Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад Пакистан хоёр цэргийн нисэх хүчин илүү нягт хамтран ажиллана

Б.БАДРАЛ

Лалын Бүгд найрамдах Пакистан улсын Цэргийн нисэх хүчний командлагч Сохаил Аман нь манай урд хөршид айлчлан БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюаньтай уулзсан байна. Уулзалтын явцад хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, урьдчилан тохиролцсон төлөвлөгөөний дагуу явуулж буй хамтарсан хээрийн сургуулиас гадна нэмэлт хамтарсан арга хэмжээг явуулахаар тохиролцсон гэж БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань “Хятад Пакистан хоёр үнэнч холбоотнууд бөгөөд стратегийн түншүүд юм. Хувиран өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөл байдал нь манай хоёр улсыг глобаль заналхийллийг эсэргүүцсэн хамтын ажиллагаагаа улам батлагаажуулахыг шаардаж байна” гэжээ.

Пакистаны талыг төлөөлсөн Сохаил Аман нь БНХАУ-ын зүгээс үзүүлж буй дэмжлэгийг өндрөөр үнэлдэг гээд цаашид алан хядлага гэх мэт глобаль аюул заналхийллийг эсэргүүцэх тэмцэлд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө ажиллана гэжээ.

Улмаар талууд батлан хамгаалахын салбарт мэргэжилтэй боловсон хүчин хамтран бэлдэх, цэргийн нисэх хүчний хамтарсэн хээрийн сургууль нэмж явуулах талаар тохиролцсон гэж “Нанжао жибао” сонин мэдээлжээ.
Хятад Пакистан хоёр батлан хамгаалахын салбарт хамтран ажиллаад удаж байгаа тул иймэрхүү мэдэгдэл сонирхол татахгүй мэт санагдаж болох. Гэвч хэдхэн долоо хоногийн өмнө болоод өнгөрсөн БРИКС-ийн гишүүн орнуудын уулзалтаар ОХУ нь Энэтхэгт агаарын довтолгооноос хамгаалах С-400 системийг худалдахаар болсон гэдгийг мартаж болохгүй. Дээр нь Энэтхэг ба Пакистаны хооронд Энэтхэгийн Кашмир мужтай холбоотой байнгын далд дайн явагдаж байдаг. Хятад ч Кашмир мужийн багагүй хэсгийг өөрийн газар нутаг гэж мэдэгдэн нэг бус удаа буу шийдэм болж байсан. Иймд газар нутгийн маргааны асуудал дээр Пакистан, БНХАУ хоёрыг нэг байр суурьтай гэж болно.

Пакистан ба Афганистаны хилийн орчим Америкийн армийнхан алсын удирдлагатай нисэх төхөөрөмжөөс пуужингийн цохилт өгч олон хүний аминд хүрч байгаатай холбоотойгоор энэ хоёр улсын харилцаа тийм ч сайнгүй байгаа. Үүнээс болоод Пакистан нь өөрийн зэвсэглэлд байдаг Америкийн F-16В онгоцны сэлбэг хэрэгслийг худалдан авах, шинэчлэхтэй холбоотой багагүй бэрхшээлтэй тулгардаг. Харин Пакистаны Цэргийн нисэх хүчинд тоо ба төрөл зүйлээр хамгийн олон тооцогддог Хятадад үйлдвэрлэгдсэн сөнөөгч онгоцууд нь Оросын С-400 системийг даван гарах чадвараар тун ядмаг. Хятад нь Оросоос С-400 системийг худалдан аваад тун удаагүй байгаа. Энэ мэт мэдээллийг зэрэгцүүлэн харьцуулбал пакистанчууд Энэтхэгийн агаарын довтолгооноос хамгаалах хүчний шинэ боломжоос багагүй болгоомжилж, хуучны анд БНХАУ-д хандсан гэж ойлгогдохоор байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан