Б.БАДРАЛ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Дональд Трамп ялсан мэдээлэл дэлхий даяар олон орны улс төрийн удирдлагыг шоконд оруулав. Тухайлбал, ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен Америкийн сонгуулийн үр дүнг “Маш хүчтэй шок” гэж тайлбарлажээ. Тэрээр “Үйл явдал хэрхэн өрнөхийг хараад би том шоконд орсон. Гэхдээ энэ сонгууль Трампын төлөө гэхээс илүүтэйгээр Вашингтоны эсрэг, эрх баригч элит давхаргын эсрэг үйлдэл болсон гэдгийг тэр хүн ойлгож байгаа байх” гэжээ.
Өөрөөр хэлбэл “За, яах ва, чиний ялсан тэндээ л юм байгаа биз. Бидэнтэй эелдэг харилцах ёстой шүү” гэж хэлсэнтэй адил мэдэгдэл хийж. Трамп Ерөнхийлөгч болвол НАТО-д эрс шинэчлэл хийн бүх зардлыг АНУ дангаар төлдөг явдлыг үгүй болгоно, гишүүн улсууд бүгд адил хэмжээтэй төлбөр хийх ёстой, эс бөгөөс НАТО-г татан буулгах нь зүйтэй гэж мэдэгдэж байсан тул Германы Батлан хамгаалахын сайд шоконд орохоос аргагүй. НАТО-гийн санхүүжилтээс АНУ татгалзвал хамаг ачаалал ХБНГУ-д ногдож таарах тул иймэрхүү мэдэгдэл хийж байгаа нь харин ч хүлээцтэй, тэвчээртэй мэдэгдэл гэх судлаачид цөөнгүй байна.
Трампын гадаад бодлогыг ерөнхийдөө “Гадаад улс орнуудад ардчилал тогтоох гэж Америкийн татвар төлөгчдийн олон тэрбум долларыг үрэхээ болино. Та нар АНУ-тай найрсаг харилцаатай л бол ардчилсан байна уу, үгүй байна уу огт хамаагүй. Бид одоо дотоод асуудалдаа илүү анхаарна” гэж тодорхойлж болох юм.
Тиймээс Сири, Украйн, Ирак, Афганистан гэх мэт улсуудтай холбоотой асуудал дээр Орос ба АНУ, Европын холбоо хоорондын харилцаа тааж хэлэхийн аргагүй өөрчлөгдөх болж байна.
Жишээлбэл, Украйны улс төрийн өндөрлөг цаашид яах ёстойгоо сайн мэдэхгүй сууж байна. Учир нь, тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Клинтоныг дэмжсэн, Трампыг доромжилсон мэдэгдэл олныг хийж, түүгээрээ гайхуулж байсан юм. Украйны Дотоод хэргийн сайд Аваков долдугаар сарын 31-нд “Путиний дарангуйллыг дэмждэг хэвийн биш үзэлтэй хүн АНУ ба дэлхий дахины ардчиллын баталгаа болно гэдэг байж боломгүй зүйл” гэсэн. Экс Ерөнхий сайд Яценюк “Трамп сонгуульд ялах нь соёл иргэншил ба ёс зүйн зарчмын эсрэг хийж буй гэмт хэрэг. Америкчууд илүү ухаантай бөгөөд хариуцлагатай Ерөнхийлөгч, Ерөнхий командлагчтай байх эрхтэй” гэж мэдэгдэж байв.
Ерөнхийлөгч Порошенкогийн талын фракцад ордог Арьев нь Трампыг “хоосон амлагч, популист” гэсэн бол фракц нэгтэн Денисенко “Трамп бол бөөгнөрсөн олны санаанд нийцүүлэхийн тулд юу дуртайгаа ярьдаг усан тэнэг” гэж мэдэгдэж байв. Дональд Трамп сонгуулийн өмнөх кампаниит ажлын үеэр Крымийн хойгийг ОХУ-ын бүрэлдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж мэдэгдсэн нь Украйны улстөрчдийн уурыг ихэд хүргэсэн тул энэ мэтээр элдэв үгээр дайрч давшилсан байна. Харин одоо доромжилж, давшлаад байсан хүн нь Ерөнхийлөгч болохоор юу гэж ярьж эхлэхийг Украйны сөрөг хүчин хүлээж сууна. Трамп Украйны улстөрчдийн энэ мэт үгэнд уурлаж, тэднийг Олон улсын валютын сан, Дэлхийн банк гэх мэт байгууллагуудаар дамжуулан дэмжихээ зогсоовол яах вэ? Орост төлөх ёстой гурван тэрбум ам.долларыг өрийг яаж шийдэх вэ? Украйны армид давшилтын зэвсэг нийлүүлэх асуудал яаж шийдэгдэх вэ? Украйны зүүн нутагт Малайзын онгоцыг унагасан хэрэгтнийг тодруулах гэх мэт олон асуудал тун ярвигтай болж хувирлаа.