Н.БАТ
Тараиаланчинд маань энэ жил 355 мянган га-д улаанбуудай тариалж, 460 мянган тонн ургац авсан дүн гарчээ. Улаанбуудайн хувьд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой төдийгүй ХХААХҮ-ийн сайдын хэлснээр илүү ч гарах төлөвтэй байгаа гэнэ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайг тонныг нь 560 мянгаас 500 мянган төгрөгөөр тооцон өр авлагадаа хүлээн авахаа мэдэгдсэн. Тус газрын хувьд 120 мянган тонн буудай хадгалах савтай бөгөөд савны хэмжээгээрээ худалдаж авах ёстой ч 60 мянган тонн буудай нь тариаланчдын өр авлагад хуримтлагдах бол үлдсэн 60 мянган тонныг нь улсын мөнгөөр худалдаж авна. Монгол Улс 3 сая хүнтэй. Жилд дунджаар нэг хүн 105 кг гурил хэрэглэдэг гэсэн статистик мэдээ бий. Өөрөөр хэлбэл монголчууд нийт 315 мянган тонн гурил буюу 450 мянган тонн буудайг дотооддоо хэрэглэдэг гэж үздэг.
Тиймээс гурилын үйлдвэрүүдийн хувьд үнээс нэмүү өртөг санал болгох нь юу л бол. Одоогоор тариаланчдын ярьж буйгаар гурилын үйлдвэрүүд тонн буудайд 360 мянгаас 460 мянган төгрөг санал болгож, харилцан тохиролцож чадвал наймаагаа хийж байгаа аж. Нар хур тэгш зун байсан учраас улаанбуудайн чанарын хувьд энэ жил гурил үйлдвэрлэгчиддээ гологдохгүй хэмээн тариаланчид ам сайтай байгаа аж.
Өнгөрсөн жилийн өдийд тариаланчид яам болоод гурил үйлдвэрлэгчидтэйгээ үл ойлголцох байдал үүссэн төдийгүй гантай жилийн улмаас ургацынхаа багагүй хувийг алдсан, улсаас хүсэх зүйл ихтэй байв. Нийт 260 мянган тонн буудай хураан авах учраас 100 гаруй мянган тонн буудай импортоор авахаас өөр аргагүй хэмээн холбогдох албаны мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид хэлж байсан бол тариаланчид үүнийг эрс эсэргүүцсэн. 2015 оны хавраас эхэлсэн тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн үл ойлголцол жагсаал цуглаанд хүрсэн ч яамны зүгээс тодорхой хэмжээний буудай импортлох квот тогтоож, гурил үйлдвэрлэгчдэд эн тэнцүү хувааснаар байдлыг намжмал болгосон. Харин энэ жилийн хувьд зах зээлийн харьцангуй тайван байх нь тодорхой. Гурил үйлдвэрлэгчдийн хувьд боломжийн үнээр түүхий эдээ худалдаж авах боломжтой бол тариаланчид ч санасан хэмжээндээ ургацаа авсан жил болсныг ургацын урьдчилсан мэдээллээс харж болох юм.
Энэ жил улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангана
ХХААХҮЯ-ны Газар тарилангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас ургац хураалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Ургац хураалтын дүн гарсан байна. Төлөвлөсөн хэмжээнд ургацаа хураан авч чадсан уу?
-2016 оны ургац хураалтын дүн ерөнхийдөө гарч байна. Улсын хэмжээнд нийтдээ 475,8 мянган га талбайд үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа. Ингэснээр хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах ургац хурааж авсан гэсэн үг юм. Өмнө нь хүнсний ногооны хэрэгцээний 40-50 орчим хувийг хангаж ирсэн. Энэ жилийн хувьд 54 хувийг хангахуйц хэмжээний хүнсний ногоо хурааж авлаа. Ирэх хаврын тариалалтад аж ахуй нэгжүүд үр тариагаа тодорхой хэмжээнд нөөцөлдөг. Энэ жилийн хувьд аж ахуй нэгж, иргэд 45.5 мянган тонн үр нөөцөлсөн, ОБЕГ 1300 гаруй тонн үрийн буудай, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2000 гаруй тонн үрийн буудайг нөөцлөхөөр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Аж ахуйн нэгж, иргэд 388.9 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн нь өндөр үзүүлэлт юм. Үүнээс харвал ирэх хавар тариалалт өмнөх жилүүдээс илүү их байх нь гэсэн тооцоо судалгаа гарч байгаа.
-Ес, аравдугаар сард хур тунадас их орсон нь ургац хураалтын дүнд сөргөөр нөлөөлсөн үү?
-Есдүгээр сарын сүүлийн арав хоног хур тунадастай, 10 дугаар сард газар тариалангийн төвийн бүс нутгуудаар хур тунадас, нойтон цастай байсан нь тодорхой хэмжээний хаягдал үүсгэх, ургац хураалтын ажлын хугацааг хойшлуулах зэрэг асуудал үүсгэсэн. Гэхдээ ургацаа алдахуйц хэмжээнд хүрээгүй. Ургац хураалтын урьдчилсан балансаар 480 орчим мянган тонн хүнсний улаан буудай хурааж авна гэсэн тооцоо гарсан байснаас 460 мянгыг хураан авлаа.
-Хүнсний улаанбуудайн борлуулалтын ажил дууссан уу?
-Борлуулалтын ажил дуусч байна. Хүнсний улаанбуудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сан 65 мянган тонн, гурил үйлдвэрлэгчид 220 мянган тонн, спиртний үйлдвэрт 10 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тонн борлуулалт хийгдээд байна. Манай улсын жилийн хэмжээ 320 мянган тонн гэж тооцвол 30-40 мянган тонн буудай илүү гарч байна. Үүнийг аж ахуй нэгжүүд өөрсдийн савны багтаамж боломжоо ашиглан нөөцөлж байгаа. Энэ нь жилийн турш борлуулалт үргэлжилнэ гэсэн үг.
Монгол буудай экспортлогч болж чадах уу
ХХААХҮ-ийн сайдын хувьд урьдчилсан дүнгээр 100 гаруй мянган тонн буудай илүү гарах байх. Экспортод гаргая гэсэн бодол байгаа хэмээн холыг харж ярьж байсан ч энэ жил манай улсын хувьд экспорт гэдэг холын мөрөөдөл хэвээр өнжих нь тодорхой бололтой. Учир нь 2016 он нь дэлхий дахинаа ургац арвинтай жил боллоо. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан мэдээллээр энэ намар 2 тэрбум 569 сая тонн үр тариа хурааж авсан нь төлөвлөсөн хэмжээнээсээ 38 сая тонноор буюу 1,5 хувиар давсан үзүүлэлт юм. Ийм арвин ургац хурааж авахад Энэтхэг, ОХУ, АНУ-ын ургац голлон нөлөөлсөн бол цагаан будааны ургац ч 1,3 хувиар өссөн гэнэ. Хэдийгээр хэрэглээ өсч байгаа ч импорт, экспортын төвшинд төдийлэн өөрчлөлт орохгүй гэж шинжээчид үзжээ.
Хоёр долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 27-нд хийсэн борлуулалтаа АНУ үр тарианы экспортын хамгийн муу өдөр хэмээн онцлон бичжээ. Улирал эхэлснээс хойш экспортод хамгийн багадаа долоо хоногт 350-370 мянган тонн үр тариа гаргаж байсан ч сүүлийн долоо хоногуудад борлуулалт нь унасан гэнэ. АНУ-ын хамгийн том худалдан авагч нь Мексик, Филиппин, Венесуэл, Колумби, Гондурас, Марокка, Сингапур, Алжир, Коста Рика, мөн Япон юм.
Эндээс харвал Азийн улсууд томоохон худалдан авагчаар тодорч байгаа учраас манай улсын хувьд буудайн экспортын орон зай байгааг үгүйсгэх аргагүй. Жишээ нь, Сингапур, Япон, Солонгос улс жил бүр буудай худалдан авах тендер зарласаар байгаа нь үнэн. Энэ жилийн хувьд Өмнөд Солонгосын CJ Cheiljedang компани АНУ-аас 52,85 мянган тонн буудай авах гэрээ хийжээ. Тэд ирэх хаврын буудайн гэрээгээ энэ сарын эхээр хийсэн байна. Индонез болон Филиппинийн гурил үйлдвэрлэгчид өнгөрсөн долоо хоногт хэрэгцээт буудайгаа худалдаж авах гэрээ хийжээ. Индонез улс Канадаас 20 мянган тонн буудайг тонныг нь 265-270 ам.доллараар худалдаж авсан бол Австралиас 25 мянган тонн буудайг тонныг нь 210 ам.доллараар авсан байна.
Филиппинийн үйлдвэрлэгчид 165 мянган тонн буудайг ирэх жилийн 2-4 дүгээр сард худалдаж авахаар гэрээлжээ. Тэгвэл Японы хувьд 125,8 мянган тонн буудайг АНУ, Канадаас худалдаж авах болсноо зарласан байна. АНУ-аас 67,5 мянган тонныг, Канадаас 30 мянган тонн буудайг өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс энэ сарын 20-ны хооронд авч үлдсэн 28,3 мянган тонн буудайгаа 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд АНУ-аас авах гэнэ. Хэдийгээр Азийн орнууд багагүй хэмжээний буудай худалдан авдаг ч АНУ, Канад, Австрали, ОХУ гэсэн улс орнууд томоохон экспортлогчийн байр сууриа бат хадгалж, буудайндаа өндөр чанар амлаж, дэлхийн стандартыг тогтоосон хэвээр байна.
Хятад улс буудайн зах зээлд тэргүүлэгч болох зорилт тавьжээ
Манай орны хувьд гуравдагч оронд экспорт хийнэ гэхээс илүүтэйгээр 1,3 тэрбум хүн амтай Хятад улсад санал болгох нь арай дөхөмтэй гэдгийг сайдаас эхлээд албаныхан хэлж байгаа. Хятад улс ч ирэх жилүүдэд энэ зах зээл дээр тэргүүлэхээр төлөвлөснөө албан ёсоор илэрхийлэх болсон юм.
2020 он гэхэд үр тариа хадгалах байгууламжийнхаа 95 хувьд технологийн бүрэн шинэчлэл хийж, үр тарианы хорогдолгүй болгоно хэмээн зарласан. Хятад бол дэлхийд тэргүүлэгч үр тариа үйлдвэрлэгч бөгөөд өнгөрсөн жил 621 сая тонн ургац /буудай, цагаан будаа, эрдэнэшиш гэх мэт/ авсан байна. Нийт ургацаасаа 100 сая тонныг улсын нөөцийн санд авдаг бөгөөд үүнийгээ хадгалах байгууламжуудад хуваарилдаг аж. Харамсалтай нь, элеваторын чанаргүй байдал нь үр тарианы багагүй хувийг алдагдал болгож, улс орны хүнсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ. Тиймээс Бээжин үр тарианы салбарын ирэх 10 жилийн төлөвлөгөөндөө агуулах савыг боловсронгуй, оновчтой болгох, логистикийн тогтолцоог сайжруулахаар тусгажээ.
Ирэх таван жилд улсын нөөцийг ч нэмэгдүүлэх учраас БНХАУ-ын төрийн мэдлийн тариалангийн компаниудыг дэмжин, 2020 он гэхэд дэлхийн хэмжээний үр тарианы үйлдвэрлэлийн томоохон компаниудыг буй болгож чадна гэж үзжээ.
Тиймээс ч төрийн мэдлийн COFCО компани нь Noble Group ба Nidera зэрэг компанийг худалдан авахад 3 тэрбум гаруй ам.доллар зарцуулснаар гадаадад хөрөнгө оруулалт хийх талбарт бусдадаа үлгэр дуурайлал болсон байна.
Газар тариалангийн салбарт уламжлалт технологиос давсан инновацыг хайж эхэлжээ
Газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд техник, технологийн болон судалгаа шинжилгээний томоохон шинэчлэлүүд хийгдсэний ачаар га-гаас 30 хүртэл центнр ургац авдаг болсон тухай “Цэгээн уст” компанийн захирал Б.Ганболд хэлж байсан. Хэдийгээр манай улсын хувьд дунджаар га-гаас 20 гаруй центнр ургац авдаг ч дэлхийн жишигт аль хэдийнэ 40 хүртэл центнр-т хүрээд байгаа юм. Газрын хүрэлцээ, үр өгөөжөөс шалтгаалж цаашдаа ч га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх нь эрдэмтдийн судалгааны гол сэдэв хэвээр байна. Жишээ нь, Их Британийн эрдэмтэд хэрвээ Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн яамнаас зөвшөөрвөл генийн өөрчлөлттэй үр тариа тариалахад бэлэн болсон гэж мэдэгдсэн байна. Эссекс болон Ланкастер их сургуулийн хамтарсан судалгааны Ротамстед төвийн эрдэмтэд уламжлалт аргаар тариалж буй үр тарианаас хавьгүй их хэмжээний ургац хураан авах боломжтой үрийн судалгааг хийж дууссан байна. Судалгааны явцад энэхүү буудайн үрийг тариалснаар одоогийн төвшнөөс 40 хувиар илүү ургац хурааж авах боломжтойг баталжээ. Эрдэмтэд нэгэнт судалгааны лабораторид туршилт амжилттай болсон учраас одоо ургацын талбайд турших цаг нь хэмээн үзэж байгаа аж. Тэд хүсэлтээ гаргасан учраас 90 хоногийн дотор хариугаа авна хэмээн итгэж буй гэжээ. Хэрвээ яамнаас зөвшөөрөл авч, эхний ургацаа амжилттай тариалж, хурааж чадвал “20 жилийн турш генийн өөрчлөлтөөр буудайн гарцыг нэмэгдүүлнэ гэдэг худлаа” гэсэн шүүмжлэлийг үгүйсгэнэ хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.