Х.ӨЛЗИЙ
Манай гаригийн хүчирхэг гүрний нэг АНУ-ын төрийн тэргүүнийг сонгох сонгууль энэ сарын 8-ны өдөр буюу маргааш болно. Энэ удаа Америкийн Ардчилсан нам, Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөнө. Ардчилсан намаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Хилари Клинтон нэр дэвшээд байгаа бол түүнтэй өрсөлдөхөөр Бүгд найрамдах намаас тэрбумтан Дональд Трамп нэр дэвшсэн юм.
Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо нь дэлхийн хамгийн төвөгтэйд тооцогдоно. Бүтэн хагас жил үргэлжилдэг сонгуулийн кампанит ажлыг дөрвөн үе шат болгон хувааж болно. Нэр дэвших, тэднийг бүртгэх, урьдчилсан сонгууль, намын их хурлаар нэр дэвшигчийг батлах, бүх ард түмний сонгууль гэж дөрвөн үе шатттай явагдана.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн системийн тухай хамгийн түгээмэл гэж болох 10 асуулт, хариултыг сонирхуулъя.
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ямар шалгуур тавьдаг вэ?
-Зөвхөн АНУ-д төрсөн, АНУ-ын иргэн
-АНУ-д сүүлийн 14 жилээс доошгүй хугацаанд амьдарсан
-35-аас дээш насны
/АНУ-ын түүхэнд Жон Кеннеди 43 насандаа хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Рональд Рейган 69 насандаа төрийн тэргүүн болсон нь хамгийн өндөр настай нь хэмээгдэж байсан ч 73 насандаа дахин сонгогдсон/
Сунгаа нь намын идэвхтнүүдийн хурлаас ямар ялгаатай вэ?
-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль төрийн тэргүүнд нэр дэвшигч тодорсноор эхэлдэг гэж болно. Үүний тулд улс орон даяар анхан шатны сонгууль буюу сунгаа, кокус буюу намын идэвхтнүүдийн хурлаа хийж, хэнийг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд сойх вэ гэдгээ тодруулна.
-2016 оны нам доторхи сунгаа, намын идэвхтнүүдийн хурал хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл болж өнгөрсөн.
-Сунгааг муж бүр өөрсдөө зохион байгуулна. Санал хураахад хайрцаг ашигладаг.
-Дүрмээр бол сунгааг хаалттай ч хийж болно, нээлттэй ч хийж болно. Хаалттай тохиолдолд сонгогчид санал өгөх эрхтэй, гэхдээ эхлээд аль нэг намд бүртгүүлсэн байх ёстой. Харин нээлттэй санал хураахад хүссэн хүн бүр саналаа өгөх эрхтэй.
-Мужуудад намууд санал хураах хэлбэрээ өөрсдөө сонгоно. Баруун Виржинид гэхэд л Бүгд найрамдах нам нээлттэй санал хурааж байхад Ардчилсан нам хаалттай явуулж байх жишээтэй.
-“Кокус” гэдэг нь Америкийн индианчуудын хэллэгээс орж ирсэн маш их шуугиантай, олон хүн цугларах гэдгийг илэрхийлсэн үг юм байна.
-Кокус буюу намын идэвхтнүүдийн цуглаан гэдэг нь хоёр намын гишүүд сургууль, олон нийтийн газар цуглараад нэр дэвшигчийн төлөө гар өргөн илээр санал хураах явц
-Кокусыг бас нээлттэй, хаалттай гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулж болно. Хаалттай цуглаанд нь зөвхөн тухайн намын бүртгэлтэй гишүүд оролцоно. Нээлттэй цуглаанд сонгогчид намын гишүүнчлэл хамааралгүй оролцож болдог байна.
-Кокус буюу намын идэвхтнүүдийн цуглааны санал хураалт нь тухайн мужид бүх нийтийн сунгаа явуулаагүй тохиолдолд чухал ач холбогдолтой байдаг.
-Өнөөдөр Америкийн ихэнх мужид бүх нийтийн сунгаа болдог ч зарим мужид намын идэвхтнүүдийн цуглаанаар санал хураасаар байгаа.
Яагаад анхан шатны сонгууль Айовад кокусаар, Нью-Гэмпширт сунгаагаар эхэлдэг вэ?
-1977 онд Нью-Гэмпшир муж анхан шатны сонгууль эхлүүлэх анхны муж гэсэн хууль баталсан юм байна. Харин намын идэвхтнүүдийн цуглаан 1972 оноос Айовад хамгийн анх эхэлсэн уламжлалтай юм байна.
-Нөгөө талаар Айова, Нью-Гэмпшир мужууд нь ирээдүйн Ерөнхийлөгчийн өрсөлдөөнд маш чухал байр суурь, хувь нэмэр болдог гэж үздэг.
“Супер мягмар гараг” гэж юу вэ?
-Энэ өдөр намууд хэд хэдэн мужид нам доторхи сунгаа, намын идэвхтнүүдийн цуглааныг нэгэн зэрэг зохион байгуулдаг.
-Энэ оны хувьд “супер мягмар гараг” нь гуравдугаар сарын 1-нд тохиосон.
Намын их хурал
-Нам доторхи сунгаа, кокус буюу намын идэвхтнүүдийн санал хураалт явж дууссаны дараа Бүгд найрамдах болон Ардчилсан намын их хурлыг зарлаж, муж бүр төлөөлөгчдөө оролцуулдаг.
-Мужуудаас тухай мужийн сонгогчдын тооноос хамаараад өөр өөр тооны төлөөлөгч Их хуралд ирдэг байна.
-Ерөнхийлөгчид өөрийн намаас албан ёсоор нэр дэвшихийн тулд үнэмлэхүй олонхийн санал авах ёстой. Гэхдээ 50 дээр нэмэх нэг хувийн санал ч авч гарч ирж болох юм.
-2016 онд Ардчилсан намын нэр дэвшигч Их хурлын 4764 төлөөлөгчөөс 2383 санал авах ёстой байсан бол Бүгд найрамдах намын нэр дэвшигч Их хурлынхаа 2472 төлөөлөгчөөс 1237 санал авах ёстой байв.
-Намын их хурлаас мөн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгон баталдаг.
Гуравдагч намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох уу?
-1852 оноос хойш Ардчилсан нам, Бүгд найрамдах нам хоёр л Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсаар байна. Дээрх намууд 1856 оноос хойш Конгрессын хоёр танхимыг хянаж, мужуудын хууль тогтоох байгууллагад ч олонхи болж байгаа юм.
-Ерөнхийлөгчийн сонгуульд гуравдагч нэр дэвшигч сайндаа л хоёр хувийн санал авдаг. ХХ зууны эхнээс л 1901-1909 онд Ерөнхийлөгч байсан Теодор Рузвельт 1912 онд Дэвшлийн намаас нэр дэвшээд сонгогчдоос 27 хувийн санал авч, Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг ардаа орхин хоёрдугаар байранд орсон түүх бий. Үүнээс хойш гуравдагч нэр дэвшигч ийм өндөр амжилт үзүүлж байгаагүй.
Бүх ард түмний сонгууль хэзээ болдог вэ?
-1845 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгууль өндөр жилийн арваннэгдүгээр сарын анхны мягмар гарагт болдог. Энэ жил арваннэгдүгээр сарын 8-ны мягмар гарагт болно. Энэ сонгуулиар ард түмэн өөр өөрийн мужаас төлөөлөн сонгогчоо сонгох юм.
/Сонгууль хоёр шаттай болдог. Сонгогчид өөр өөрийн дэмжиж байгаа хүний төлөө саналаа өгөх төлөөлөн сонгогчийг мужаасаа сонгон тэдэнд итгэл хүлээлгэн илгээж, тэд нь хоёр дахь буюу эцсийн саналыг өгнө/
Төлөөлөн сонгогч гэж хэн бэ?
-Муж бүр конгресст хэдэн төлөөлөн сонгогчтойгоос шалтгаалан тэр тоогоор төлөөлөгчийг сонгоно. Сенат 100 хүнтэй бол төлөөлөгчдийн танхим 435 төлөөлөгчтэй. Холбооны тойрог Колумба бас гурван төлөөлөн сонгогч сонгоно. Ингээд АНУ-ын Ерөнхийлөгчийг энэ 538 хүн сонгоно.
-Төлөөлөн сонгогчоор мужууд ихэвчлэн албан тушаалтан, намын идэвхтэн, тухайн нэр дэвшигчийг дэмжиж байгаа нэр хүндтэй хүмүүсээ сонгож илгээдэг. Тэднийг мужуудын намын Их хурал сонгож томилно.
-Төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч болохын тулд энэ төлөөлөн сонгогчийн олонхи буюу 270 хүний дэмжлэг авах ёстой.
Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч хангалттай санал аваагүй бол Ерөнхийлөгчийг төлөөлөгчдийн танхимаас, дэд ерөнхийлөгчийг сенатаас сонгоно. Ийм явдал 1801 онд гуравдагч Ерөнхийлөгч Томас Жефферсон, 1824 онд зургаа дахь Ерөнхийлөгч Жон Куинс Адамсыг сонгоход тохиолдож байжээ.
Санал хураалт хүчин төгөлдөр болох нь
-Санал асуулгын дараа Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн нэр ерөнхийдөө тодорхой болдог ч тэднийг сонгох ажиллагаа хэлбэрийн төдий үргэлжилсээр байдаг. Бүх нийтийн сонгуулиас хагас сарын дараа арванхоёрдугаар сарын хоёр дахь лхагва гарагийн дараагийн даваа гарагт төлөөлөгчид өөр өөрийн мужийн нийслэлд цугларч, Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн төлөө саналаа өгнө.
Ерөнхийлөгчийг хэзээ тэгээд албан ёсоор сонгогдсон гэж үзэх вэ?
-Нэгдүгээр сарын эхээр Конгрессын хоёр танхимын хамтарсан хурлаар төлөөлөн сонгогчдын санал хураалтын дүнг хэлэлцээд нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан гэж үздэг байна.
-Ингээд Ерөнхийлөгчийг сонгуулийн дараахь жилийн нэгдүгээр сарын 20-ноос албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг.