Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаа, дотоодын цэргийнхэн дэнж хотойтол наадлаа

Цагдаа, дотоодын цэргийн бэсрэг наадам өчигдөр ЦЕГ-ын харьяа “Сүүж уул” амралтын газар боллоо. Үндэсний их баяр наадмын өмнө энэхүү бэсрэг наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Дотоодын цэргийн 90 жилийн  ой энэ долдугаар сарын 19-нд тохиохтой холбогдуулан энэ удаагийн бэсрэг наадмыг дотоодын цэргийн нэрэмжит болгов.



Бэсрэг наадамд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ЦЕГ-ын дарга хошууч генерал Д.Сандаг-Очир, даргын зөвлөлийн гишүүд, ХЗДХЯ-ны болон  харьяа агентлагийн дарга нар оролцсон юм. Түүнчлэн үзэгч олон, нутгийн иргэд  хүчит 64 бөхийн барилдаан, хурдан морьний уралдаан, мэргэн харваачдын харвааг үзэж сонирхлоо.
Хүчит бөхийн барилдаан “Сүүж уул” амралтын газарт наадмын бэлтгэлд гарсан ЦЕГ-ын “Хүч”, ТЕГ-ын “Эрч”, ШШГЕГ-ын галаас гадна орон нутгийн Хөвсгөл, Дундговь, Ховд аймгийн галын бөхчүүд барилдсанаас шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмана сумын харьяат Улсын заан Ц.Батзориг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бөх улсын начин Н.Батзаяа, ЦЕГ-ын “Хүч” сдорт хорооны бөх Улсын заан Ц.Мягмарсүрэн, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, ХХЕГын “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн заан Л.Батзориг нар тунаж үлдсэн юм. Харин үзүүр түрүүнд ЦЕГ-ын “Хүч” сдорт хорооны бөх Улсын заан Ц.Мягмарсүрэн, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат ХХЕГын “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн заан Л.Батзориг нар үлдэж, аймгийн заан Л.Батзориг түрүүллээ.



УИХ-ын гишүүн, Монгол Улсын далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ анх Дотоодын цэргийн дугаар ангид алба хааж, бөхийн дэвжээнээ гарч байсан бол өдгөө 90 жилийн ойн нэрэмжит бэсрэг наадмын үеэр зодог шуудагаа өмсч, цолоо дуудуулж наамдын дэвжээнд гарсан нь олны анхаарлыг татаж байв. Тэрээр “Сүүж уул” амралтын газар 12 жилийн турш наадмын бэлтгэлээ базааж далай аварга болтлоо түрүүлсэн гэдэг.
Халх сур харваагаар тэргүүн байрт Урианхай сурын харвааны спортын дэд мастер, цагдаагийн ахлагч Г.Ууганбаяр, хоёрдугаар байрт залуу харваач НХЭГ-ийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч С.Мөнхбаатар, гуравдугаар байрт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Чинбат нар шалгарч, цэц мэргэнээ гайхууллаа.



Хурдан морины уралдаанд төв аймгийн хурдан морь уячдын 36 даага уралдсанаас Төв аймгийн Аргалант сумын харьяат Х.Болдбаатарын шарга зүсмийн даага түрүүлж, Төв аймгийн Борнуур сумын харъяат А.Зоригийн зээрд зүсмийн даага, Төв аймгийн Партизаны САА-н Даваажанцангийн хээр зүсмийн даага хоёр, гуравдугаар байрт орж, Нямдаваагийн шарга зүсмийн даага баян ходоод болж энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болохыг хүсэн ерөөж шагнал, Дотоодын цэргийн 90 жилийн ойн дурсгалын зүйлийг гардуулав.



Ийнхүү Дотоодын цэргийн 90 жилийн ойн бэсрэг наадам дэнж хотойтол сайхан болж өндөрлөлөө. 

Б.Цэнгэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан