Т.ЖАНЦАН
Жижиг дунд үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх гол нөлөө нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад оршдог. Энэ нь эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Монгол Улсын Засгийн газар 1994 онд Дэлхийн банктай хамтарч “Ядуурлыг бууруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үеэс л жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ярьж эхэлсэн гэж хэлж болно. Гэвч жижиг дунд үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг бүрэн шийдэж чадалгүй өдий хүрчээ. Үүнийг Монголбанкны энэ жилийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн түүвэр судалгаанаас харж болох нь.
Төв банк сүүлийн таван жилийн хугацаанд үйлдвэрлэгчдэд тохиолдож буй бэрхшээлийн талаар судалгаа хийж ирсэн билээ. Энэ жилийн судалгаанд 2000 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч оролцсон аж. Тэдний 78 хувь нь ес хүртэлх ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг байгаа юм. Уг судалгаанд оролцогчид төр засгийн жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, үйл ажиллагааны дэмжлэг хангалттай бус, хэрэгжилт муу, хүртээмж бага гэсэн дүн тавьжээ.
Ингээд төрөөс үзүүлж буй санхүүжилт, бодлого, үйл ажиллагааны дэмжлэгийг илүү хүртээмжтэй болгох, хэрэгжилтийг нь сайжруулах, төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулж олон шат дамжлагыг цөөлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай гэсэн байна.
2011 оноос хойш жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа муудаж байна. Үүнд ажилгүйдэл, ядуурал, улс төрийн байдал, валютын ханш, төрийн үйлчилгээ, хүнд суртал, хуулийн хэрэгжилт болон зээлийн хүү, шимтгэл хураамж зэрэг нь гол нөлөө үзүүлсэн гэв. Тухайлбал, хууль эрх зүйн орчны зохицуулалт дутмаг байдгаас багагүй бэрхшээл учирдаг аж. Мөн эдийн засаг хямралтай байгаа нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүнд цохилт болж буйг дурдлаа. Ялангуяа, ажилгүйдэл өсөхийн хэрээр өрхийн орлого буурч худалдан авалт багассан. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ онд өрхийн орлого 10 хувиар буураад байгаа. Тэгвэл хэрэглээ 15 хувиар буурсан судалгаа бий. Энэ нь худалдан авалт буурах гол шалтгаан болов. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд өрхийн орлогыг нэмэгдүүлэх нь чухал юм.
Жижиг дунд үйлдвэрлэгчид хаалгаа барихад хүргэсэн эдийн засгийн зүгээс үзүүлж буй гол дарамт нь гадаад валютын ханшийн өсөлт. Учир нь үйлдвэрлэгчид түүхий эд, бүтээгдэхүүний орц, тоног төхөөрөмж зэргээ өндөр үнээр импортлоход хүрчээ. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж худалдан авалтад сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Товчхондоо үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн гэсэн үг. Ийм үед үйлдвэрлэл яриад ч нэмэргүй юм. Үйлдвэрлэлийн нийт зардлынх нь 42.9 хувийг нь түүхий эд, ажилчдын цалингийн зардал эзлэх болжээ. Харин 38.2 хувийг нь цахилгаан, дулаан, тээвэр, түрээсийн өртөг эзэлж байгаа юм.
Жижиг дунд үйлдвэрлэгчдийн гол бэрхшээлийн нэг яах аргагүй санхүүжилт. Манай улсад санхүүжилт босгох зах зээл хөгжөөгүй. Иймд банк эсвэл төрийн хөнгөлөлттэй зээл хүсэхээс өөр гарцгүй юм. Гэтэл банкууд хатуу нөхцөл, шаардлага тавьдаг. Бас хугацаа нь богино, зээлийн хүү өндөр. Уг судалгаанд дурдсанаар үйлдвэрлэгчид болон аж ахуйн нэгжүүдэд банкуудын олгож буй зээлийн жилийн дундаж хүү 18.2 хувьтай байна. Үүнээс гадна олгосон зээлийнхээ тодорхой хувийг үйлчилгээний хураамж шимтгэл болгон авдаг. Олгож буй зээлийн хугацаа нь ихэвчлэн хоёр жил. Энэ нь үйлдвэрлэлд зохицохгүй байгаа аж. Мөн үйлдвэрлэгчид зээлийн барьцаа хөрөнгөгүй, хөрөнгийн үнэлгээ бага байдаг нь шаардлагатай санхүүжилт авч чадахгүйд хүргэж байгааг онцолжээ. Зээлийн батлан даалтын санд хандахад хүнд сурталтай, тэр бүр хамрагдаж чаддаггүй байна. Ийм учраас үйлдвэрлэгчдийн нийт зардлын 15 хувийг зээлийн хүүгийн төлбөр эзэлдэг.
Уг нь төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай олон бодлого, шийдвэр гаргасан. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, НӨАТ-аас энэ оныг дуустал чөлөөлсөн. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлөөд байгаа.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая байсныг 500 сая төгрөгт хүргэсэн. Тэгээд зээлийн хугацааг гурваас таван жил, хүүг нь жилийн долоон хувь болгох санхүүгийн хөнгөлөлтүүдийг бий болгосон. Мөн 2012 онд “Зээлийн Батлан Даалтын Сан”-г үүсгэн байгуулсан юм. Гэвч тэдгээр нь амьдрал дээр бууж үр дүнгээ өгөхгүй байгаа бололтой. Иймд үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгөөр дутагдаж үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Тэгэхээр төр засаг өнөөдөр хэрэгжүүлж буй бодлогодоо дүн шинжилгээ хийж цааснаас амьдрал дээр буулгах шаардлага тулгарч байна.
Үүний тулд төр засаг төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийг ил тод байлгаж ажлын байр нэмэгдүүлэх үйлдвэрлэгчдэд олгох, хүнд сурталаа багасгах арга хэмжээг эхний ээлжинд авах ёстой гэж үйлдвэрлэгчид үзжээ. Эдгээрээс гадна дотоодод үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний импортыг хумих хэрэгтэй гэдэг. Тэгэхдээ татварын болон бусад зохицуулалт хийж дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь чухал гэдгийг үйлдвэрлэгчид олон жил хэлж байгаа ч өнөөг хүрчээ. Өөрөөр хэлбэл энэ Засгийн газар өмнөх эрх баригчдын адил дүлий дүмбэ оргиод суухгүй байх гэдэгт үйлдвэрлэгчид найдаж ийнхүү өнөөх улиг болсон үгээ хэлжээ.