Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үүрээр гараад үл таних этгээдэд чирүүлсэн өвгөн нас баржээ


аймшгийн өгүүллэг

Хөвсгөл аймгийн нэгэн сумыг хий үзэгдэл болон сүнс сүүдэр ихтэй гэдгийг иргэд нь ихээр ярьдаг бөгөөд гадныхан тэр сумаас ихэд жийрхдэг байжээ.
Гэгээн цагаан өдрөөр л хүний хормой хот сөхдөг, эрэлд яваа морьтой хүнийг тушчихдаг тийм газар байдаг гэнэ. Хий үзэгдэл, буг чөтгөртэй тааралдсан бүр тохиолдсон хүмүүсийн ярьж буйг сонсохоор заримдаа бүр нурууны үс босох шиг болдог шүү. Тэдний дунд өөрт болон өөрийнх нь талийгч болсон өвгөнд тохиолдсон нэгэн аймшигт явдлыг өдгөө 70 гарч яваа Гүргэлмаа гэгч эмэгтэй надад ярьсан юм. Тэрбээр Хөвсгөл аймагт анх бэр болж очоод өдгөө тэнд 50 гаруй жил амьдарч байгаа нэгэн ажээ. Одоогоос арваад жилийн өмнө дунд хүүгээ бараадаж Галт суманд шилжин очиж төвхнөжээ. Сумын төвд буусан тэднийхээр орж, гарах хүмүүс олон. Өвгөн Даш нь нас ахих хэрээр архи дарсанд жаахан дуртай нэгэн болжээ. Юм л болбол хөгшин, залуу гэлтгүй хүмүүсийг гэртээ урьж залж, ууж иддэг болжээ. Хөгширсөн хойноо жороо сурав гэгчээр уух насан дээр намбатай төвхнүүн байдаг байсан өвгөнөө эхнэр Гүргэлмаа байнга үглэж зэмлэж, сүүлдээ хараадаг болов. Өвгөн ч өөрийгөө өмөөрч, “Удахгүй энэ ханан гэрээс чинь холдож, хадан гэрт очих нас болсон муу ханийгаа юунд хараадаг юм бэ?” хэмээн уурлаж, бас тунирхана.

Ингэж явсаар тэднийх долоон жил болжээ. Хөл хөдөлгөөн сайтай цэмбэгэр өвгөн хурдан алхана. Өглөө, оройд байнга дасгал хийж, өдөрт хэдэн үхэртэй хөөцөлдөхөөс өөрийг хийдэггүй өвгөн зав зай завсар харагдвал шилтэй цэнхэрээ өвөртөлж аваад сумын төвөөсөө холгүйхэн газар очоод үхрүүдийнхээ хажууд ганцаараа хөнтөрчихдөг тийм л архинд дуртай өвгөн болов. Сүүлд учрыг нь сонсох нь ээ, архи уух шалтгаан өвгөн Дашид байсан юм билээ, зайлуул. Нэг удаа ханьдаа уйлж, дуулж байгаад өөртөө тааралддаг, тохиолддог зүйлээ нэгд нэгэнгүй ярьжээ. Тэрбээр сүүлийн үед өөртэй нь ер бусын зүйлс таардаг болсноо өдий наслахдаа хүүхэд биш ханьдаа, үр хүүхдүүдээ хэлж сэтгэл санааг нь хямраагаад яах вэ гэж бодоод өөрийгөө зоригжуулж, тайвшруулж явдаг байжээ. Гэтэл нэгэн орой тугалтай гунж нь ирдэггүй алга болчихжээ. Хоёр цаг гаруй харуулдсан өвгөн аргаа бараад, гар чийдэнгээ авч таягаа тулаад сумын төвөөс зүүн зүг рүү үхэр бэлчээрлэдэг газар руугаа гэрлээ тусгаад явжээ. Явсаар байв, бараа сүр алга аа. Гэтэл нүдний буланд нь нэг юм сүүтэгнэж харагджээ. Гэрлээ тусгаад гарвал юу ч байдаггүй, дахиад нөгөө нүдний буланд нөгөө сүүмийсэн зүйлс хоёр, гурав болж харагджээ. Гэнэт айж эмээсэн өвгөн гэрлээ тусгаад “Хаая хүүе” хэмээн хашгиртал хачин муухай үзлийн царайтай амьтан ч биш, хүн ч биш зүйл харагдаад цаашаа гүйжээ. Ээ, бурхан тэнгэр минь, юутай тааралдах нь энэ вэ гэж айж эмээсэн Даш өвгөний ухаан балартаж, гэртээ яаж ирсэнээ бараг санадаггүй тухайгаа эмгэндээ ярьжээ.

Тэр явдлаас хойш хэд хэдэн удаа хий үзэгдэлтэй таарчээ. Ер нь хүн нэг тийм зүйл таарчихвал дараа нь дахин таараад байдаг муу ёртой юм билээ гэж ихэд сэжиглэн ярьжээ. Хань Гүргэлмаа ч нөхрөөсөө айж эмээн “За, битгий олон долоон дэмий юм ярьж, хүний сэтгэлд сэв хийх гээд бай. 50 гаруй жил хамтдаа байхдаа чамаас ийм яриа сонсоход эвгүйцэж байна шүү” гэж зэмлэжээ. Эхнэрийнхээ зэмлэлд юм бодсон өвгөн уйлж уйлж, дахин нэг шил архи “нугасалчихаад” тас үсэрчээ. Унтсан өвгөнийхөө дээр хучлага тавихаар Гүргэлмаа босоод шкаф ухаж байтал нөхөр нь хар дарж, муухай орилжээ. Тэрбээр “Та нар болиоч ээ, ямар муухай махчингууд вэ? Ео ёо, өвдөж байна ш дээ. Ядаж миний нэг хөлийг үлдээгээч ээ, үхлээ. Хүмүүс байж ямар муухай өлсгөлөн амьтад бэ, болиоч ээ” хэмээн орилж, чээжээ маажихыг нь харсан эхнэр нь яаран сандран очиж нөхрийгөө сэрээжээ. Сэрсэн нөхрийнх нь архи гарчихсан “Харин тийм ээ, хө. Муухай зүүд байлаа” хэмээн халаглахад л Гүргэлмаа яриад байдаг зүйлд нь итгэж, лам хуврагаар явж өвгөнөө үзүүлж харуулъя, байз. Энэ хүн чинь болохоо байчихаж, гэмтсэн бололтой” хэмээн дотроо нөхрөө өмөөрч, гадагшаа өөрийгөө зүхэж байв. Ингэж явсаар нэг өдөр тус суманд Майдар эргэх ёслол болж, гадна дотны сумдаас олон лам нар нэг дор цугларчээ. Хүмүүсийн зав чөлөөгөөр Гүргэлмаа Гандан хийд орохоор болж, Даш хэдэн үхрээ харахаар гэртээ үлджээ. Самган нь ч явсан хэрэг зоригоо бүтээгээд орой гэртээ иртэл өвгөн ч, үхэр ч бараа сураггүй байв.

Гайхсан Гүргэлмаа хажуу хүүгийндээ орж, бэрээсээ аав нь хаачсан талаар асуухад “Мэдэхгүй ээ, анзаарсангүй. Согтуу бололтой хөл дээрээ тогтож ядан хашаанаас гарч орж, харагдаад байсан шүү” хэмээн ая муутай хялам хийн хариулжээ. Бэрээ ингэж хэлэхэд нь хадам эхийн уур хүрч “Төрсөн эцэг чинь биш болохоор чи ийм хайнга хандаж байгаа юм уу? Настай хүн хүйтэн сэрүүнд хөлчүү согтуу явж байгаад хаа нэг газар унаж, осгоод үхвэл чи яах вэ? Миний хүүд аавыг нь орлож чадах юм уу?” гэж жинтэй хэдэн үг хэлчихээд гэрийн хаалгыг нь саваад гарчээ. Улмаар гэртээ орж ирээд галаа түлчихээд, хоолны махаа гаднаас оруулж ирчихээд, гэрэл гэгээтэй дээр муу өвгөнөө олж ирье. Бүрий тасрахаас өмнө олж ирж ариулж арцдаж, рашаанаар нүүр гарыг нь угаалгаж бузрыг нь арилгая” гэж бодоод хувцасаа давхарлаж өмсөөд гараад явжээ. Ордог хоёр айлаар орж, өвгөнөө сураглавал “Харагдаагүй, манайхаар орж ирээгүй дээ” гэжээ. Тэгээд сумын төвийн гудамжаар тааралдсан хүүхэд, хүмүүс бараг айлын нохдоос асуух нь холгүй явсаар байв.

Гэтэл “Сургуулийн байрын ард нэг юм тэвэрчихсэн суугаагаараа унтаж байсан шүү” гэж байрын багш хүүхэн хэлжээ. Тэр зүг рүү нь яаран яаран очвол байрны ойролцоох нэгэн эзгүйн хашаанд эвдэрхий амбаар дотор ганцаараа малгайгаа дэрлэчихсэн, архи барьчихсан осгох шахам унтаж байжээ. Өвгөнөө арайхийж сэрээвэл тэрбээр самганаасаа ихэд айж “Чи хэн бэ? Яах гэж намайг энд авчирсан бэ? Яваач, яваач ээ. Би гэртээ очно” хэмээн нүдээ аниад учиргүй орилж цамнахад “Самган нь байна аа. Миний хөгшин гэртээ харья. Энд юугаа хийгээд ирсэн юм бэ?” гэж учирлан гуйж, арайхийж тайвшруулан авч явжээ. Замдаа тэрбээр самгандаа “Намайг нэг үл таних этгээд энд дагуулж ирсэн ш дээ. Би тэрэнтэйгээ архиа хувааж уусан” гэж ярьжээ. Өвгөнийхөө ярианд эмзэглэсэн Гүргэлмаа чимээгүй л сугадаж явав.

Хамгийн гол нь тэр эзэнгүй хашаа буюу эвдэрхий амбаарт өмнө нь хоёр ч хүн өөрийгөө боомилж, амиа хорлож байсныг тэр хоёр дуулаагүй ажээ. Тиймээс хүмүүс тэр эзгүй хашааны ар өврөөр явахаар хүн араас нь дуудаж аврал эрдэг, бас хормой хотыг нь сөхөөд байдаг юм гэж тийм явдалтай таарсан хүмүүс ярьдаг байжээ. Яг үнэндээ согтуу Дашийг үл таних нэгэн этгээд дагуулж, тэр амбаарт оруулсан нь үнэндээ нөгөө хий үзэгдэл, буг чөтгөр байжээ. Гэгээн цагаан өдрөөр ч хэн нэгнийг татаж чангаадаг гэх юм билээ. Гэхдээ таарах ч хүн байна, тааралдахгүй нэгэн ч байдаг байна. Чухам яагаад Даш гэгч өвгөнтэй тиймэрхүү зүйл насны бөгсөнд тааралддаг болсныг хэлж мэдэхгүй юм. Иймэрхүү байдалтай байсаар тэднийх хоёр жил болжээ. Өвгөн нь үе үе алга болно. Хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болоход гайхдаг Гүргэлмаа арга мухарддаг байжээ. Тэгээд сүүлдээ буг чөтгөртэйгээ нөхцсөн мэт эвгүй, эвгүй зүйл ярих болсон Даш эрүүл, согтуу нь бүр мэдэгдэхээ болив. Ингэж явсаар нэг өвөл үүрээр бие засах гэж гарчаад цасан дээр үл мэдэх этгээдэд олон метр газар чирүүлсэн өвгөн амиа алдсан гэнэ. Дашийн хувьд эхэндээ хэн нэгэн этгээд согтуурхаад намайг чирээд байх шиг байна хэмээн бодсон бололтой “Хэн бэ чи? Яах гээд байгаа юм бэ? Харанхуй шөнө юугаа хийж явдаг юм бэ?” гэж нөмөрсөн дээлнийхээ нударгаар цохиход хий юм цохиогдоод байжээ. Сүүлдээ бүр болохоо байгаад самганыхаа нэрээр дуудаж, аврал эрсэн байна.

Самган Гүргэлмаа нь санд мэнд хувцсаа өмсөж гэрэл тусгасаар гараад ирвэл өвгөн нь цасан дээр шалдан шахуу “Тий, тий. Гэртээ намайг оруулаач ээ. Хүүг минь дуудаач, үхлээ. Энэ нэг муухай юм багалзуураас базаад байна. Гарыг нь тавиулаадхаач” хэмээн хяхтнасан өнгөөр орилжээ. Юу ч харагдахгүй байгаа Гүргэлмаа өөрөө айж, хий дэмий ийшээ тийшээ гүйж, хэнд хандахаа мэдэхгүй тэрхэн зуурт цаг алджээ. Нөхрөө цасан дээрээс босгох гэсэн ч дээрээс нь юм дарсан бололтой, газраас огт хөндийрөөгүй гэнэ. Тиймээс тусламж дуудахаар хүүгийнх рүүгээ гүйж, хаалгыг нь хүчтэй балбан “Аав чинь болохоо байлаа. Алив, хурдлаарай. Түргэн тусламж дуудаарай” гэж хэлчихээд шогшчээ. Жорлонгоос нэлээд хол зайтай чирэгдсэн өвгөн дээрээ гүйж ирэхэд аахилж, уухилсаар амьсгал хурааж байжээ. Ингээд анхны тусламж авч чадалгүй Даш өвгөн үл мэдэгдэх этгээдэд хорлогдож, хөхөө өвлийн хүйтэнд гэрийнхээ гадаа буюу хашаан дотроо амьсгал хураажээ.

Ганцаардаж үлдсэн хань Гүргэлмаа нь талийгаач өвгөнийхөө араас байнга ном уншуулж, зул хүж өргөн буян үйлдэхээр Гандан хийдээр их явдаг болжээ. Нөхрөө бурхан болсны хоёр жилийн дараа хот бараадсан Гүргэлмаа нэгэн сайн үзмэрчтэй таарчээ. Тэрбээр хэдий болоод өнгөрсөн явдлыг дахин сөхөж асуухыг хүсээгүй ч нөгөө үзмэрч эмэгтэй бүх болсон явдлыг алган дээр нь тавьсан мэт харж, ярьж хүүрнэжээ. Өвгөнөө нэг тиймэрхүү муу муухай зүйлтэй таарсан гэж ярьж байхад нь цаг алдалгүй сайн гэсэн лам хуврагаар явж, засал ном хийлгэх байж дээ гэж хожим нь харуусан ярьж сууна. “Хэрвээ тухайн үед нь бузар булай бүхнээс нь салгаж, хиймор лундааг нь өргөж явсан бол миний муу хань өдийд энх тунх байх л байсан” хэмээн харууслын өнгө аяс, чичирхийлсэн хоолойгоор энэ болсон бодит явдлыг Гүргэлмаа гэгч эмээ надад ярьж өгсөн юм даа.
Эх сурвалж www.wikimon.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан