Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд чөлөөт бөхийн Олимпын бэлтгэлийн төвийн нээлт боллоо.
Төвийн үйл ажиллагааг нээж МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Улсын аварга Д.Сумьяабазар үг хэлэхдээ “Лондонгийн олимпын наадмын өмнөхөн чөлөөт бөхийн Олимпын бэлтгэлийн төвийг нээж байгаа нь их утга учиртай юм. Би тамирчин байхдаа олон дэвжээтэй уужим том танхимд бэлтгэл сургуулилт хийж дэлхийн хэмжээнд олуулаа өрсөлдөж байх юмсан гэж бодож явдаг байсан. Тэр мөрөөдөл маань өнөөдөр биеллээ олж байгаад би их баяртай байна. Зургаан дэвжээ зассан энэ төв олон улсын стандартад нийцсэн, бөхчүүдийн бэлтгэл сургуулилт хийх, сэргээлт авах бүх шаардлагыг хангаж байна. Зуны олимпын наадамд оролцох манай тамирчид тэр дотрооо бөхчүүдийн өмнө 2008 оны амжилтыг давтах том сорилт тулгарч байна. Иймд өндөр сахилга баттай байж биеэ бүрэн дайчилж өнгөрсөн онд ард түмэндээ амласан “Лондон-2012” наадмаас медаль авах эрхэм зорилгоо биелүүлж чадна гэдэгт итгэж байна” гэж онцлон дурдлаа.
Дараа нь МЧБХ-ны Ерөнхийлөгч Л.Чинбат баяр хүргэн үг хэлж “Чөлөөт бөхийн тамирчид бэлтгэл сургуулилтаа зохих түвшинд хийж байх боломж нөхцөл улам сайжирч байна. Энэхүү том цогцолбор төвийг бий болгох бололцоог олгосон Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Хасу-Мегаватт” компанийн удирдлага, “Шарын гол” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батмөнх нарт нийт бөхчүүд, дасгалжуулагчдынхаа өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Олимпын наадамд оролцох багийн хамт олондоо өндөр амжилт гаргахыг хүсэж байна” гэлээ.
Олимпын бэлтгэлийн төвийн нээлтэнд мөн хүрэлцэн ирсэн МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч, японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Ёкузона, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ, О.Баянмөнх, Б.Болд, Отгонбаатар, Р.Ууганбаяр, Ло.Энхбаяр, БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Гавьяат дасгалжуулагч Н.Намшир, Гавьяат тамирчин Ц.Нацагдорж нар нээлтийн туузыг хайчилж “Universe Best Songs-2009” наадмын шилдэг оролцогч, дуучин Баясаа чөлөөт бөхийнхөнд зориулсан “Миний монголын бахархал” дуугаа анх удаа эгшиглүүллээ.
Ж.Цэцэг