Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхаарал сарниулах гээд байна уу бодит байдал уу


Б.БАДРАЛ


Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой мэдээлэл гарсны дараагаар “Анхаарал сарниулах гээд байна уу бодит байдал уу” гэсэн асуултыг Өмнөд Солонгосын олон сая хүн өнөөдөр өөрөөсөө асууж байна. Өмнөд Солонгосын “Рөнхап” агентлаг Батлан хамгаалах яаманд дахь эх сурвалжийн хэлснийг иш татаад Умард Солонгос ойрын өдрүүдэд цөмийн туршилт хийх, пуужин харваж магадгүй тухай мэдээ ийм байдал үүсгэжээ.  Энэ туршилт үнэхээр болох гээд байна уу эсвэл Өмнөд Солонгост дэгдээд буй улс төрийн том дуулианыг намжаахын тулд зориуд хуурамч мэдээ тарааж байна уу гэсэн асуулт үүсч.

“Харагдах” шалтгаан

“Рөнхап” агентлагийн мэдээлж байгаагаас үзвэл тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч “Манай зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд орж,  Умард Солонгосын Пхунгери, Тончханни цөмийн туршилтын газруудад стратеги ба тактикийн өдөөн хатгалга хийхээр зэхэж буй бэлтгэлийг маш нарийн ажиглаж байна” гэж мэдэгдсэн. Шар тэнгисийн эрэг орчим дахь Умард Солонгосын Тончханни тосгоны ойролцоо “Хвасон-10” дундын зайн /600-5000 км/ тусгалтай баллистик пуужингийн хөөргөх талбар байрладгийг бүгд мэддэг. Энэ талбарын ойролцоо хүн хүч, техникийн хөдөлгөөний шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэхэд тун удахгүй пуужин харвах нь гэсэн дүгнэлт хийдэг. Үүнд гайхах зүйл үгүй. Гэвч умардынхан Өмнөд Солонгос ба АНУ-ын хамтарсан хээрийн сургууль гэх мэт том үйл явдлыг тохиолдуулан цөмийн туршилт хийх, баллистик пуужин харвах гэх мэт сүрдүүлсэн арга хэмжээ авдаг. Харин энэ удаад ямар ч хээрийн сургууль энэ тэр Солонгосын хойг дээр явагдаагүй байгаа. Пуужин харвах, цөмийн туршилт хийх нь асар их зардалтай үйл ажиллагаа тул хүссэн үедээ хуруу хөдөлгөсөн төдийгөөр хийгээд байдаг зүйл биш. Яагаад бодит шалтгаан үгүй байхад асар үнэтэй туршилт хийж, пуужин харвахаар болов? Хариулт янз бүр байж болох. Гэвч ...

“Далд” шалтгаан

Гэвч сүүлийн үед Өмнөд Солонгост Ерөнхийлөгч Пак Гөн Хи-тэй холбоотой дуулиан улам газар авсаар байгаа төдийгүй, Ерөнхийлөгчийг сайн дураар огцроогүй тохиолдолд улс төрийн өндөрлөгүүд олон нийт эсэргүүцэж байна гээд “өөрийн хүсэлтээр” огцруулах, төр эргүүлэх боломж эрэлхийлж магадгүй тухай янз бүрийн шинжээчид анхааруулж байгаа. Ийм нөхцөлд Пак Гөн Хи-ийн тойрон хүрээлэл нь сайн дураар ба өөрийн хүсэлтээр огцрох гэсэн бүх боломжийг үгүй болгохын тулд гадны дайралт, түрэмгийлэл рүү олон нийтийн анхаарлыг хандуулах замаар эсэргүүцэгчдийн тоог цөөрүүлэх, Ерөнхийлөгчийг Умардын довтолгооноос хамгаалагч “зоригт бүсгүй” гэж харуулахыг хамгийн ихээр хүсч буй нь мэдээж.

Яг ийм үед Умард Солонгосыг ээлжит удаагаа цөмийн туршилт хийх гэлээ, дундын зайн баллистик пуужин харвах гэж байна гэсэн мэдээллийг Төрийн мэдлийн “Рөнхап” агентлаг хийнэ гэдэг нэгд анхаарлыг өөр тийш чиглүүлнэ. Хоёрт, Ерөнхийлөгчийн хийсэн алхам бүр Өмнөдийн тусгаар тогтнолын төлөө байсан юм байна гэсэн ойлголт төрөх таатай боломж бүрдүүлнэ. Гэхдээ Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхийлөгч нь тус улсын зэвсэгт хүчний командлагч байдаг бөгөөд Батлан хамгаалахын сайд нь Ерөнхийлөгчийг зааврын дагуу үйл ажиллагаа явуулдагт асуудлын гол нь оршиж байна.

Зарим судлаачийн үзэж буйгаар Пак Гөн Хи-г төрийн тэргүүн хэвээр байлгах нь АНУ-ын стратегийн ашиг сонирхолд нийцэж байгаа тул ийм мэдээ цацаж эхэлсэн гэх аж. Хойд Солонгосоос харвасан пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалт бүхий “THAАD” системийг тус улсад байрлуулахаар болсон нь энэ мэт мэдээлэл цацагдах болсон гол шалтгаан гэнэ.
 
Өмнөд ба Хойд хөршийн бухимдал

Америкийн “THAАD” системийг байрлуулах нь Умард Солонгосын пуужингийн дайралт гэхээс илүүтэйгээр Хятад ба Оростой дайтсан тохиолдолд Америкийн эсрэг энэ хоёр улсаас харвах пуужинг устгах зориулалттай гэж манай өмнөд ба хойд хөршүүд бухимдаж байна. Ямар ч улс өөрийгөө хамгаалахын тулд бүх аргыг авах ёстой ч Америкийн зүгээс Орос ба Хятадын эсрэг пуужин харвасан тохиолдолд “THAАD”-тай адил амдан устгах системийг АНУ-ын ойролцоо байршуулах боломжгүйд хамаг ээдрээ оршино.

