Н.БАТ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр ойртох тусам дэлхий нийтээрээ чих тавин өрсөлдөгчдийн хэлсэн үг бүрт шинжилгээ хийх нь холгүй байна. Энэ сарын 8-нд АНУ-ын иргэд 58 дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Эдийн засаг, хөгжил, боловсрол, хүний эрх, эрх чөлөө гээд олон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх улс гэсэн байр сууриа өнөөдрийн байдлаар алдаагүй яваа учраас АНУ-ын төрийн шинэ тэргүүн ямар бодлого баримтлах вэ гэдэг нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Энэ удаагийн сонгуулийн сунгаанд тэргүүлж, тунагсад ялангуяа тун сонирхолтой хүмүүс гэж хэлэхэд хилсдэхгүй. Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нарын мөрийн хөтөлбөр хийгээд үзэл бодлыг зөрүүг сонирхоё.
Клинтон:
Шинэ ажлын байр бий болгож, хувийн салбарыг бэхжүүлнэ. Үүнийг хийхийн тулд тусгай аж үйлдвэрийн банк байгуулж, төсвөөс 25 тэрбум долларыг томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд тусгайлан зарцуулна. Энэ хөрөнгө оруулалтыг сэргээж, 10 сая гаруй ажлын байр бий болгох боломж бүрдүүлнэ. (2016 онд АНУ-д ажилгүйдэл 2008 оноос хойшхи хамгийн бага түвшинд буюу 8 сая хүн ажилгүй байгаа гэсэн тоо бий).
Таван жилийн дотор дэд бүтцэд 275 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, логистикийн өнөөгийн асуудлуудыг шийдэж чадна.
Трамп:
“Америк үндэстнийхээ хөгжлийн шинэ ноён нурууг металлаар үүсгэнэ”. Үүний тулд хүнд аж үйлдвэрийн салбарт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
Татварыг бууруулах, төрийн зохицуулалтын түвшинг багасгах замаар АНУ-ын хүнд үйлдвэрлэлийг сэргээх хэрэгтэй.
Нүүрсний салбарын олборлолт, үйлдвэрлэлийн технологийн зарим хязгаарлалтыг арилгаж, аж ахуйн нэгжид урамшуулал олгох хэлбэрээр дэмжинэ.
Клинтон:
Баян иргэдэд зориулсан шинэ татварын орчинг бий болгож, өнөөдрийн татварын орчин сайжруулна. Жилд 1 саяас дээш ам.долларын орлоготой иргэдийн орлогын албан татварын доод хэмжээг 30 хувь байх болно.
Трамп:
Дундаж давхрага, бизнесийн татварын ачааллын хөнгөвчилнө.Орлогын албан татварын хувь хэмжээг 39,6-33 хувь болгон бууруулж, дэвшилтэт татварын хэмжээг хялбаршуулна. Өөрөөр хэлбэл татварт 12%, 25%, 33% гэсэн хувь л байна. Өвөөс татвар авахын цуцална. Шинэ ажлын байр бий болгосон компани, АНУ-ын нэр хүндийг өргөсөн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 35 хувиас 15 хувь хүртэл бууруулна.
Клинтон:
Цагаачлалын тогтолцоог шинэчилнэ. Хөдөлмөрийн нөөц татах, бичиг баримтыг хөнгөвчлөх, гэр бүл салалттай тэмцэх зэрэг бодлогыг чухалчилна.
Трамп:
Цагаачдын тоог хязгаарлах, тэдгээрт тавих шаардлагыг шинэ журмаар зохицуулна.
Мексикийн хууль бусаар шилжин суурьшигчидтай тэмцэн Мексикийн хил дээр хана барина. / Үүнд ойролцоогоор 5-25 сая ам.доллар зарцуулах тооцоо бий/
11 сая хууль бусаар амьдарч байгаа цагаачдыг албадан гаргана. Мексикийн иргэдийн ажиллах визний төлбөрийг нэмэгдүүлнэ.
Обамагийн эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэх үү?
Клинтон:
АНУ-ын иргэн бүрийг заавал эрүүл мэндийн даатгалд хамруулах Обамагийн бодлогыг үргэлжлүүлнэ. Цагаачлалын статусыг үл хамааран АНУ-д амьдарч буй хүн бүрийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг хангана. Иргэдийн зүгээс эрүүл мэндэд зарцуулж байгаа зардлыг бууруулж, жороор олгож байгаа эмийн зардлыг ч даатгалаас төлөх тогтолцоог бүрдүүлнэ. Иргэн бүрийг даатгалд хамруулах 10 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Эмийн компаниудын эмийн үнэд хяналт тавина.
Трамп:
Конгрессоос хөтөлбөрийг цуцлахыг шаардана. Үүний оронд 1965 онд үйлчилж байсан бага орлоготой иргэдэд туслах ил тод үнийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Засгийн газар, эмийн компаниудаас шаардана. Ахмад настан, ядууст чиглэсэн эрүүл мэндийн хөтөлбөрийн зардлыг бууруулах төлөвлөгөөгүй байна.
Клинтон:
Хүүхэд болон гэр бүлийнхээ өвчтэй гишүүнийг асрахын тулд чөлөө хүсч буй иргэдэд зориулж төсөвт 300 тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаанд суулгана. Одоогоор тус улсын хууль тогтоомжийн дагуу ийм нөхцөлд 12 долоо хоногийн цалингүй чөлөө олгодог байна. Хүүхдэд боловсрол олгоход зарцуулж байгаа зардал өрхийн орлогын 10 хувиас давахгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтална.
Трамп:
Эцэг эхэд нь татварын урамшуулал олгоно. Хүүхдийн боловсролд зарцуулсан зардлыг эцэг эхийнх нь төлсөн орлогын албан татвараас хасч тооцно. Эцэг эх нь 250 мянга, эсвэл хамтдаа 500 мянган ам.долларын жилийн орлоготой бол ашиг тооцохгүй. Харин өвчтэй хүмүүс, хүүхдийн талаар байр суурь нь тодорхойгүй байна.
Клинтон:
Жилд 125 мянган ам.доллараас доогуур орлоготой гэр бүлд зориулсан үнэ төлбөргүй боловсрол олгох сургууль, оюутны зээл, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэхэд 500 тэрбум ам.доллар зарцуулна.
Трамп:
Бага орлоготой өрхийн хүүхдүүд сонгосон сургуульдаа суралцах боломжийг бүрдүүлэхийн төлөө 20 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж болгон хуваарилана.