Т.ЖАНЦАН
Валютын ханш гээч зүйлийг хазаарлан тогтоож байдаг газар нь Монголбанк. Гэтэл сүүлийн хэд хоногт амгайвчилсан морь шиг л ам нь хүчрэгдэхгүй огцом савлаад тогтворжиж байна. Энэ огцом хөдөлгөөнд эгэл бор ардууд чирэгдэж импортын барааны үнэд дарлуулав. Цагаан будаа, элсэн чихэр гээд монголчуудын үйлдвэрлэж чаддаггүй барааны үнэ өсч ёстой нөгөө тансаг хэрэглээ болж хувирлаа. Харин ханшийн зөрүүнээс ашиг олж чадсан нь гадаад валютын “наймаачид” тоглогчид гэхэд хилсдэхгүй байх. Учир нь мөнгөний захын эрэлт нийлүүлэлтийг хамгийн их мэдэрч байдаг хүмүүс нь валютын ченжүүд, арилжааны банкууд. Ингээд өчигдөр 12 цагын үед “Найман шарга” валютын захаар орж ханшийн хөдөлгөөнийг сонирхсон юм. Валютын ченжүүд “Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэр, зурагтай ярилцлага өгөх боломжгүй. Чи самбар дээрх ханшийг л харчих. Тэгээд өөрөө дүгнэлтээ хийнэ биз дээ” гэсэн хариу өгөв. Харин “Уран уурагч валют арилжааны төв”-ийн валютын ченж нэгэн эмэгтэй “Валютын ханш нэг өдрийн дотор яагаад огцом өсчихөв гэхэд “Сүүлийн үед ам.доллар, юань, рубль сурсан хүмүүс их орж ирж байна. Ялангуяа ам.долларын эрэлт их байгаа.
Эрэлт нэмэгдэхээр угаасаа ханш өсдөг. Хүмүүс ямар мэдээлэлтэй болоод төгрөгийг гадаад валютаар сольж хэрэглээ өссөнийг бүү мэд. Гэхдээ ханш одоо огцом буураад байгаа шүү дээ” гэлээ. Бас нэгэн эмэгтэй ярианд оролцож “Арилжааны банкууд бүх гадаад валютын арилжаагаа зогсоосон. Энэ нь ханш хөөрөгдөх шалтгаан болсон юм. Гэхдээ ам.долларын ханш гэхэд л 300 орчим төгрөгөөр буугаад байна” гэлээ. Эдгээрээс гадна юань худалдан авч буй хижээл насны нэгэн эртэй таарав. Түүнээс “Та урд хөршид зорчих гэж байна уу? Ямар ажил эрхэлдэг вэ? Юанийн ханш ямар байна вэ?” гэж асуусан юм. Тэрбээр нэрээ хэлэхээс татгалзаад “Тийм. Урагшаа бараандаа явна. Бөмбөгөр худалдааны төвд гэр ахуйн барааны наймаа эрхэлдэг. Юанийн ханш өсчихөж. Уг нь гайгүй л байсан юм. Эдийн засгийн хямрал гээд хүмүүсийн худалдан авах чадвар бүр муудаад байна. Хүмүүс цалингаас цалингийн хооронд өр тавиад л амьдарч байна шүү. Худалдан авалт муудахаар бид бас түрээс төлөх, амьдралаа залгуулах гээд хэцүүхэн боллоо. Тэгээд ханш өсөхөөс өмнө хэдэн юань авч чадсангүй. Одоо барааныхаа үнийг нэмэх хэцүү. Нэмэхгүй байх хэцүү. Худалдан авалт улам л муудах байх даа” хэмээн хариулсан юм.
Ингээд хамгийн их эрэлттэй байсан ам.доллар, юань, рублийн ханш “Найман шарга” зах дээр өчигдөр ямар ханштай байсаныг сонирхуулъя. Нэг ам.доллар 2455 төгрөгөөр авч 2468 төгрөгөөр зарж байна. Юанийн авах ханш 360, зарах нь 364, рубль 37.5 төгрөгөөр авч 38.8 төгрөгөөр зарж эхэлжээ. Гэхдээ зарим газрын гадаад валют авах, зарах ханш нь өөр байсан билээ. Тухайлбал, ханшийн самбарт нь нэг ам.долларыг 2460 төгрөгөөр авч 2470 төгрөгөөр зарах үнэ бичээстэй харагдана. Мөн юань авах нь 360, зарах нь 364, рубль авах нь 37, зарах нь 40 төгрөгийн ханш ч байлаа.
Ингээд баасан гарагт ханш хэрхэн хөдөлсөнийг эргэн харая. Гадаад валютын “Найман шарга” зах дээр 14:30 цагийн үед нэг ам.долларыг 2720 төгрөгөөр зарж эхэлсэн. Тэгвэл 16:30 цаг гэхэд энэхүү ханш 2500 төгрөг болж 220 төгрөгөөр огцом буурчээ. Монголбанк валютын ханшийн огцом хөдөлгөөнийг хазаарлахын тул интервенц хийсэн. Тухайн үед гадаад валютын ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, валютын захад 72.4 сая ам.доллар, 73 сая юань тус тус нийлүүлэв. Үүнээс хойш ам.долларын ханш огцом буурч эхэлсэн байна.
Эдийн засагчид “Монгол Улсад орж ирэх ам.долларын урсгал хумигдсан, гадаад валютын албан нөөц бага байгаа тул Монголбанк ханшийг хазаарлан тогтоож чадахгүй байна. Иймд ханшийн зөрүүнээс ашиг олохыг санаархагчид дураар авирлах нөхцөл бүрдсэн” хэмээн тайлбарлаж буй юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргав. Үүнд “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна. Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэлээ.
Эдийн засагч Х.Батсуурь өөрийн цахим хуудсанд “Ам.долларын ханш ганцхан өдрийн дотор 2600 төгрөгт хүрч, даруй таван хувиар өссөн нь урьд хожид байгаагүй үзэгдэл. Ханшийн энэ огцом өсөлт хэд, хэдэн суурь шалтгаантай. Гэхдээ сүүлийн зургаан сарын туршид Монголбанк болон Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээнүүд ханшийн огцом өсөлтөд ихээр нөлөөлсөн юм. Үүнээс хоёр үйл явдлыг онцлон хэлье. Нэгдүгээрт: Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард олон улсын зах зээлээс 11 хувийн хүүтэй авсан 500 сая ам.долларын зээлийг сонгуулийн өмнө Монгол төгрөгт хөрвүүлэн зарцуулсан. Хоёрдугаарт: ХХБ-аас сонгуулийн өмнөх өдрүүдэд 500 орчим сая ам.долларыг ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахад зарцуулан гадагшлуулж дотоодын зах зээлд ам.долларын хомсдолыг бий болгосон явдал юм. Монгол улсад 400-500 сая ам.доллар нэг дор гарган том уул уурхайн компанийг худалдан авах чадалтай аж ахуйн нэгж, компани үнэндээ бол байхгүй. Харин ХХБ, түүний харьяаны гэх “Mongolian cоpper” компани хэрхэн яаж энэ их хөрөнгийг гаргав? ХХБ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авхад төлсөн 500 орчим сая ам.доллар нь үнэндээ манай Засгийн газраас ХХБ-нд гаргаж өгсөн баталгаагаар олон улсын зах зээлээс авсан зээл юм. 2015 оны тавдугаар сард ХХБ олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын зээлийг таван жилийн хугацаатай бонд гаргах замаар авсан. Гэхдээ энэ зээлийг бүтэлтэй болгосон ганц нөхцөл нь Монголын засгийн газар баталгаа гаргаж өгсөн явдал юм. Энэ их мөнгө өнөөдөр зах зээлээс гэнэт бан цунгаараа гараад явчихсан нь өнөөдрийн ам.долларын өсөлт, Монгол төгрөгийн уналтын нэг үндсэн шалтгаан болсон” хэмээн мэдээлэв.
Төв банкинд гадаад валютын нөөц хангалттай байвал ханшийг хазаарлан тогтвортой барьж чадна. Нэг ёсондоо ханш хөөрөгдөж ашиг хонжоо олохыг санаархагчид хөдөлж чадахгүй гэсэн үг. Гэтэл Монголбанкинд нэг тэрбум гаруй ам.долларын нөөц бий. Урд нь дөрвөн тэрбум гаруй ам.долларын нөөцтэй байхад ханшийн хөөсөрсөн савалгаа гарч байгаагүй. Ханшийн ийм савалгаа дахин гарвал төв банкны авах арга хэмжээ улам хумигдаж гарцгүй шахам болж буйг улсын гадаад валютын нөөц илтгэж байна. Гадаад валютын нөөц буурч багасах тусам Монгол Улсын төлбөрийн чадвар муудаж буйг илтгэж байгаа хэрэг. Ийм ч учраас манай улсын зээлжих зэрэглэлийг олон улсын санхүүгийн шинжээч агентлаг “S&P” болон “Moody’s” шат дараалан бууруулсан билээ. Үүнээс гадна зээлжих зэрэглэл бууруулахад экспортын орлого, хөрөнгө оруулалт шууд нөлөөлдөг. Гэтэл манай улсад гадаад валютын нөөц, экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт бүгд буураад буй юм. Зээлжих зэрэглэл буурахаар Монгол Улсад орж ирэх зээл, бондын хүү нэмэгддэг. Тэгэхээр манай улсад орж ирэх ирэх зээл, хөрөнгө оруулалтын зардал өсөх болно. Ийм учраас зээлжих зэрэглэл муутай оронд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурдаг жамтай. Энэ бүгд нь Монгол Улсын Засгийн газрыг нэн тэргүүнд гадаад валютын нөөцөө өсгөх, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг л хэлээд байгаа юм.
Нөгөө талаар Монгол Улсад өнөөдөр валют арилжааны нэгдсэн бааз суурь алга. Ийм учраас валютын захад тоглогчдоос ченжүүд үү, арилжааны банкууд уу эсвэл өөр хүчин зүйл валютын ханшийг тодорхойлоод байгааг мэдэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр валют арилжаалагчид, худалдан авагчдын мэдээлэл зөрүүтэй байгаа тул ханшийн огцом хөдөлгөөн үе үе гараад байна гэж ойлгож болох нь. Өнөөдөр Монголбанк валютын захын хөдөлгөөнийг ажиглахын тулд долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад дуудлага худалдаа зохион байгуулж буй юм. Нэг ёсондоо гадаад валютын эрэлт, нийлүүлэлт, ханшийг уг дуудлага худалдаагаар л хянаж, зохицуулж байгаа. Тэгэхээр гадаад валютын нэгдсэн бааз суурьтай, сүлжээтэй болох шаардлага зүй ёсоор гарч байна. Монголбанк уг нь ийм бааз суурьтай болно гэж сүүлийн жилүүдэд мөнгөний бодлогодоо тусгаж ирсэн. Гэвч өнөөг хүртэл ажил хэрэг болсонгүй. Үүнийгээ судалгаа шинжилгээ хийж байгаа хэмээн тайлбарладаг. Хэрэв ийм мэдээллийн сүлжээ, бааз суурьтай болчихвол хэн, хэзээ, хэдий хэмжээний ямар гадаад валют, хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа нь тодорхой болно. Хамгийн гол нь хэн дуртай нь ханшийн хөөсрөлт гаргаж чадахгүй. Нэг ёсондоо Монголбанк ханш гэдэг “хачин жигтэй морийг” хат сайтай амгай нь тэнийхгүй, амнаас нь мултрахгүй чанар сайтай хазаараар хазаарлаж авна гэсэн үг.