Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дональд Трамп ялснаар зэсийн үнэ огцом өслөө

Х.ӨЛЗИЙ

Дэлхийн биржүүд дээр зэсийн үнэ өнгөрсөн баасан гарагт 19 хувиар өсч дээд хэмжээнд хүрлээ. Шинжээчид үүнийг АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж  дэд бүтцийн өргөн хүрээтэй хөтөлбөр дэвшүүлсэн Дональд Трамп ялсантой холбон тайлбарлаж байна.
Лондонгийн металлын бирж дээр зэс арваннэгдүгээр сарын 11 гэхэд тонн нь 6025 ам.доллар хүрч өглөөний нээлтийн ханшаасаа 7,6 хувь өслөө гэж Bloomberg агентлаг мэдээллээ.

Энэ бол 2009 оноос хойш нэг өдөрт үнэ ингэж өссөн анхны тохиолдол гэж агентлаг тэмдэглэж байна.
Ер нь Лондонд зэсийн үнэ долоо хоногт 19 хувиар өссөн нь 1989 оноос хойшхи асар том үр дүн гэлээ. Баасан гарагийн арилжаа эхлэхэд зэсийн үнэ 5715 ам.доллар хүрвэл дээд амжилт гэж тооцож байсан юм байна.
Зэсийн үнэ үүний өмнө долоо хоногт хамгийн ихдээ л 2011 оны аравдугаар сард 14,4 хувьд хүрч байсан юм гэж Bloomberg онцолжээ.

Нью-Йоркийн барааны бирж дээр өнгөрсөн долоо хоногт зэсийн үнэ бараг 20 хувь өссөн нь өнгөрсөн 28 жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлт байлаа. Шанхайн бирж дээр ч мөн л өссөн дүн харагдаж байна. Зэсийн то­моохон үйлдвэрлэгч “Rio Tinto”, “Anglo-American”, “Glencore”, “Antofagasta” зэрэг ком­­­паниу­дын хувьцаа ч өссөн байна.
АНУ-ын шинээр сонгогд­сон ерөнхийлөгч Дональд Трамп дэд бүтэц дэх ул­сын хөрөнгө оруулалтыг нэмэг­дүүлнэ гэж амласан нь хөрөнгө оруулагчдад хү­лээлт үүсгэснээр зэсийн үнэ ийн эрчимтэй өсч байна гэж шинжилгээний “Citigroup” тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ хэвлэл 2000 оноос хойш зэсийн эрэлт хэрэгцээ ганцхан Хятадаад л байсан юм шүү дээ гэж “Financial Times” бичиж байна. Одоо тэгвэл дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-д зэсийн эрэлт нэмэгдэх нь гэж шинжээчид тэмдэглэж байгаад хөрөнгө оруулагчид найдлага тавьж байна.
Зөвхөн зэс ч төдийгүй үйлдвэр­лэлийн металл цинк, никелийн үнэ ч өсч эхэл­лээ. Commerzbank банкийн шин­жээчид энэ өсөлтөд “Трампын ялалт нь зах зээлд оролцогсдыг идэвхжүүллээ” гээд энэ нь зах зээлийн суурь үзүүлэлтүүдийг өөрчлөхгүй гэжээ. “Citigroup”-ын шинжээчид  үнийн энэ өөрчлөлт он дуустал үргэлжилнэ гэж хүлээж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтад онцгой анхаарна гээд өөрийн өрсөлдөгч Хилари Клинтоны дэд бүтцэд оруулах 275 тэрбум ам долларыг “хамгийн багаар бодоход хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж амласан юм.
Трамп бас ойрын арван жилд дэд бүтцэд оруулах хөрөн­гийг нэг их наяд ам.дол­ларт хүргэнэ гэсэн нь хөрөн­гө оруулагчдыг зэсэнд анхаарлаа хандуулахад хүргэжээ.
Трампын үгээр бол дэд бүтцэд оруулах хөрөнгөө зам, гүүр барих, засварлахад илүүтэй оруулах юм байна.

Зэс нь үнэт бус металлын дунд арилжааны хэмжээгээрээ нэгдүгээрт ордог, дэлхийн эдийн засгийн барометр болд­гоороо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг үнэт түүхий эд юм. Гэхдээ “International Wrought Copper Council” (IWCC) буюу Олон улсын зэс үйлдвэрлэлийн зөвлөлийн тооцоогоор бол 2016 болон 2017 оны дэлхий дахины зэсийн эрэлт хэрэгцээ нэг их өөрчлөгдөхгүй баланс барина гэсэн байна. 2016 онд дэлхийн үйлдвэрлэгчид 22,38 сая тонн зэс хэрэглэсэн нь 2015 оныхоос хоёр хувиар илүү гарах юм байна. Харин 2017 онд зэсийн хэрэгцээ 2,6 хувиар өсөх багцаа харагдаж байгаа юм байна.

Лавлах: Өнөөдөр дэлхийн зэсийн нөөцийг гурван тэрбум тонн гэж тогтоосны 700 сая тонн нь усан дор байгаа гэдэг. Хайгуул хийсэн нөөц нь нэг тэрбум орчим боловч батлагдсан нь талаас арай илүү буюу 550 сая тонн. Манай хойд хөрш ОХУ-ын нутагт гэхэд л дэлхийн батлагдсан нөөцийг 3,1 хувь нь байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан