Б.БАДРАЛ
Филиппин дэх лалын шашны хэт явцуу үзэлт “Абу Сайяф” бүлэглэлийн босогчид ХБНГУ-ын иргэнийг хулгайлж, хамт явсан эмэгтэйг нь буудан хороосон гэх мэдээлэл гарсны дараагаар армийн тусгай ангиуд эрэн сурвалжлах ажил явуулж эхэлсэн тухай “Ассошейтэд Пресс” агентлаг мэдээлэв.
Шашны явцуу үзэлтнүүдийн бүлэглэл нь Германы иргэн Юген Кантнерийг хөрш зэргэлдээ Малайз улсын эрэг орчим аялж явахад нь дайрч олзолсон байна.
“Аль-Кайда” бүлэглэлийн толгойлогч Усама бин Ладен 1990-ээд оны эхээр тусгайлан хөрөнгө мөнгө гаргаж Филлипиний исламын шашинтнуудыг оролцуулсан “Абу Сайяф” бүлэглэлийг байгуулжээ. Тус бүлэглэл нь 2000-2005 оны хооронд ид хүчирхэг байхдаа 1000 гаруй гишүүнтэй байсан бол энэ жилийн эхээр 400 орчим хүчтэй гэсэн тооцоог Филлипиний тусгай албад гаргасан байна. “Абу Сайяф” бүлэглэл нь 2004 онд Филлипиний арлуудын хооронд зорчигч тээвэр хийдэг “Суперферри-14” гатлага онгоцыг дэлбэлж 200 гаруй хүний аминд хүрсний дараагаар олон нийт мэддэг болсон байдаг.
Тус бүлэглэл нь санхүүжилт олохын тулд өрнөдийн чинээлэг жуулчдыг хулгайлан барьцаалдаг, нэхсэн мөнгийг өгөөгүй тохиолдолд барьцааны хүмүүсийн толгойг тас цавчдаг гэдгээрээ зартай. Германы жуулчныг хулгайлсан хэрэг гарахаас өмнө тус бүлэглэлийнхэн хулгайлан барьцаалсан хоёр канад иргэнийг мөнгөө цагтаа өгөөгүй гэж цаазаар авсан хэрэг гарч байсан юм.