Төрийн ордонд энэ сарын 17-нд болох “Хөгжилд оюутан миний оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийн талаар "Отгонбаяр" сангийн гүйцэтгэх захирал М.Мөнхсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Олон улсын оюутны өдрийн хүрээнд зохион байгуулах чуулганд 1000 оюутан залуус оролцож, эрүүл, ухаалаг, мэдлэгтэй, хариуцлагатай чадвартай оюутан бий болгох асуудлыг хэлэлцэж, "Оюутанд ээлтэй сургууль, багш"-ийг алдаршуулах юм байна.
Мөн оюутнуудад чиглэсэн ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Би чадвартай оюутан” “Эрүүл оюутан” төсөл хөтөлбөрт оролцогч оюутнуудыг хамруулж, олон улсын хэмжээнд гадаадад суралцах боломж, мэдээллээр байнга ханган, хамтран ажиллахаар зорьж байгаа аж.
Чуулга уулзалтанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүрэлцэн ирж оюутан залуустай санал бодлоо хуваалцахаас гадна оюутнуудын дунд өвчлөл их байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа хүрэлцэн ирж оюутан залууст зөвлөмж хүргэн, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар илтгэл тавих аж.
Харин гадаад улсад суралцахыг хүссэн залуустаа зориулан Харвард Их Сургуульд бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан н.Эрдэнэболд өөрийн сурсан мэдсэн гээд бүхий л талын мэдээлэл өгөх тун хэрэгтэй илтгэл тавихаар болсон байна.