Б.БАДРАЛ
Их Британийн Гадаад хэргийн яам АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын багийн гишүүдийг ятган Сирийн асуудлаар Москватай хамтрах хэрэггүй гэж итгүүлнэ хэмээн “Sunday Telegraph” сонин мэдээлэв. Трамп болон түүний багийнхныг Сирийн удирдагч Асадын талаар Обамагийн Засгийн газрын явуулж байсан бодлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж ятгахад британичууд хоёр сар зарцуулах гэнэ. “Sunday Telegraph” сонины Гадаад хэргийн яаман дахь эх сурвалж нь “Тэрээр Путиныг хамтарч болох хүн гэж бодож байгаа нь эргэлзээгүй. Гэвч, Путиныг эргэцүүлэн бодож чаддаггүй, эрүүл саруул хамтрагч биш гэдгийг ойлгохоороо бодлоо өөрчилж магадгүй. Туршлага суухад цаг хугацаа хэрэгтэй” гэж. Трампыг Путинтэй биечлэн уулзсаны дараа ийнхүү бодлоо өөрчлөх нь гарцаагүй гэдэгт Их Британийн Гадаад хэргийн яам итгэлтэй байгаа аж. Британийн Гадаад хэргийн яам Путины талаарх Трампын бодлыг өөрчлөх нь хамгийн чухал, №1 зорилт гэжээ.
Трампыг сонгуульд ялсныхаа дараагаар Сири гэх мэт олон чухал асуудал дээр байр сууриа өөрчилнө гэж британичууд их найдаж байв. Тухайлбал, сонгуулийн өмнө Обамагийн хэрэгжүүлсэн эрүүл мэндийн даатгалын “Obamacare” хөтөлбөрийг хаана гэж мэдэгдэж байсан ч ялалт байгуулаад энэ бодлоо өөрчилсөн тухай мэдэгдсэн. Гэвч Сирийн иргэний дайны талаар бодлоо огт өөрчлөөгүй гэдгийг “The Wall Street Journal” сонинд өгсөн ярилцлага нь харуулсан. Трамп тус ярилцлагадаа Сирид явуулах бодлогоо дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч Обмагийн явуулж байсан бодлогыг дагахгүй гэдгээ хэлсэн. Обама нь Сирийн явцуураагүй сөрөг хүчин гэгчийг зэвсэг, мөнгөөр дэмждэг байсныг Трамп үргэлжлүүлэхгүй гээд “Сирийн талаарх миний бодол олон хүнийхээс ялгаатай. Одоо бид Сирийн Ерөнхийлөгчийг түлхэн унагахад бус харин Сири дэх “Лалын улс”-тай тэмцэхэд анхаарах болно” гэжээ.
Трамп нь сонгуулийн сурталчилгааны үеэр Оросын Ерөнхийлөгч Путиныг хүчирхэг удирдагч гэдгээр нь хүндэлдэг, хамтран ажиллахад бэлэн гэсэн утгатай мэдэгдэл олныг хийсэн. Ингэснээрээ Орос улс, түүний Ерөнхийлөгч Путиныг эбола вирус, “Лалын улс” алан хядах байгууллагатай адил аюул гэж байсан Обама, Клинтон нараас эрс ялгарч байв.
Тухайлбал, 2015 оны зургаадугаар сард “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө “Путин манай Ерөнхийлөгчийг хүндлэхгүй байгаа нь ил байна. Гэхдээ Орос орон дахь түүний нэр хүнд асар их, түүнийг хийсэн бүтээсэн зүйлийнх нь төлөө, байгаа байдлынх нь төлөө хайрладаг” гэж байв. Түүний зарим хэлсэн үгнээс иш татъя.
2015 оны арваннэгдүгээр сард Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр “Хэрэв Владимир Путин Сири руу ороод тэндээс “Лалын улс”-ын хөөхийг хүсч байгаа бол би түүнийг 100 хувь дэмжинэ. Үүний эсрэг бодолтой хүн байж болохыг ер ойлгохгүй байна”
2016 оны гуравдугаар сард ТВ мэтгэлцээний үеэр “Путины тухай гэвэл Оросын хувьд маш хүчирхэг удирдагч нь тодорхой. Энэ бол баримт. Гэхдээ энэ бол би түүнийг дэмждэг гэсэн үг бас биш юм шүү”
2016 оны есдүгээр сард Ирак ба Афганистаны дайнд оролцож байсан Америкийн ахмад дайчидтай уулзах үеэр “Путин бол жинхэнэ удирдагч бөгөөд улс орноо маш итгэлтэй удирддаг. Энэ бол огт өөр систем. Надад заавал таалагдах албагүй. Гэхдээ манай Ерөнхийлөгч өөрийн системдээ манлайлдгаас хавьгүй илүүтэйгээр тэрээр өөрийн системдээ удирдагч хийж чаддаг. Би Путинтэй маш сайн харилцаатай, Орос улстай ч сайн харилцаатай байх болно”
2016 оны аравдугаар сард Невада мужид үг хэлэхдээ “Намайг Путинд хайртай гэцгээх юм. Би Путинд хайртай биш бас үзэн яддаггүй. Путин Клинтоныг бүх зүйл дээр молигдож чадсан болохоор түүнд дургүй байгаа юм. Путин Обамаг ч бүх л зүйл дээр мэхэлж чадсан. Сирийн дайнаас эхлээд пуужин хүртэлх. Би Путиныг мэдэхгүй, хэзээ ч уулзаж байгаагүй. Тэр бол миний сайн найз биш. Гэхдээ АНУ нь Оростой ойлголцож чадвал муугүй байх байлаа”
Ийм бодолтой хүнийг Британичууд хоёр сар ятгаад бодлыг нь өөрчилж, Путиныг үзэн ядагчдын эгнээнд элсүүлж чадна гэдэг тун эргэлзээтэй.