Б.МЯГМАРЖАВ
Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан борлуулалт муу байгаа талаар үлйдвэрлэгчид гомдоллож байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмжиж ирсэн болон шинээр байгуулагдсан Засгийн газар ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмжих, ямар бодлого баримтлах тухай ЖДҮХСангийн Зээл төслийн мэргэжилтэн Я.Содсоёмботой ярилцлаа.
-ЖДҮХ сангаас өнгөрсөн онд хэдэн аж ахуйн нэгжид хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгоод байна вэ?
-2015 онд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 66 дугаар тогтоолыг батлуулснаар үйлдвэржилтийг эрчимжүүлэх экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор Хөгжлийн банкны 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс 44,8 тэрбум, өмнөх онуудын эргэн төлөлтөөс 12 тэрбум төгрөг, Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 100 тэрбум төгрөгийн үлдэгдэл болох 3,4 тэрбум төгрөг буюу нийт 60,2 тэрбум төгрөгөөр 398 төслийг санхүүжүүлсэн байна. Эдгээр төслийг хамтран ажиллах гэрээ байгуулсан арилжааны банкнуудаар дамжуулан олгосон.
-Янз бүрийн эх үүсвэрээс олон төрлийн зээл олгоод байдаг. Ер нь, зээлийн эргэн төлөлтөд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн онд Аж үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар, Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хамтарсан баг гарч хяналт шалгалт хийсэн. Ингэхдээ 21 аймгийн 166 сум, нийслэлийн есөн дүүрэгт 419,7 тэрбум төгрөгийн зээл авсан 1680 төслийн 88 хувь буюу 1479 төсөлд мониторинг хийсэн. Мониторингийн дүнгээр зээлийн хэрэгжилт 1479 төсөл буюу 95,9 хувь нь хэвийн хэрэгжилттэй байна.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх гол зорилго бол иргэдээ ажилтай орлоготой болгох. Төслийн хүрээнд хэдэн ажлын байр шинээр бий болгоод байна вэ?
-Өнгөрсөн оны байдлаар 270 үйлдвэр аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөгдөж, 128 үйлдвэр аж ахуйн нэгж шинээр байгуулагдсанаар 1902 ажлын байр шинээр нэмэгдэж, 1260 ажлын байр хадгалагдан үлдсэн.
-Зээлдэгчид гол тулгарч байгаа ямар бэрхшээл байна вэ. Өмнө нь барьцаа хөрөнгө дээр бүдэрдэг байсан?
-Одоо Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгийг хариуцаж байгаа болохоор энэ тал дээр санаа зоволтгүй болсон. Харин банкуудын шалгуур тэр дундаа зээлийн эрсдэлийн судалгаа болон эргэн төлөлт дээр унаж байна.
-Ирэх жилээс ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмжихээр төлөвлөж байна вэ. Тэдэнд ямар боломж нөхцөл бий болгож өгөх вэ?
-Энэ жил ЖДҮ-ийг хөгжүүлэхэд баримтлах түр журмыг Засгийн газар өчигдөр /уржигдар/ баталсан. Энд, ямар журмаар хэрхэн зээл олгох, аль салбарт түлхүү зээл өгөх талаар тусгасан. Уг журамд хуулийн зүйл заалттай холбоотой нэмэгдэх болон хасах зүйлүүд бий. Үүнийг Хууль зүйн яам хянаад эцсийн байдлаар гаргана.
-Танай газрын зүгээс зээл олгоход ямар үүрэгтэй оролцдог вэ. ЖДҮ-ийн зээл очих ёстой үйлдвэрлэгчдэдээ очихгүй байна. Танил тал арын хаалга хардаг гэдэг?
-Манай газар төслийн сонгон шалгаруулалтыг явуулж, арилжааны банкууд руу хүргүүлдэг. Мөн ЖДҮ-ийн зээлийг хаана хандаж хэрхэн авах талаар зөвлөгөө мэдээлэл байнга хүргэдэг.
-Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан үйлдвэрлэгчид борлуулалт байхгүй орлого муу байна гэж байсан. Танай газарт байдал хэцүү байгаа тухай санал хүргүүлсэн аж ахуйн нэгж байна уу?
-Зээлийн графикаа өөрчлүүлэх талаар хэд хэдэн аж ахуйн нэгж санал ирүүлсэн. Бид эндээс хянаад үнэхээр бараа бүтээгдэхүүн нь борлогдохгүй ажилчдын цалингаа тавьж чадахгүйд хүрч үүдээ барих гээд байна уу, үгүй юу гэдгийг судалж зээлийн эргэн төлөлтийн графикийг өөрчлөх тохиолдол гарч байна. Энд тэд гэсэн тоо хэлмээргүй байна. Бусад олон аж ахуйн нэгжүүд барьцах эрсдэлтэй.
-Борлуулалтыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-ХХААХҮЯ-наас Намрын ногоон өдрүүд болон бусад төрлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахдаа болж өгвөл манайхаас зээл авсан үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж оролцуулдаг. Ингэхдээ түрээсийн төлбөр авдаггүй. Энэ нь нэг төрлийн дэмжлэг болдог гэдгийг үйлдвэрлэгчид хэлдэг. Мөн дотоодоос гадна гадаадад зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаа, сургалт, бизнес форумд оролцуулдаг.
-2016 онд ЖДҮ-ийн зээлд мөнгө төсөвлөөгүй гэж байсан?
-2016 онд 70 тэрбум төгрөгийн үлдэгдэл эх үүсвэрээс 52 төсөлд 23,28 тэрбум, өөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 51 төсөлд 15,9 тэрбум төгрөг ингээд 102 төсөлд 39,2 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон.