Баянмөнх гуай өдөр болгон шахуу ирдэг байлаа. Багш маань ийм ч болчих гэж дээ гэж ирээд, халаглана. Үнэндээ нэг л том цээж л үлдсэн байсан хэрэг. Ер нь л бөхчүүд бүгд ирдэг байсан ч хажууд нь байнга л уйлаад сууж байдаг байсан хүн нь Баянмөнх аварга.

-Бие нь өвдсөний дараа өөрөө тань дээр ирсэн гэсэн байх аа?
-Тийм. Аав минь миний хүүхдүүдийг өсгөлцөж өгсөн хүн. 30 гаруй жил хамт амьдарсан болохоор намайг л гээд байдаг юм. Нэг өдөр аавынх нь бие тааруу болчихлоо, охин дээрээ ирье дээ гэсэн. Аавыгаа яг хоёр сар асарсан даа.

-23 насандаа аварга болчихоод юу гэж ярьдаг байсан бол. Ер нь удамд нь бөх хүн байсан юм болов уу?
-Миний аав би түрүүлчихлээ гэж ер онгирч байгаагүй гэдэг. Их даруухан хүн байсныг түмэн олон мэднэ. Бага байхад аавыг нь хэлмэгдүүлсэн юм билээ. Сүүлд Бадамдориг гэж хүнээр овоглосон байдаг юм. Үүх, түүхийг нь ухаад үзвэл Гэндэн гэдэг тайж угсаатан хүний хүүхэд байсан юм байна. Энэ тухай аав маань ярьж байгаагүй. Нас барахдаа ч энэ тухайгаа хэлээгүй. Одоо л бид дээхнэ үеийн бөхчүүдээс энэ талаар сонсч байна шүү дээ. Гэндэн гэдэг тайж угсаатан хүний ганц хүү гэж. Дурсамж номонд нь энэ тухай орсон байгаа. Аавын маань төрсөн дүү Цэрэндаш гэж хүн байсан юм. Их бяр чадалтай ч гараа хугалаад бэртчихсэн болохоор барилдаж байгаагүй юм билээ. Аав дүүдээ их хайртай байсан даа.

-Танд зодог, шуудаг оёж сур, амьдралд тань нэмэр болно гэж захидаг байсан гэсэн?
-Тийм. Багаасаа л аавынхаа захиснаар зодог, шуудаг оёж эхэлсэн. Ээж маань эсгэж өгнө, харин бид ширдэг байлаа. Оёсон зодог, шуудгийг маань аав авч яваад борлуулаад ирдэг байсан. Сурсан зүйл гэдэг чинь их сайхан. Ямар ч гэсэн аавынхаа буянаар их сайхан зодог шуудаг хийдэг болсон.

-Аавдаа зориулж хийж байв уу?
-Та нарын оёсон зодог, шуудгийг борлуулаад өгье гэдэг байсан. Тэрнээс биш биднээр өөртөө зодог, шуудаг оёулж байгаагүй. Өөрөө оёод өмсчихдөг байсан.

-Эргээд харахад та аавынхаа ямар занг илүүтэй дуурайсан байх юм?
-Хүмүүс гүндүүгүй гэж хэлдэг. Энэ зан нь адилхан юм болов уу даа. Мөн би аав шигээ гэр дүүрэн хүн цуглуулах дуртай. 

-Аавтайгаа олон жил хамт амьдарсан ч гэлээ одоо л аавынхаа тухай илүү ихийг мэдэж байгаа юм шиг анзаарагдлаа, таны ярианаас?
-Тэр тийм шүү. Бөхчүүдийн дурсамж ярианаас л аавыгаа илүү олж харж мэдэж байна. Энэ нь бөхчүүдтэйгээ илүү ойр дотно байсантай холбоотой байх. Ямар ч гэсэн аавын минь амьдралын замнал болон үе үеийн бөхчүүдийн сэтгэгдэл, хууч яриаг багтаасан түүхэн намтар ном, баримтат кино нь дэндүү сайхан болсон байна билээ.

0 Сэтгэгдэл
нээрээ л арван тавны сар шиг хүн байж билээ Яг оноод хэлчихэж Амьд сэрүүн байхад нь тааралдаж харж байсан юм аа
nom ni haaguur zaj bga bol..
ААВ гэдэг чинь тэр чигээрээ энэ дэлхий байхгүй юу.аавын тухай бодох бүр энэ дэлхий тэр чигээрээ сайн сайхнаар дүүрдэг.
Хамгийн их уншсан