Өнгөрсөн наадамд үзүүрлэж Монгол Улсын арслан цол тэмдэгээр энгэрээ мялаасан Рэнцэнбямбын Пүрэвдагва өнгөрсөн амралтын өдрүүдэд ӨМӨЗО-д болсон “Алтан бүс” барилдаанд түрүүлж бөхөд хайртай монгол түмнээ дахин баярлууллаа. Энэхүү барилдаанд Монгол Улсаас арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нарын бөхчүүд зодоглож, залуу арслан Р.Пүрэвдагва өвөрлөгч нутгийн аварга н.Батжаргалтай үзүүр, түрүүнд үлдэж өвдөг шороодуулсан байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт болсон “Монгол бахархлын өдөр”-т зориулсан шилдэг 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Дашийг уран гоё өмсөж долоо даван түрүүлсэн билээ.