Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн өсөлтийг гурван хувиар төсөөллөө


Ирэх гурван жилийн эдийн засгийн нөхцөл байдлын төсөөлөлд суурилан төсвийн орлого, зарлагад баримтлах, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхой болгодог ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Эдийн засгийн үндсэн үзүүлэл­түүдийн зорилтыг харвал, ДНБ 2017 онд 3, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувиар өсөхөөр төсөөлсөн байна. Мөн ирэх онд төсвийн орлого 6.1 их наяд, 2018 онд 6.8, 2019 онд 7.5 их наяд төгрөг байхаар төсөөллөө. Энэ төсөөллөөр төсвийн орлого зарлагаа гүйцэхгүй бөгөөд 2019 онд 1.8 их наяд орчим төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа юм.

Эдийн засгийн өсөлт

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл (Тавантолгойн төмөр зам орсон), Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцын 250 мВт-ын өргөтгөл зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болон эрчимжүүлэх ёстой. Энэ төсөөллөөр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2017 онд 3 хувьд хүрэх төлөвтэй гэж үзсэн юм байна.
Харин Оюутолгойн зэсийн баяжмал, түүнд агуулагдах зэс, алтны агууламж энэ оноос эхлэн багасч байгаатай холбогдон уул уурхайн салбарын өсөлт 2017 онд 4.4 хувиар буурах хандлагатай байна. Гэхдээ 2017 онд цахилгаан дулааны салбар гурван хувиар өсөхөөр байгаа нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэжээ. Энэ нь нэг талаасаа 2014 онд ашиглалтад оруулсан III, IV дулааны цахилгаан станын өргөтгөл, 2015 онд ашиглалтад оруулсан “Амгалан” дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллахаар тооцоолж байгаатай холбоотой аж.
Мөн 2017 онд зэс, молибдени, газрын тосноос бусад уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүд болох нүүрс 16.3 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 5.7 хувиар тус тус өсөхөөр тооцоологдож байгаагаас тээвэр агуулахын үйлчилгээний салбар 10.1 хувиар, бөөний болон жижиглэн худалдааны салбар 5.1 хувиар, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбар 3.1 хувиар тус тус өсч, үйлчилгээний салбар нийт дүнгээрээ 4.7 хувиар өсөх тооцоо хийжээ.
Дээрх төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2017 онд барилгын салбарыг 3.6 хувиар өсөхөөр тооцоолсон байна. Дунд хугацаанд уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж хөрөнгө оруулалт нэмэгдэхээр тооцоолсны үндсэн дээр барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбар, тээвэр агуулахын үйл ажиллагааны салбар зэрэг уул уурхайн бус салбарын өсөлт ирэх жилүүдэд нэмэгдэж Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 7.1 хувьд хүрэх хандлагатай гэж үзжээ.

Инфляц

Энэ оны наймдугаар сард зарим хүнсний бүтээгдэхүүний улирлын онцлогоос шалтгаалсан нийлүүлэлтийн өсөлт дефляци үүсэх гол нөхцөлийг бүрдүүлсэн бол ханшийн сулралтай холбоотойгоор 2016 оны эцэст импортын барааны үнэ өсч байгаатай уялдуулан хүлээгдэж буй гүйцэтгэлээр инфляц 2.7 хувь болохоор байна.
Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн төлөв, хөрөнгийн урсгал, гадаад өрийн тогтвортой байдал, түүний эргэн төлөлт, төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдал, санхүүгийн салбарт үүсч болзошгүй сөрөг нөлөөлөл, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, иргэдийн бодит орлого зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, 2017-2019 онд инфляцын зорилтот түвшинг 8 хувиас хэтрүүлэхгүй байхаар таамаглажээ.

Валютын ханш

Монгол улсын төлбөрийн тэнцэл ирэх онд 490 орчим сая ам.долларын алдагдалтай гарахаар хүлээгдэж байгаа. Үүнд урсгал данс 825 сая ам.долларын алдагдалтай, хөрөнгө, санхүүгийн данс 436 сая ам.долларын ашигтай гарахаар байгаа юм.
Оюу толгой компани бүтээн байгуулалтын хүрээнд гүний уурхайн санхүүжилтийн эх үүсвэрээс 1.1 тэрбум ам.долларыг 2017 онд ашиглахаар тооцсон. Мөн Төв банкнаас бодлогын хүүг нэмсэн болон цаашид төгрөгийн активын өгөөжийг хамгаалах хүрээнд шат дараатай арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа тул төгрөгийн ханш өмнөх оноос огцом сулрахгүй гэж үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан