Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Салхин паркуудын сэнс хэзээ эргэж эхлэх вэ


Ж.ЖАМУХА

Манай улс 2020 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьж, энэ хүрээнд эрчим хүчний салбарт багагүй хөрөнгө оруулалт хийгдсэн.

Толгой яам ч үгүй байсан салбарыг тордож өөд татсаны хувьд Шинэчлэлийн Засгийн газар босгосон бондын хөрөнгө, элдэв зээл тусламжаараа эрчим хүчний салбарыг хангалттай “угжсан” гэж болно. 2013 онд Хөгжлийн банкны санхүүжилтээр III, IV цахилгаан станцын өргөтгөл, “Амгалан” дулааны станц, “Тавантолгой”-н цахилгаан станц болон Эгийн голын усан цахилгаан станцад нийт 137 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүнд III, IV цахилгаан станц нийт 173 МВт-аар хүчин чадлаа нэмж, “Амгалан” дулааны станц ашиглалтад орсон гээд бүтээн байгуулалтын шинжтэй ажил багагүй хийгдсэн ч энэ бүхэн ердөө л “гал алдахгүй”-н төлөөх тэмцэл байв. Учир нь, дээрх төсөл, хөтөлбөрүүд жилээс жилд өсөн нэмэгдсээр ирсэн эрчим хүчний импортын хэмжээг бууруулах гэсэн оролдлого төдий байсан гэхэд хилсдэхгүй. Угтаа, олон улсын жишигт аливаа улс орны эрчим хүчний үйлдвэрүүд энгийн үедээ 20 хувиас багагүй нөөцтэй ажиллах ёстой ч манай цахилгаан, дулааны станцууд хүчин чадлаа шавхан ажиллаад ч дотоодын хэрэгцээгээ хангаж хүчрэхгүй өдий хүрч. Сүүлийн хэдэн жил өрнөсөн барилга, уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг дагаад эрчим хүчний эрэлт хэрэгцээ төдий чинээ өссөн ч өдгөө нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 гаруй хувийг хоёр хөршөөсөө импортолж байна. Газрын хөрсөн дороо эрчим хүчний эх үүсвэр болсон нүүрс, занар, ураны асар их нөөцтэйн дээр нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй атал цахилгаан импортолж суугаа нь эрчим хүчний салбар жинхэнэ утгаараа “алтан дээр суусан гуйлагчин” болсныг гэрчилэх шиг.

Дээр нь муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг дотооддоо үйлдвэрлэж буй ханшнаас даруй хоёр дахин өндөр үнээр эрчим хүч импортолж байна.

Угтаа нь хоёр, гуравхан жилийн дараа нийт хэрэглэнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой ч байдал эсэргээрээ буюу 20 хувийг нь импортолж сууна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд бид цахилгаан эрчим хүчний импортод 130 сая ам.доллар зарцуулжээ. III, IV цахилгаан станцын өргөтгөл, “Амгалан” дулааны станц, “Тавантолгой”-н цахилгаан станц болон Эгийн голын усан цахилгаан станцын ажилд нийт 137 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гээд бодоход энэ зэргийн хөрөнгөөр дээр дурдсан шиг бүтээн байгуулалт өрнүүлж болмоор. Түүнчлэн, импортын цахилгааны хэмжээ жил ирэх тусам өсч байгаа гэхээр энэ салбарт огт өөр зохицуулалт хийх цаг болсон гэлтэй. Харамсалтай нь, өч төчнөөн саяар нь үрж зарсан эрчим хүчний салбарын ирээдүйг “авч явах” учиртай сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд сэхэл авалгүй байсаар өдий хүрэв. 2013 оны зургадугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Салхит” салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсныг эс тооцвол сэргээгдэх эрчим хүчний төслүүд тэр чигтээ “царцсан” гэж болно.
2004 оноос хойш үлгэр мэт яригдсаар өнөөдөртэй золгосон “Сайншанд” салхин паркийн ажил мөн л эхлээгүй байна. 2014 онд тендер нь зарлагдаж, гүйцэтгэгч нь тодорч байсан уг төслийг энэ онд ашиглалтад оруулна хэмээн дээр дооргүй ярьж байв. Өнгөрсөн долоо хоногт төслийн хэрэгжүүлэгч ХБНГУ-ын “Ферростаал” компани болон төслийн хамтран гүйцэтгэгч, санхүүжүүлэгчээр ажиллах болсон “Энжи” компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсныг эс тооцвол энэ төсөл хөдлөөгүй. Анх 2015-2016 онд улсын комисст хүлээлгэн өгнө гэж байсан төсөл өдгөө 2018 оны хоёрдугаар хагаст дуусахаар төлөвлөгджээ.

Түүнчлэн, сэргээгдэх эрчим хүчний салбарыг 250 МВт-аар өргөтгөх “Оюутолгой”-н салхин цахилгаан станцын төсөл ч хэрэгжиж эхлээгүй  байна. Хоёр үе шаттай хэрэгжих эл төсөл бүрэн хэрэгжиж дуусвал БНХАУ руу салхины эрчим хүч экспортлох тухай яригдаж буй. Уг төслийг Монгол Улсад хэрэгжүүлж буй хамгийн том сэргээгдэх эрчим хүчний төсөл гэж байгаа ч салхин цахилгаан станцын “таг” хэвээр. Учир нь, төслийн эхний үе шат болох 102 МВт-ын суурилагдах хүчин чадалтай цахилгаан станцыг энэ онд ашиглалтад оруулах ба хоёр дахь үе шат буюу 148 МВт-ын суурилагдах хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын ажил үүний дараа эхлэх юм.

Сэргээгдэх эрчим хүч тэр дундаа салхин цахилгаан станцуудаас хамгийн бага хүчин чадал бүхий удаах парк бол Чойр салхин цахилгаан станц юм. Турк улсын хөрөнгө оруулалттай “Айдинер Глобал” ХХК-ийн хэрэгжүүлж буй 50 МВт-ын хүчин чададтай салхин цахилгаан станцыг Говьсүмбэр аймгийн Чойр орчимд байгуулахаар төлөвлөсөн.

Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 100 сая ам.доллар хэмээн тооцсон ч энэ тоо эдийн засгийн хямрал, валютын өсөлтөөс хамаарч жил ирэх бүр өсөх шинжтэй байгааг албаны хүмүүс хэлдэг. Угтаа жилд 140 сая кВт.цаг цахилгааныг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоо хийгдсэн ч ажил одоо ч эхлээгүй байна. Энэ мэт эрчим хүчний салбарын ирээдүйг тодорхойлох сэргээгдэх эрчим хүчний хамгийн гол эх үүсвэр болох салхин паркуудын ажил царцсан хэвээр. Гэтэл бид жил бүр 100 гаруй сая ам.доллараар эрчим хүч импортолж, Хятад руу гаргах нүүрснийхээ хэмжээг яаж нэмэх тухай толгойгоо гашилгаж сууна. Нүүрс биш цахилгаан эрчим хүч экспортолж чадвал зэс, нүүрс экспортлохоос ч илүү ашиг олох төлөв харагдаж буй. Ойрын 15 жилд буюу 2030 он гэхэд Азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ эрс өсөх тухай мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тэр үед монголчууд бид зөвхөн нар, салхины нөөцийнхөө ердөө 10 хувийг ашиглах замаар дотоодын хэрэглээнээсээ 350 дахин их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Энэ нь үйлдвэрлэл өндөр хөгжсөн БНСУ-ын бүтэн жилийн хэрэглээг нугалсантай дүйх хэмжээ юм.

Ийм их нөөц, бололцоо байсаар байтал эрчим хүч экспортлох нь байтугай импортолж суугаа нь үе үеийн төр засгийн өнөө, маргаашаа аргацаасан бодлоготой холбоотой.

Нүүрс, зэс алтаа ухаж хялбар бөгөөд хамгийн “хоцрогдсон” аргаар мөнгө олох гэсэн бодлогоос болсон нь мэдээж. Өдгөө өнөөх уул уурхайн салбар нь уналтад орсны дээр эрчим хүчний хэрэглээнд ч ихээхэн “дарамт” үүсгэж буй нь үнэн. Ямартай ч, царцсан салхин паркуудын сэнс эргэж эрчим хүчний салбар маань алдагдлаа бус ашгаа тооцдог болох цаг ирэх биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан