Б.БАДРАЛ
Бельгийн нийслэлийн ойролцоо байрладаг Иксель коммунд 33 настай африк цагаач руу үл мэдэгдэх этгээд дайрч, нүдийг нь ухсан хэрэг гарсан тухай “Derniere heure” сонин мэдээлсэн байна. Хэрэг гарах үед ойролцоо явж байсан хүн цагдаа, аврагч нарыг шуурхай дуудсан тулдаа хохирогчийн амийг аварч чаджээ. Бельгийн цагдаа нар шуурхай мөрдөн байцаалт явуулж эхэлсэн бөгөөд хохирогчийн нүдийг хэрэг гарсан газраас холгүй олсон байна. Гэмт этгээд хэн гэгч байсан, хэрэг хийхэд хүргэсэн сэдлийн талаар цагдаа нар тодруулга хийгээгүй ч Африкийн омог хоорондын зөрчлөөс үүдэлтэй байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
Европын холбооны орнууд сүүлийн хоёр жилийн турш Ойрхи Дорнод ба Хойд Африкийн цагаачид, дүрвэгсдийн хөлд дарагаад байгаа. 2015 онд сая гаруй цагаач Европын орнуудад ирсэн бол 2016 оны эхний есөн сарын байдлаар 300 мянга гаруй хүн нэмж ирсэн байна.