Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туйлдсан эдийн засагт туйлсан долларжилт


Т.ЖАНЦАН


Монголын эдийн засагт долларжих үзэгдэл үргэлжилсээр. Оны эхэнд Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 1996 төгрөгтэй тэнцэж байв. Гэтэл өчигдрийн байдлаар 2413 төгрөг болов. Энэ бол долоо хоногийн өмнөхөөс даруй 32 төгрөгөөр өссөн үзүүлэлт. Үндсэндээ оны эхнээс нэг ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 417 төгрөгөөр нэмэгдлээ. Одоо ч ам.долларын ханшийн савлагаа төдийлэн тогтворжиж чадахгүй байгаа. Харин ирэх оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг 2250 төгрөгөөр тооцсон. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Би ам.долларын ханш ямар байхыг амлахгүй. Монголын эдийн засагт валютын урсгал бий болгохын тулд ажиллаж, үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ” гэлээ.

Эдийн засагчид энэ оны эхний хагас жилд валютын ханш харьцангуй тогтвортой байхад Засгийн газрын 750 сая ам.долларын зээл нөлөөлсөн гэдэг. Харин зургадугаар сараас ханш өсч эхэлсэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн төлбөр 450 сая ам.доллар гадагшилсан нь эдийн засаг долларжих эхлэлийг тавьсан гэдэг. Үүнээс гадна валютын ханш өнгөрсөн наймдугаар сард хамгийн хүчтэй савлаж нэг ам.доллар 2189 төгрөгт хүрсэн. Үүнийг  өмнөх оны мөн үетэй харьцуулбал төгрөгийн ханш 10 хувиар суларсан үзүүлэлт юм. Тухайн үед Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажлаа хүлээж аваад эдийн засаг туйлдаа хүрч хямарсан, өр төлбөр дийлэхээ больсон, валютын албан нөөцгүй байна гэсэн мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэл нь дарин дээр давс нэмж валютын ханш бүр огцом савлах шалтгааны нэг болсон гэдэг шүүмжлэл дагуулсан билээ. Ам.долларын ханш ийнхүү огцом савлаж эхлэхэд Төв банк бодлогын хүүгээ 4.5 хувиар түс хийтэл нэмж 15 хувьд хүргэсэн. Энэ нь валютын ханшийн огцом хөдөлгөөнд бага боловч тоормос болж түр зуур намжсан юм.

Нэг ёсондоо эдийн засгийн урт хугацааны арга хэрэгслээр богино хугацаанд ханшийг тогтоон барьж түр зуур гал унтраасан гэсэн үг. Иймээс валютын ханшийн огцом хөдөлгөөнөөс үүдэлдтэй эдийн засагт долларжих үзэгдлийн дөлийг бүрэн унтрааж чадаагүй. Тэгээд ханшийн савлагаа дахин сэргэсэн гэхэд хилсдэхгүй.   Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүд төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлж эхэлсэн. Одоо ч энэ үзэгдэл үргэлжлэх хандлага байгаа аж. Тухайлбал, ханш огцом савласан өнгөрсөн наймдугаар  сарын 8-наас 17-ны хооронд банкуудын ам.долларын харилцах, хадгаламж 70 гаруй сая ам.доллар болжээ. Нэг ёсондоо 140 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжаа ам.доллар болгон хөрвүүлсэн байна. Иргэд аж ахуйн нэгжүүдийн хадгаламж 8.1 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 5.5 их наяд нь төгрөгийнх.  Үлдсэн 2.5 наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютын хадгаламж байна. Тэгвэл өнгөрсөн долдугаар сарын байдлаар төгрөгийн харилцах, хадгаламж 18 хувиар өссөн байхад гадаад валютынх 23 хувиар нэмэгдсэн дүн бий. Бас өнгөрсөн онд гадаад валютын хадгаламж 1.9 их наяд төгрөгөөр илэрхийлэгдэж байсан дүн бий.

Ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд төв банк гадаад валютын албан нөөцөөс зах зээлд нийлүүлдэг. Тэгвэл  манай улсын гадаад валютын албан нөөц сүүлийн таван сар тасралтгүй буурч иржээ. Ингээд есдүгээр сард нэг тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна. Ийнхүү цаг хугацаа өнгөрөх тусам Монгол Улсаас гадагшаа ам.доллар гарч валютын нөөц дундарч буй юм. Дээрх нөөц нь манай улсын импортын 3.5 сарын хэрэглээг хангахад хүрэлцэх тооцоог Монголбанкнаас хийгээд байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын нөөц багасах тусам төв банк ханшийг зохицуулахын тулд гадаад валютын нийлүүлэлт зах зээлд хийх боломж хумигдана гэсэн үг. 

Монголбанкнаас бодлогын хүүгээ огцом өсгөсөн шалтгаанаа “олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллагууд манай эдийн засгийн зэрэглэлийг бууруулсан, ханшийн огцом хэлбэлзэл нь төгрөгийг хямрал руу хөтөлж болзошгүй, санхүүгийн системийн тогтвортой байдалд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн. Ингээд бодлогын хүүгээ огцом нэмэх алхам хийлээ” гэж тайлбарлаж байв.

Өнөөдөр гадаад валют Монгол Улсад орох бус гарах нь илүү байгаа  юм. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжилж буй тул ам. долларын ханш өсч байна. Тэгвэл энэ оны эцэст валютын ханшийг тодорхойлогч суурь хүчин зүйл болох Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай гарна гэж эдийн засагчид үзэж байгаа. Тухайлбал, төлбөрийн тэнцэл 490 орчим сая ам.долларын алдагдалтай гарахаар хүлээгдэж байгаа тооцоо бий. Мөн урсгал данс 825 сая ам.долларын алдагдалтай, хөрөнгө ба санхүүгийн данс 436 сая ам.долларын ашигтай байх тооцоо байна. Иймд валютын ханш дахин савлахгүй гэх баталгаа алга. Ингээд Төв банкинд бодлогын хүүгээ дахин нэмэх эсвэл ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлэх сонголт үлдсэн гэж хэлж болох нь. Төв банк бодлогын хүүгээ өсгөх нь эдийн засгийн өсөлтөө боомилдог. Урт удаан хугацаанд бодлогын хүү өндөр байх нь эргээд ам.долларын ханш өсдөг гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа.

Төв банкны бодлогын хүү буурах эсэх нь УИХ-ын одоо хэлэлцэж буй ирэх оны улсын төсөв. Хэрэв ирэх оны төсөв тэлэхгүй, алдагдал бага батлагдвал төв банк бодлогын хүүгээ бууруулах боломж бүрдэнэ. Гэтэл төсвийн төсөөлөлд ийм боломж олгох гарц байхгүй юм. Учир нь энэ жилийн төсвөөс ирэх оны төсвийн зарлага тэлж, алдагдал нэмэгдсэн билээ. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы “УИХ-аар хэлэлцэж байгаа ирэх оны төсөв, мөнгөний бодлого хоёрыг хооронд нь уялдуулахыг хичээж байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй.
Уг зөвлөлийн хуралд ирэх оны төсөв, мөнгөний бодлогын баримт бичгийг  ярьж, байр сууриа нэгтгэх гэж оролдсон” гэсэн билээ. Шинэ он гарахаас өмнө гадаад валютын урсгалыг бага ч атугай нэмэгдүүлэх боломж нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр болох нь гарцаагүй. Уг хөтөлбөрөөр хэдэн ам.долларын зээл авах нь одоогоор тодорхойгүй байгаа. Тус сангийн захирлуудын зөвлөл шийднэ.

Урд нь манай улс 500 сая ам.долларын эрх нээж байсан юм. Тэгэхээр УИХ-аас ирэх онд эдийн засаг ямар байх нь шууд  шалтгаалах нь. Өөрөөр хэлбэл төсөв, мөнгөний бодлогоо хэрхэн батлах эрх нь тэдэнд бий. Харин Засгийн газар, Монголбанк гадаад валютын урсгалаа яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт толгойгоо гашилгах болоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан