Б.БАДРАЛ
Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортэга өнгөрөгч ням гарагт болсон сонгуулиар сонгогчдын 71 хувийн санлыг авч улиран сонгогдсон байна. Никарагуагийн сонгогчид Ерөнхийлөгчөөс гадна тус улсын парламент болох Үндэсний ассамблей ба Төв Америкийн таван улсын хамтран байгуулсан улс дундын парламентын гишүүдийг сонгосон байна.
Энэ бүх сонгуулийн дүнд Даниэль Ортэга ба түүний тэргүүлдэг Үндэсний эрх чөлөөний Сандинист Фронт үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Никарагуагийн сөрөг хүчин нь Дэлхийд Зөвлөлт ба Америк гэсэн хоёр туйл байх үеэс Сандинист фронт, түүний удирдагч Ортэгагийн эсрэг партизаны дайн явуулж байсан хүмүүсээс бүрдсэн байдаг бөгөөд энэ удаагийн сонгуулийг ёс зүйд нийцэхгүй гэж мэдэгдээд хүмүүсийг оролцохгүй байхыг уриалсан аж. Гэвч сонгуульд оролцох эрхтэй иргэдийн 65 хувь нь саналаа өгсөн тул орон нутгийн болон олон улсын байгууллагууд сонгуулийг хүчин төгөлдөр гэж тооцсон байна.