Б.БАДРАЛ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсныг дэлхийн улс орнууд янз бүрээр хүлээн авлаа. Манай хойд ба урд хөршийнхөн энэ мэдээг тун тааламжтай хүлээн авсан бол Европын холбоо, Америкийн талыг баримтлагч бусад улс юу гэж хэлэхээ ч мэдэхгүй сууна. Италийн “La Stampa” сонин Америкийн сонгуулийн үр дүнгийн талаарх нийтлэлээ “Трамп ялчихлаа, солиормоор юм! Нэгэн эрин үе дууслаа” гэж гарчигласан нь Европын улс төрийн элитүүд ямар байдалд байгаагийн тод жишээ гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй байх. Италид шинээр гарч ирсэн ч гэлээ богино хугацаанд нэр, нөлөөтэй болсон “Таван одын хөдөлгөөн” нэртэй улс төрийн хүчний тэргүүн Беппе Грилло нь блог дээрээ энэ тухай бичихдээ “Солиормоор. Энэ бол бүхэл бүтэн эрин үе тэсэрч үгүй болсон хэрэг. Мэдээлэл, ТВ, том сонинууд, сэхээтний өндөрлөгүүд, сэтгүүлчдийн сүйрэл. Энэ бол бүгдэд САЛААВЧ үзүүлж байгаа хэрэг” гэжээ.
Америк ба өрнөдийн хэвлэл мэдээллийн бүх том агентлагууд, сонин сэтгүүлүүд, Холливудын олон одод, улс төр судлаачид, гадаадын дийлэнх улстөрчид Трампыг таахын аргагүй авир араншинтай, хэвийн бус гэж шүүмжлээд, бүгд Клинтоныг дэмжин үг хэлж, Клинтон ялаад АНУ нь хар арьст Ерөнхийлөгчийн дараа анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө сонгон дэлхий даяар жинхэнэ супер ардчилсан улс гэдгээ харуулна гээд баярлалдаж, Клинтон ялалтын буудлагаа захиалаад байсан тул Трамп ялсан явдал энэ хүмүүст жинхэнэ “салаавч” үзүүлсэнтэй адил зүйл болсон нь гарцаагүй.
Трампын төлөө саналаа өгсөн хүмүүсийн дийлэнх нь том хотуудын ойролцоох дагуул хотууд, хөдөө орон нутгийнхан, 45-аас дээш насны, техникийн тусгай дунд мэргэжил эзэмшсэн, гэр бүлтэй, жилдээ 50 мянгаас дээш орлоготой ажил эрхэлдэг, цагаан арьстнууд байсан. Өөрөөр хэлбэл консерватив үзэл баримтлалтай, харьцангуй хангалуун амьдралтай, дэлхийн улс төрийн байдлыг бус харин өөрсдийн ашиг орлого, бизнесийн амжилтыг голлон анхаардаг, прагматик үзэлтэй, бодит баялаг бий болгогч гэж тодорхойлогддог нөхөд байв. Олны танил од гэсэн статустай хүн болгон шахуу Трампыг муулаад байхад яагаад эдгээр америкчууд түүний төлөө саналаа өгсөн бэ?
Дотоод бодлого
Юуны өмнө тэрээр Ерөнхийлөгч болвол эхний 100 хоногийн дотор хийх бодит арга хэмжээгээ дэлгэрэнгүй тайлбарласан явдал үүнд багагүй нөлөөлсөн. Трамп Ерөнхийлөгч болоод эхний 100 хоногийн дотор хэрэгжүүлэх ажлын дотор “Би техникийн мэргэжлийн боловсрол олгох сургалтыг сэргээнэ. Тааруухан сурлагатай ч хөдөлгүүр засдаг, хана барьдаг хүүхдүүд байдгийг сургуульд сурсан хүн болгон санаж байгаа байх. Тэд гайхалтай зүйлс хийж чаддаг хүмүүс. Машин маш сайн засдаг алтан гартай атлаа түүх мэддэггүй, физик мэддэггүй хүмүүс байж л байдаг. Тэд бүгд гайхалтай хүмүүс, тэдний төлөө бид техник мэргэжлийн боловсрол олгох сургалтаа эргүүлэн сэргээх ёстой” гэсэн. Тиймээс Трапмын төлөө санал өгсөн хүмүүсийн дотор техникийн тусгай дунд мэргэжил эзэмшсэн хүмүүс олонх байсанд гайхах зүйл ер үгүй. Ингээд зогссонгүй тэрээр “Америкийн нутаг дахь газрын тос, шатдаг хий, занар гэх мэт эрчим хүчний нөөцийг олборлох, боловсруулахтай холбоотой бүх хоригийг үгүй хийнэ. Энэ бол 50 их наяд ам.доллар, олон мянган шинэ ажлын байр. Манай уурхайчид ахиад ажилдаа орох ёстой“ гэсэн төдийгүй ажилчдын цалин бага, зардал доогуур гэсэн шалтгаанаар Америкийн том компаниуд Хятад, Мексик руу үйлдвэрүүдээ гаргах явдлыг зогсоож, шинэ ажлын байр бий болгоно гэсэн. Бага цалин хөлстэй гэдгээрээ жирийн америкчуудын хийж болох ажлын байрыг булааж байгаа хууль бус цагаачдыг бүгдийг нь нутаг руу нь албадан гаргаад шинэ ажлын байр бий болгоно гэсэн. Трамп гадаад улс орнуудад ардчилал тогтоох нэрийдлээр олон тэрбум ам.долларыг юунд зарцуулсан нь мэдэгдэлгүй үрдэг явдлыг зогсооно, тэр их мөнгийг улс орондоо зарцуулна гэсэн.
Товчхондоо техникийн тусгай боловсрол бүхий олон мянган хүнийг ажлын байраар хангах асуудлыг шийдэх гарцыг заасан. Иймэрхүү арга хэмжээ авсаар 10 жилийн дотор 25 сая хүнийг ажлын байраар хангана гэсэн нь тусгай дунд боловсролтой хүмүүст сайхан сонсогдохоос өөр аргагүй. Америкийн нийгмийн олонх байдаг дундаж давхаргын татварыг бууруулна бизнес эрхлэх татварыг 35 хувь байсныг 15 болгож бууруулна, оффшор бүсүүд рүү их хэмжэээний мөнгө гаргасан том компаниудад хөрөнгөө Америкт эргүүлж ирэхэд элдэв торгууль шийтгэл оноолгүй өршөөлд хамруулна гэх зэрэг нь бүгдэд нь таалагдсан нь мэдээж. Хүүхэд ба өндөр настныг харахад зарцуулсан мөнгийг татвар ногдуулахдаа оруулан хасна гэх прагматик хүмүүст энэ бүхэн тун таатай сонсогдсон байгаа.
Мөн сүүлийн үед шүүмжлэлийн гол бай болоод байгаа Америкийн төв Засгийн газартай холбоотой хүнд суртлыг арилгана гэж. Юуны өмнө Конгрессийн гишүүдийн дахин сонгогдох боломжийг хязгаарлана гэдгээ мэдэгдсэн. Цэрэг, нийгмийн аюулгүй байдал ба эрүүл мэндээс бусад салбарт бичиг цаастай зууралддаг шинэ албан тушаал үүсгэхгүй, албан тушаалтнуудыг тоог тууштай цөөлнө. Конгресс ба Засгийн газрын гишүүдийн албан тушаалаасаа буусны дараа таван жилийн турш ямар нэг бизнесийн эрх ашгийг лоббидохыг хориглоно. Энэ бол сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийг нь тууштай эсэргүүцсэн хуучин элитүүдийн санхүүжилтийг бүрэн хаана гэсэн үг. Жирийн америкчуудад энэ бүх мэдэгдэл таалагдсан нь мэдээж.
Гадаад бодлого
Америкийн гадаад улс төрийн бодлогод ч багагүй өөрчлөлт гарч магадгүй. Улс төрийн өндөрлөг, эрх баригчид нь Клинтоныг дэмжсэн мэдэгдэл удаа дараалан хийж байсан улсууд “ам алдвал барьж болдоггүй” гэсэн үгийг санаад дэлхийн №1 улсын гадаад бодлого хэрхэн эрс өөрчлөгдөхийг чимээгүй л харж суухаас өөр арга үлдсэнгүй. Трамп асар их амбицтай, өөрийг нь элдэв үгээр дайрч доромжилсон, гутаах гэсэн хүмүүсийг үл тэвчдэг гэдгийг түүний оролцдог, удирддаг байсан янз бүрийн шоу харуулдаг. Гадаад бодлогын түвшинд түүнийг Оростой хамтарснаар Америкийн эрх ашгийг уландаа гишгэлнэ, Асадын эсрэг сөрөг хүчнийг дэмжихгүй бол “Лалын улс” Сирид ялна гэж сүрдүүлж байсан хүмүүст нэн даруй хариу өгөх шаардлага гарна. Иймд Трамп өөрийнх нь явуулах шинэ гадаад бодлого “Лалын улс” бүлэглэлийг дэмжих бус устгахад чиглэсэн гэдгийг харуулахыг хүснэ. Тиймээс эхний ээлжинд Сирийн иргэний дайн, Асадын эсрэг бүлэглэлүүдийн талаарх Америкийн бодлого яаж өөрчлөгдөхийг бүгд хүлээж байна.
Сири ба “Лалын улс”
Пуэрто-Рикогийн Интер-Америк их сургуулийн профессор, батлан хамгаалах салбарын шинжээч Лажо Зезди нь “Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлын явцад амалж байсныхаа дагуу “Лалын улс” алан хядагч бүлэглэлийг ялах гэсэн ганц зорилгоор Оростой хамтарч, Ази ба Хойд Африк дахь исламын шашны суннит урсгалынханы явуулж байгаа алан хядлагын эсрэг цэргийн болон тагнуулын хамтарсан ажиллагаа зохион байгуулна. Исламын терроризмын эсрэг Орос ба Америкийн энэхүү хамтарсан тэмцэл нь НАТО ба Оросын хооронд Европт үүсээд байгаа түгшүүртэй байдлыг намжаан, АНУ ба ОХУ хоорондын харилцааг хэвийн болгоно” гэжээ. Наанадаж л Сири дэх “ардчилсан сөрөг хүчин” гэгчид багтдаг гэх бүлэглэлүүдэд зэвсэг мөнгөөр туслах явдлыг зогсоож магадгүй.
Мөн Трамп нь Америкийн эдийн засгийг өсгөх, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэсэн тул Батлан хамгаалахын зардал, төсвийг ихээхэн танаж болзошгүй байгаа. Хэрэв энэ бүхэн хэрэгжээд эхэлбэл Ойрхи Дорнод руу Америкийн цэрэг илгээх, байлдааны ажиллагаа явуулах гэсэн зүйлс зогсоно.
НАТО ба Европ, Украйн
Ингээд зогсохгүй Трамп нь сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр өмнөх Ерөнхийлөгч нарын явуулж байсан улс орнуудын дотоод хэрэгт ил цагаан хөндлөнгөөс оролцох “түрэмгий бөгөөд булаан эзлэх” бодлогыг орхино гэж мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч болсны дараа өмнө амлалтуудаа гэнэт мартахгүй л бол Европ ба НАТО-той холбоотой ихээхэн өөрчлөлт гарахаар боллоо. Эхний ээлжинд Трамп нь НАТО-ийн гишүүн бусад улсуудаас батлан хамгаалахын зардлаа үгээр бус үйлдлээр нэмэгдүүлэхийг хатуу шаардах байх. Америкийг НАТО-г санхүүжүүлдэг цор ганц улс байхыг цаашид хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдийнх нь аюулгүй байдлын талаар яригдаж байгаа тул европчууд Америктай адил тэнцүү биш юм гэхэд нэг их дутахааргүй мөнгө гаргаж байх ёстой тухай Трамп удаа дараалан мэдэгдэж байсан юм.
Орос ба АНУ
Оростой зөвшилцөх, найрсаг харилцаатай байх хэрэгтэй гэж Трамп удаа дараалан мэдэгдэж байсан. Мөн Крымийн хойгийг Оросын газар нутгийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх нь зүйтэй ч гэсэн. Иймд Крымийг Оросын нутаг гэж хүлээн зөвшөөрдөггүй юм гэхэд Украйны эрх баригчдад мөнгө санхүү, зэвсэглэлээр туслах явдал нэлээд хумигдаж магадгүй. Ингээд зогсохгүй дотоод эдийн засгаа сэргээхийн тулд Европ дахь Америкийн цэргийн баазуудыг хааж эхэлж магадгүй тухай яригдаж байна. Энэ бол Оросын хувьд тун ч таатай мэдээ.