А.АКЭРКЭ
Гурван сая хүн амтай хэрнээ чанаргүй боловсон хүчин бэлтгэдэг олон их, дээд сургууль, коллежтой хэмээн адлуулах болсон БСШУЯ-ныхан сүүлийн хэдэн жил дорвитойхон шиг хөдөлж борооны дараахь мөөг шиг олширсон сургуулиудаа ээлж дараалан хаалганд нь цоож зүүсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд чанартай боловсон хүчин бэлтгэн гаргахдаа биш тоолдог хэддээ санаа зовнин бизнесээ урьтал болгож байсан 60 гаруй сургуулийн хаалгыг нь дахин нээгдэхгүй болтол нь хадсан гэхээр тийм ч чамлалттай тоо биш. Үнэндээ үйл ажиллагаа явуулж буй эсэх нь ч тодорхойгүй, дээд боловсролын сургалтын байгууллага гэж хэлэхэд ч хэцүүхэн сургуулиуд өнөөдөр ч гэсэн бий. Дээд сургууль гэж гаднаа нэг л сүржин нэртэй даржин газрууд ороод очиход захын цайны газар шиг умбагар түрээсийн байранд амь зогоодог нь нууц биш. Бид Монголын ирээдүй болсон залуусыг сургаж, нийгэмд хэрэгцээтэй байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэдэг хэмээн аман дээрээ гоё сайхан үгээр бурж гардаг хэрнээ цаанаа төлбөр мөнгийг нь л авч байвал болох нь тэр гэсэн өрөөсгөл ойлголттой сургуулийн удирдлагууд нэг биш нэлээд хэд буй гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.
Ямартай ч арван жилийн өмнө 187 байсан их, дээд сургуулийн тоо өнөөдөр 100 болж 75 орчим хувь нь магадлан итгэмжлэгджээ. Эдгээр сургуульд 164 мянган оюутан сурдаг бөгөөд үүний 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж буй.
Өнгөрсөн жил БСШУ-ы сайд асан Л.Гантөмөрийн тушаалаар 2015-2016 оны хичээлийн жилд Монгол Улсын их дээд сургууль, коллежийн бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид элсүүлэн сургах оюутны тоог 25210-аар баталсан байдаг. Ингэхдээ МУИС 3500, ШУТИС 3980, ХААИС 1600, Батлан хамгаалахын их сургууль 270, Боловсролын их сургууль 2500, СУИС 1000, АШУҮИС 1400 оюутан шинээр элсүүлэх боломж олгож байв. Учир нь, өнгөрсөн жил 12 дугаар ангийн тогтолцоонд шилжсэн анхны төгсөгчид их, дээд сургуульд элсэх болж, ердөө 19,300 сурагч төгссөн учир сургуульгүй хоцорно гэж айдас хүүхдүүдэд байгаагүй. ЭЕШ-даа хангалттай оноо авч чадсан нь их, дээд сургуулийн босгыг давж, чадаагүй нь босго оноонд тэдийлэн ач холбогдол өгдөггүй, сургалтын төлбөрөө төлж л байвал боллоо гэх хандлагатай хувийн хэвшлийн сургуулиудад шингэсэн. Гэвч төгсч гарсан нь цөөн учир хувийн дээд сургуулиуд оюутнуудын хомсдолд орсон гэхэд болно. Хувийн сургуулиуд орлогынхоо ихэнх хувийг сургалтын төлбөрөөс олдог, олсон орлогынхоо ихэнхийг багш нартаа цалин болгоод өгчихдөг болохоор элсэгчдийн тоо буурсан нь хүссэн хүсээгүй хувийн дээд сургуулиудын тоог цөөлж, дампуурал руу түлхсэн.
Энэ байдал энэ жил ч үргэлжилж байна. Учир нь, энэ жилээс эхлэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж БСШУ-ы сайд баталдаг байсан хяналтыг тоог тухайн сургуулийн Удирдах зөвлөлийнхнөөр шийдүүлдэг болсон. Тодруулбал, тус хуулийн 7 дугаар зүйлд их, дээд сургууль, коллежийн элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөл тогтооно” гэж заасан. Энэ дагуу их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл хуралдаж, оюутнуудынхаа хяналтын тоог баталсан. Ингэхдээ аль болох олон оюутан элслүүлэхийг чухалчилсан болохоор аль болох их сургуульд орохыг хүсэмжилдэг залууст боломж болж хувирсан. Тиймээс дээд сургуульд элсэн орох залуусын тоо улам цөөрсөн гэж хэлж болно. Энэ байдлаас үүдэн өнөөдөр үүдээ барих дээрээ тулсан дээд сургуулиуд ч байна.
Тухайлбал, Монгол дээд сургуулийг нэрлэж болно. 1997 онд байгуулагдаж 2003, 2010 онд магадлан итгэмжлэгдсэн тус сургууль 2012 онд БСШУЯ-наас аттестатчилалд өндөр оноотой тэнцэж байсан юм. Байгуулагдсан цагаас хойш олон мянган мэргэжилтэн бэлтгэн гаргаж, оюутны цахим орчин бүрдүүлэх зорилготой хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон сургалтын програмуудыг ашигладаг байв. Гэвч энэ жил нэг ч оюутан элсүүлж аваагүй аж. Дөрөвдүгээр курсийн оюутнууд нь л сургуулийнхаа байранд хичээллэж байгаа бол бусад курсийнхнийгээ өөр сургууль руу шилжүүлэн сургаж буй юм байна. Түүгээр ч барахгүй үндсэн багш нараа ажлаас нь халж, цагийн багш болгожээ. Уг нь 2020 оны зургадугаар сар хүртэл магадлан итгэмжлэгдсэн байна. Мөн зарим сургуулийн мэргэжлийн анги нь нэг оюутантай байх жишээтэй. Энэ мэт хүндрэл хувийн дээд сургуулиудад нүүрлэжээ.
Түүнчлэн мөнгө олохын тулд босго оноо доогуур тавьсан төрийн өмчийн сургуулиудад элсэлтийн хураамж хандивлаж эцэстээ хоосон хоцрохгүйн тулд хувийн сургуулийн босго давдаг залуус насан туршийнхаа баталгаандаа сэтгэл дундуур явна. Хувийн сургуулийн боловсролын үйлчилгээний чанар тийм ч сайн биш, хангалттай мэдээлэл олж авч чаддаггүй, сэтгэл хангалуун биш байдаг гэдгээ дээд сургуульд сурдаг оюутнууд хэлж байна. Мөн өөрийн гэсэн хичээлийн байргүй, номын сангийн үйлчилгээ, хүрэлцээ муу, төгсөгчдөөс багш нараа бүрдүүлдэг тул мэдлэг, дадлага хангалтгүй байдаг хэмээж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн их, дээд сургууль болгоныг муу гэж байгаа юм биш. Гэхдээ л дээрх оюутнуудын хэлсэн алдаа, дутагдлыг хувийн сургуулийн захирал, сургалтын алба нар нь анхаарахад илүүдэхгүй биз. Дээрх дутагдлуудыг арилгачихвал олон залуус хувийн дээд сургууль сонгохыг байг гэх газар үгүй.
Мөн эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйн тулд салбарын сайд нь тухайн жилийн оюутнуудынхаа хяналтын тоог өөрөө баталчихдаг болчихвол дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэгч болох болов уу.