АНУ ба БНХАУ, ОХУ-ын хооронд дайн дэгдлээ гэж үзвэл цөмийн пуужингийн цохилт хамгийн түрүүнд өгөх шаардлага гарна. Ийм үед Өмнөд Солонгост байрласан “THAАD” систем нь БНХАУ –аас хөөрсөн бараг бүх пуужин, ОХУ-ын Алс Дорнодын хязгаараас харвасан пуужингийн дийлэнхийг өндөр авч байг чиглэхээс өмнө устгах боломжтой болох аж. Харин БНХАУ ба ОХУ-д адил зориулалт бүхий пуужин байрлуулах ямар ч түшиц газар байхгүй.

Бодит шалтгаан

Орос ба Хятадын цөмийн пуужинг устгах “THAАD” системийг Өмнөд Солонгост байршуулах шийдвэрийг Ерөнхийлөгч Пак Гөн Хи  ба түүний тойрон хүрээлэл гаргасан. Гэтэл интернэт, сонин хэвлэлээр гарч байгаа мэдээг үзвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нь улс орны дотоод ба гадаад бодлоготой холбоотой амин чухал шийдвэр гаргахдаа удган найз, удганы найз эрэгтэй биеэ үнэлэгч гэх мэт хүмүүсээс зөвлөгөө авдаг болж таарсан. Хэрэв одоо Пак Гөн Хи огцорвол “THAАD” системийг 2017 онд Өмнөд Солонгост байршуулах тухай шийдвэр хүчингүй болж тун магадгүй. Шинээр гарч ирсэн Ерөнхийлөгч хэн ч байлаа гэсэн ч Хятад, Орос хоёртой юу юуны духанд хүрэлгүй муудалцахыг хүсэхгүй, дараа нь улс нь бөөгийн зөгнөлийг бус эрүүл саруул сэтгэлгээтэй шинжээч, судлаачдын дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргадаг гэдгээ харуулахыг хүснэ. Ийм үед Өмнөд Солонгосын шинэ удирдлага “THAАD” системийг нутаг дээрээ байршуулах шийдвэрээ өөрчлөх боломж маш өндөр.

Харин ийм байдал АНУ, Японд таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Тиймээс эдгээр улсууд өөрийн талын хүнийг авч үлдэх, үгүй бол ядаж л “THAАD” системийг Өмнөд Солонгост байршуулах хүртэл өөрийн гэсэн хүнээ тус улсын удирдлагад авч үлдэх сонирхол байгаа аж. Иймд ядаж л Гөн Хи-г албан ёсны хугацаа дуустал авч үлдэхийг хичээж байгаа гэнэ.

Хэтийн төлөв

Иймд ойрын үед Умард ба Өмнөд Солонгосын харилцаа ойрын хэдэн жилд байгаагүйгээр муудаж таарах байх. Зүгээр ч нэг муудахгүй Америкийн хиймэл дагуулаас умардууд пуужингаа угсарч байгааг авсан “маш нууц” гэсэн олон зургийг  “Рөнхап” агентлагаас тарааж эхэлнэ. Дээр нь нэмээд Хоёр Солонгосын хооронд автомат ба их буугаар буудалцах явдал удаа дараалан гарахыг үгүйсгэх аргагүй. Энэ бүхний эцэст хоёр улс өнөө маргаашгүй дайтлаа гэх сургаар Пак Гөн Хи Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн хүмүүсийн эгнээ эрс цөөрнө.

Ийнхүү Өмнөд ба Умардын сөргөлдөөнд анхаарч байх хооронд  Ерөнхийлөгч Гөн Хи-н төр барих хугацаа дуусч, дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль эхэлнэ. Тэгээд ч Өмнөд Солонгосын хуулийн дагуу Ерөнийлөгч нь хоёр ба түүнээс олон удаа дахин сонгогдох эрхгүй. Пак Гөн Хи тэртээ тэргүй суудлаа орхих нь тодорхой ч, өмнө нь гаргасан шийдвэр хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байх нь хамгийн чухал.

Редакцийн тодруулга

THAАD–“Terminal High Altitude Area Defense” гэсэн үгийн товчлол. Дундын зайн тусгалтай баллистик пуужинг дэлхийн агаар мандалд орохоос өмнө угтан устгах зориулалттай. Оросын С-400-ээс ялгагдах зарчмын ялгаатай. Оросын С-400 пуужин нь эсрэг талын пуужинг тусгайлан байршуулсан тэсрэх бодисын дэлбэрэлтийн хүч, эсвэл дэлбэрэлтийн хүчээр цацагдах хөнөөгч эд ангийн үйлчлэлээр устгадаг. Америкийн пуужин толгойн эд ангиар шууд онож, өөрөөр хэлбэл кинетик хүчээр шууд нөлөөлөх замаар эсрэг талын пуужингийн чиглэлийг алдагдуулан тэсрэлт үүсгэж устгадаг онцлогтой. THAАD нь 3500-км-ийн алсаас харвасан пуужингаар 200 км хүртэлх өндөрт нисч яваа пуужингийн толгой хэсгийг 200 км-ийн алсаас илрүүлэн угтах устган зориулалттай. Орос, Хятадад үүнтэй эн зэрэгцэх пуужингийн довтолгоо эсэргүүцэх зэвсэглэл хараахан үгүй байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан