Н.БАТ
Шинжлэх Ухаан технологийн Их сургуулийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, ШУА-ийн академич, ШУА-ны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш С.Батмөнхтэй Монгол Улсын Эрчим хүчний салбарын өнөөдөр ба ирээдүйн талаар ярилцлаа.
Тэрээр Монгол Улсад инженерийн боловсролыг олгож эхэлсний 55 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд “Эрчим хүчний салбар дахь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн өнөө ба ирээдүй” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
-Таны илтгэлд “эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд манай улсад хамгийн их нөөцтэй нүүрсээ түшиглэн цахилгаан станц байгуулах нь ашигтай” гэж дурдагдсан. Гэтэл дэлхий нийтээрээ нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх технологиос татгалзаж байна. Хэдийгээр манайд сэргээгдэх эрчим хүч ашиглах буюу усан цахилгаан станц барих тухай асуудал яригдаж байгаа ч хойд хөрштэй зарим нэг талаар үл ойлголцол үүсээд байдаг?
-Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан чадал маань өнөөдөр 1170 Мвт орчим байна. Гэхдээ манай эрчим хүч үйлдвэрлэгчид үүнийг нэгэн зэрэг үйлдвэрлээд гаргаж чадаж байна уу гэвэл үгүй. Одоогоор 800Мвт орчмыг үйлдвэрлэж байгаа юм. Хэрэглээтэйгээ харьцуулбал балансаа барьж байна гэж ойлгож болно.
Хэдий тийм ч Монгол Улс эрчим хүчний зайлшгүй нөөцтэй байх шаардлагатай. Өнөөдөр ОХУ-ын эрчим хүчний систем л манай нөөцийг хангаж байгааг хүн бүр мэднэ. Тэгэхээр шинэ эх үүсвэр барих шаардлагатай. Нүүрсний хувьд Монгол Улс нөөцөөрөө дэлхийд 8-д жагсдаг. Нүүрсний цахилгаан станцаар цахилгаан дулааны гол үйлдвэрлэлээ хангаж байна. Цаашдаа ч үүнээс татгалзахгүй, экологийн цэвэр технологи руу шилжүүлж, хөгжүүлэх бодлого барьж байна. Мэдээж тогтвортой хөгжил, экологийн асуудал, дэлхийн дулааралтай холбогдуулаад сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах нь зайлшгүй. Өнөөдрийн байдлаар нийт эрчим хүчний 6,3 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.
-6,3 хувь гэдэг хангалтгүй тоо гэж хэлж болох уу. Одоогоор сэргээгдэх эрчим хүч гэдэг бага чадлын салхин станц, Тайширын усан станцаар л хязгаарлагдаж байгаа байх л даа?
-Дарханд 50 мВт-ын нарны станц удахгүй ашиглалтад орох гэж байна. Мөн 50,100 мВт-ын нар, салхины станц ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа юм. Гэхдээ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд бид сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор нэг квт эрчим хүч худалдаж авах үнийг нэлээн өндөр тогтоосон. Дээд хязгаар нь 60 цент бол доод хязгаар нь 15 цент байгаа санагдаж байна. Гэтэл нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг станцуудын хувьд 7-8 цент. Ийм өндөр зөрүүг төрөөс нөхдөг. Цаашдаа ч ийм зарчмаар явах байх. Сэргээгдэх эрчим хүч гэдэг хүссэн цагт тогтмол үйлдвэрлэл явуулаад байх боломжоор хомс. Жишээ нь, нараар зөвхөн өдөр эрчим хүч үйлдвэрлэдэг. Эрчим хүч гэдэг тасралтгүй үйлдвэрлэл явуулж байх ёстой салбар учраас заавал нөөцтэй байх ёстой. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 15 хувиас нэг их нэмэгдүүлдэггүй практик дэлхийн олон улсад бий.
-Гэхдээ Эг, Шүрэнгийн усан цахилгаан станцын ач холбогдлыг нэлээн өндөр үнэлж байгаа. Эрчим хүчний нөөц бүрдүүлэх, маневрлах боломжтой болно гэх мэт.
-Мэдээж, 250 мВт-аас дээш хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулбал эрчим хүчний системийн маневрлах чадвар, нийт горимд оруулах нөлөө нь шууд өөр болно. Эг, Шүрэнгийн усан цахилгаан станцаа аль болох яаралтай байгуулах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр хайхаас илүүтэйгээр энэ хоёр том усан станцынхаа аль нэгийг заавал барих асуудлыг шийдэхэд төр засаг, эрдэмтэд маань хамтраад анхаарал хандуулах ёстой болоод байна.
-Манай зүгээс харин ч ажил нааштай явагдаж байна уу гэж бодсон. Гэвч хойд хөршөөс Байгаль нуурын экологийн зүй тогтоц гэсэн асуудал тавиад, манай ажлыг гацаачихлаа гэж ойлгож байгаа шүү?
-Шүрэнгийн цахилгаан станц бол Сэлэнгэ мөрөн дээр байгуулах учраас Байгал нуурын эко системд нөлөөлөх эрсдэл нь өндөр. Тиймээс Оросын Сибирийн салбарын ШУА-ийн эрдэмтэд болон манай эрдэмтэд хамтран томоохон судалгаа хийх төсөл хэрэгжүүлсээр ирсэн. Мэдээж эрдэмтдийн хувьд зөрүүтэй санал гарч л байна. Гэхдээ миний бодлоор Байгал нуурын эко системд нөлөөлөх нөлөөлөл бага. Гол нь хоёр орны харилцааны асуудал бий. ОХУ-ын эрчим хүчний экспортын асуудал хөндөгдөнө гэх зэргээр зарим зүйлтэй холбоотой байж болох талтай. Эгийн цахилгаан станцын хувьд Байгал нуурын шууд цутгалан гол дээр барихгүй. Эг бол Сэлэнгэ руу цутгадаг учраас эхлээд Эгийн голын цахилгаан станцыг барих боломж бий. ОХУ-ын Засгийн газраас Оросын ШУА-ийн Уралын салбарын эрдэмтдэд хандаж асуудал тавьсан юм билээ. Би өөрөө ч очиж уулзсан. Тэгэхээр хөндлөнгийн эксперт хийх байх. Гэхдээ ингэж судалсан ч Эг бол цахилгаан станц барьж болохгүй гол биш. Хоёр улс хамтарч, яриа хэлцэл хийгээд барих боломжтой гэж би хувьдаа бодож байна.
-Дулааны гурав, дөрөвдүгээр станцын маань ашиглалтын хугацаа дуусч байна. Нэгэнт шинээр барих боломж хомс үед хүчин чадлыг нь нэмэх, технологийг нь шинэчлэх гээд ашиглалтыг нь сайжруулж байна. Тэгэхээр энэ хоёр станцын цаашдын ирээдүйн талаар эрдэмтэд ямар байр суурьтай байгаа вэ?
-Гурав, дөрөвдүгээр ДЦС маань нэг эх үүсвэр дээр дулааны энерги, цахилгааны энерги хоёрыг хослон үйлдвэрлэдэг зарчмаар ажиллаж байгаа юм. Манайхан ТЭЦ гэдэг дээ. Өнөөдөр манай улсын хувьд эрчим хүч үйлдвэрлэж байгаа бүх станц ийм зарчмаар ажилладаг. Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд барьсан хуучин станцууд бүгд нэг зарчимтай. Тэгэхээр өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд ТЭЦ биш Конденсацийн цахилгаан станц л барих хэрэгтэй. Дулааны энерги үйлдвэрлэдэггүй гэсэн үг. Мэдээж тодорхой хэмжээний дулааны багц байх ёстой. Ойлгох хэрэгтэй шүү. Хоёр өөр эх үүсвэр яригдаад байгааг. Эрчим хүчнийхээ системийн эх үүсвэрийг найдвартай болгохын тулд конденсацийн цахилгаан станц барих цаг болсон. Харин дулааны станцын хувьд хотын төвлөрсөн дулааны системийн ашиглалт хангалттай гэж үзвэл цоо шинээр станц барих шаардлага одоогоор алга. ДЦС-4-т хоёр жилийн өмнө 100 МВт-аар хүчин чадлыг нь нэмлээ. “ДЦС-3”-ыг өргөтгөх төсөл бэлэн болсон. Дээр нь Амгалангийн ДЦС гэж 340 МВт-ын зөвхөн дулаан үйлдвэрлэх, шинэ технологи бүхий станц ашиглалтад орсон. Тэгэхээр “ДЦС-5” -ыг хот дотор барих гэж яарах шаардлагагүй ч байж мэднэ. Гэсэн хэдий ч хоёр станц маань элэгдэлд орсоор байгааг анхаарлаас гаргаж болохгүй.
-Эрчим хүч экспортлох талаар та түрүүн ярьсан. Гэхдээ миний бодлоор энэ хэтэрхий холын мөрөөдөл биш үү. Магадгүй ДЦС-5, Тавантолгой цахилгаан станцыг барьчихсан хойно энэ тухай яригдвал арай дээр байх. Гэхдээ, хоёр хөрш маань цахилгаан эрчим хүчний экспортоо хамгаалсан бодлого барьж байхад манай экспортын асуудал нааштай байж чадах уу?
-Яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд цаашдаа наад зах нь 10 гаруй цахилгаан станц байгуулна. Урд хөрш рүү эрчим хүч экспортолно гэсэн хэтийн төлөвлөгөө гаргасан. Бид өөрсдөө санаачлаад хөрөнгө гаргаад ДЦС байгуулаад, тэгээд цахилгаан үйлдвэрлэж, экспортолно гэвэл яг үнэндээ худлаа. Миний бодлоо Монгол Улс маань Зүүн хойд Азийн эрчим хүч үйлдвэрлэлийн интеграцид ороод хаана эрчим хүч үйлдвэрлэснээс үл хамаарч аль ч улс нь ашиглаж, хэрэглэж болох тийм сүлжээнд нэгдэх хэрэгтэй. Ингэж чадвал манайх гурав, дөрөв бүүр таван гега хүчин чадалтай станцтай болох нөхцөл бүрдэнэ. Хөрөнгө оруулах, төсөл хэрэгжүүлэх улс ч олдоно. Нэгдсэн сүлжээний бүх орны эрчим хүчний систем нэгдмэл байдлаар ажиллаж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд хэрэглээнд нийлүүлнэ. Тэгээд танайх манай эрчим хүчнээс өчигдөр тэдийг авсан гэж тооцоо бодохдоо биш жил бүрийн эцэст ашиг хуваах цоо шинэ тогтолцоо яригдаж байна. Манайх үүнд цаг алдалгүй улс төр, эрдэм шинжилгээний хувьд нэгдэх хэрэгтэй.
-Манайд хэрэгжих томоохон төслүүдийн сураг сонсогдоод л байгаа. Одоогоор тодорхой болсон нь юу вэ?
-“Гобитех”, “Зүүн хойд Азийн супер сүлжээ” гэх мэт төслийг Япон, Өмнөд Солонгос хамтраад хэрэгжүүлж манай говьд нар, салхины эх үүсвэр байгуулах тухай яригдаж байгаа. Манай Ерөнхийлөгч энэ асуудлыг дэмжинэ гэсэн байр суурь илэрхийлсэн.Тиймээс үүнийг хэрэгжүүлэхийн тулд төрийн бусад аппарат ажиллах байх.
-Та бид хоёр сэргээгдэх эрчим хүчний талаар ярилаа. Нар салхины хувьд манай улс хангалттай нөөцтэй гэдэг. Гэвч ашиглалт бараг алга. Энэ талаар та бидэнд мэдээлэл өгөөч?
-Дэлхийд ирж байгаа нарны энергийн 2,5 хувь нь салхи болдог гэж үздэг. Тэгэхээр салхи нартай шууд холбоотой. Монгол орон нарлаг учраас салхитай байдаг юм. Гэхдээ дэлхийн өндөр хүчин чадалтай салхин станцууд голдуу эх газар, далай хоёрын заагт байдаг. Шөнө, өдөртөө л салхины чиглэл нь өөрчлөгддөг учраас эрчим хүчний өндөр чадвартай төхөөрөмж бүхий салхин парк байгуулдаг. Манай Монгол Улсын хувьд далайн төвшнөөс дээш 1000 орчим метр өргөгдсөн, түүнийгээ дагаад агаарын нягт сийрэг, чийг багатай байдлаасаа болоод агаарын хувийн жин бага учраас том чадалтай салхин парк байгуулах боломжгүй. Өнөөдөр ажиллаж байгаа Салхит уулын салхин паркийн нэг сэнс 1,2 МВт-ийн чадалтай төхөөрөмж. Энэ бол томдоо ордог юм шүү. Нийт 50 МВт хүртэл эрчим хүч гаргах хүчин чадалтай ч 2012 онд 53 МВт хүртэл ажилласан. Салхит уулын салхин станцын төсөл бол маш төсөл болсон. Манай улс салхины чиг, хүчээ сайн тооцоолоод хоёр хүртэл салхин парк байгуулахаар төлөвлөсөн байдаг.
-Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарын технологи эрчимтэй сайжирч байна. Гэтэл манай ДЦС-3, 4-ийн хувьд үйлдвэрлэж байгаа эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг дотооддоо ашигладаг. Өнгөрсөн хоёр жилийн технологийн шинэчлэл, өргөтгөлийн ачаар энэ хувийг нэлээн багасгасан гэж байсан. Тэгэхээр манай эрдэмтэд эрчим хүчний салбарт ямар технологи шинээр санал болгож байгаа вэ?
-Манай ДЦС бол үйлдвэрлэсэн энергийнхээ 20 хүртэл хувийг дотоодын хэрэгцээнд зарцуулдаг нь үнэн. Үүнийг л бууруулахын тулд станцууд дээр нэлээн олон шинэ ажил хийж байна. Зөвхөн үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ багагүй хувийг дотооддоо ашиглахаас гадна системийн алдагдал гэж нэг зүйл бий. Нийт эрчим хүчний 10 гаруй хувь нь үнэндээ шугамын алдагдал нь болж буй юм. Энэ нь эх үүсвэр цөөн байгаатай шууд холбоотой. Жишээ нь, манайхан 110 киловольтын шугамаар 450 км газарт цахилгаан дамжуулдаг. Гэтэл ийм газарт 250 бүүрт 350 хүртэл киловольтын шугамаар эрчим хүч дамжуулах ёстой. Харамсалтай нь, анх суурилуулсан систем маань ийм боломжгүй. Тийм учраас зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэг станц байгуулж байж л энэ асуудлыг системийн хэмжээнд шийднэ.
-Манай эрдэмтдийн нэвтрүүлж байгаа технологийн шийдлүүдийн талаар гэвэл?
-ДЦС-ууд маань нүүрсийг тоос болтол нунтаглаад 20-40 микрон хүртэл бутлаад шатаадаг. Гол нь яндангаар гарахдаа энэ нь бүрэн шатаад дуусах хэрэгтэй. Цахилгаан станцын зуухны өндөр маань үүгээр л хязгаарлагддаг. Тэгэхээр цаашдаа хэрвээ өндөр чадлын станц байгуулбал одоогийн технологиор бараг яндан шиг өндөртэй зуухтай байна гэсэн үг. Тиймээс эргэлдэх хүч, удаан шаталтын технологи гэдэг шинэ технологийг нэвтрүүлж эхлээд байна. Энэ нь утааны бохирдлыг бууруулдаг юм. Амгалангийн дулааны станцад ийм технологи бүхий зуух тавьсан. Дээр нь, өнөөдөр утааны хийг зөвхөн цахилгаан шүүлтүүрээр шүүж үнсийг нь авч байна. Харин утаан доторх дэгдэмхий хийг барьж авах технологи дэлхий дахинаа нэвтэрсэн. Бордоо, барилгын материалд үүнийгээ ашиглаж байгаа учраас манайх ч нэвтрүүлэх талаар судалгааны ажил хийж байна.
ШУТИС-ийн Эрчим хүчний салбарын эрдэмтэд өөрийнхөө салбарт судалгаа шинжилгээний ажлыг 1970-аад оноос хойш хийсээр ирлээ.
Мөн эрчим хүчний салбарын бодлогын бичиг баримтыг боловсруулахад манай эрдэмтэд байнга төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Анх 1986 онд боловсруулсан цогцолбор төлөвлөгөөнөөс эхлээд 2013 онд батлагдсан мастер төлөвлөгөө өнгөрсөн жил батлагдсан эрчим хүчний хувьчлалын 3 баримт бичигт манай эрдэмтэд санаа бодлоо тусган, хамтран боловсрууллаа. Цаашдаа эрчим хүчний салбар маань өсч өндийж, шинэ шинэ бүтээн байгуулалт ч хийж байна. Эрчим хүчний салбарын найдваржилтыг сайжруулж, нөөцийг нэмэгдүүлэх, эрчим хүч экспортлоход чиглэсэн бодлого боловсрууллаа. Мэдээж төлөвлөсөн болгоныг байгуулна гэхэд хэцүү. Жинхэнэ шинжлэх ухааны үндэстэйгээр эрчим хүчний салбарын хөгжлийг тодорхойлох чиглэл манай улсын хувьд бүрдчихсэн гэж хэлж болно.
-Эрдэм шинжилгээний байгууллага нь төрийн байгууллагатайгаа хамтарч ажиллаж чаддаггүй. Үүний улмаас эрдэмтдийн үнэтэй судалгааны ажлууд үнэгүйддэг гэсэн ойлголт байдаг. Гэтэл дэлхийд шинжлэх ухаанд суурилсан хөгжил гэсэн чиг хандлага тогтчихлоо?
-Төр засгаас шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого явуулна гээд нэгэнт тунхагласан. Баримт бичиг ч боловсруулсан. Манай орны хувьд баримт бичиг боловсруулах, хамтарсан судалгаа хийх гээд төр нь эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй шүү. Ялангуяа үйлдвэрлэлийн технологийн салбарт манай олон эрдэмтний бүтээл нэвтэрч зах зээлд нийлүүлчихсэн. Гэхдээ шинжлэх ухаанд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ бол хомс байгаа. Энэ нь улсын эдийн засгийн байдалтай шууд холбоотой шүү дээ. Мэдээж хөрөнгө их байх тусам их ажил явна. Гол нь шинжлэх ухааны бүтээлүүд маань хэр өгөөжтэй байгаа вэ, үйлдвэрлэлд хэрхэн нэвтэрч чадсан бэ зэргээс шалтгаалж, эдийн засгийн дэмжлэг ч нэмэгдэнэ. Хоёр талын хүчин чармайлтаар л хөгжинө. Юуны түрүүнд эрдэмтэд маань хийсэн ажлынхаа үр дүнг зөв танилцуулж, түүнийхээ төлөө тэмцэж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэж оролдох, хэвийн хэвшлийнхэнтэй уулзаж, хөрөнгө босгох, төрийн холбогдох албанд асуудлаа оруулчихаад биднийг дэмжиж байна, дэмжихгүй байна гэж ярих хэрэгтэй.