Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Индонезид Хятадын нөлөөг эсэргүүцсэн үймээн дэгдэж болзошгүй


Б.БАДРАЛ


Индонезийн нийслэл Жакартад хэт явцуу үзэлт исламын шашинтнууд Хятадын нөлөө ихэсч буйг эсэргүүцсэн жагсаал нь олныг хамарсан үймээн болохоос сэргийлэхийн тулд цагдаагийн хүчийг зузаатгах шийдвэр гаргажээ. Энэхүү жагсаал нь албан ёсны зөвшөөрөлтэй явагдах хэдий ч жагсаалыг дэмжигчид гэгдсэн хүмүүс олон нийтийн сүлжээ, сайтуудаар дамжуулан арьсны өнгө, яс үндэс, шашнаар ялгаварлан гадуурхсан утгатай уриалга ихээр тарааж байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон аж. Жакарт хотын цагдаагийн газрын дарга Ави Сетийоно “Интернэтээр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж, үймээнд уриалсан олон тооны мэдээ цацагдаж байгааг бүртгэсэн. Эдгээр  уриалгын дийлэнх нь хятад хүмүүсийн эсрэг утгатай байна” гэжээ.

Харин энэхүү жагсаалыг зохион байгуулагчид исламын шашинтнууд хэв журмыг зөрчсөн үйлдэл огт гаргах гээгүй, өдөөн хатгасан, үймээнд турхирсан уриалгыг дэмжихгүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын гол зохион байгуулагч, уриалагч Хабиб Ризиек “Бидний явуулах гэж байгаа жагсаал нь Христийн шашин эсвэл хятад үндэстнүүдийн эсрэг зүйл огт биш”  гэжээ.

250 сая гаруй хүн амтай Индонезид 7 сая хүртэл хятад үндэстэн амьдардгаас дийлэнх нь христийн шашинтнууд байдаг. Иймд хүн амынх нь 88 хувь нь исламын шашин шүтдэг улсад Христийн шашны эсэргүүцсэн уриа нь үндсэндээ Хятадын эсрэг урианы халхавч болж байна гэж үзэж буй.

Индонезийн хуажао нарын түүх

Ер нь, Индонезийн түүхэнд хятадаас цагаачлан ирэгсэд буюу хуажао нарыг үй олноор нь хомроглон устгаж байсан тохиолдол олон байдаг. XVIII зууны Индонезийг колончилж байсан голландчууд Чин гүрнээс ажлын хямд хүч болгон хуажао нарыг асар олноор нь оруулан иржээ. Тэднийг гол төлөв чихрийн нишингийн талбайд ажиллуулдаг байж. Үүнээс үүдэн XVIII зуун гэхэд хуажао нар Индонезийн хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь хяналтдаа оруулж чадсан бөгөөд нутгийн иргэд тэдэнд хөлсөөр ажилладаг, хямд ажлын хүч болж хувирсан юм. Гэвч Индонезийн элсэн чихэр үйлдвэрлэгчид Бразилийн өрсөлдөгч нартаа ялагдсан тул олон зуун мянган хуажао нар ажилгүй болсон гэдэг.

Эхний хэлмэгдүүлэлт

1740 онд Индонезийн хүн амын бараг 50 хувь нь хуажао нар болсон нь нутгийн иргэдэд таалагдаагүй нь мэдээж. Ажилгүй болсон хуажао нарыг голланд колончлогчид нутаг руу буцаах гэж оролдон бослого үймээн дэгдээж эхлэхэд голландчууд бослогыг дарах нэрийдлээр нутгийн уугуул иргэд буюу индонезичүүдээс бүрдсэн цэргүүдийн гараар тэднийг хомроглон устгах арга хэмжээ явуулж олон арван мянган хүний аминд хүрсэн байдаг. Хачирхалтай ч хятад иргэдийг хомроглон устгах ажиллагаа явагдсан ч гэлээ Индонезийг зорьсон хуажао нарын тоо багасаагүй.

Хоёр дахь хэлмэгдүүлэлт

Хуажао нарыг эсэргүүцсэн хоёр дахь их устгал 1945 онд Индонезийг тусгаар болоход болсон түүхтэй. Шинэ тусгаар улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон коммунист үзэл баримтлалтай Сукарно хуажао нарын эсрэг туйлын харгис гэж болохоор бодлого явуулсан юм. 1940-өөд онд Японы булаан эзлэгчдийн эсрэг дайнд хуажао нар индонезийн партизануудад хөрөнгө мөнгө, зэвсэг, хүн хүчээр идэвхтэй тусалж байсан хэдий ч шинэ Ерөнхийлөгч нь “үндсэрхэг үзэл, исламын шашин ба индонезийн коммунист нам” гэсэн бодлого явуулж хуажао нарыг шахан гаргах хатуу бодлого баримталсан. Ингэх хэд хэдэн шалтаг байсныг судлаачид дурдсан байна. Нэгдүгээрт, хятад иргэд бизнес хөтлөх чадвар, холбоо сүлбээгээр уугуул иргэдээс хавьгүй дээр. Үр дүнд нь 1950 он гэхэд Индонезийн жижиглэн худалдаа эрхэлдэг бүх дэлгүүр хуажао нарын мэдлийнх болсон байв. Ийм нөхцөлд уугуул иргэдийн дундаас бизнес эрхлэх гэсэн хэнбугай ч тэдэнтэй өрсөлдөж дийлдэггүй, дампуурах нь ойлгомжтой. Хоёрдугаарт, 1949 онд Хятад коммунист системтэй болоход Дэн Сяопин “Эх газар ч тэр, Тайван, Сянган /Хонконг/ ба Аомэн /Макао/-д байгаа эх орон нэгтнүүд болон далайн чанадад байгаа хуажао нар нь мөн чанартаа бүгд хятад үндэстний үр, ач нар юм” гэсэн мэдэгдэл хийсэн. Иймд эдийн засгийн өргөн их боломжтой, өөрийн гэсэн намтай, сонин хэвлэл, сургуультай хуажао нарыг улс төрийн эрх мэдэлтэй болгосноор Хятадын нөлөөнд автах, тусгаар тогтнолоо алдах эрсдэл гарсан гэж тухайн үеийн удирдлага үзсэн. Иймд Сукарно нь хятад наймаачдыг хавчин боохоос гадна хуажао нарт индонезийн иргэншил олгохыг хориглох, хятад сургууль ба сонин хэвлэлийг хаах, намыг нь тараах бодлого хэрэгжүүлэх болсон. Үр дүнд нь Индонезийн улс төр, эдийн засаг ба соёлын салбар дахь хятад иргэдийн оролцоо эрс багассан байдаг. Судлаачид Сукарногийн хэрэг­жүүлж байсан бодлогыг үндэс угсаагаар ялгаварласан соёлын геноцид гэж дур­гуйцэн, тухайн үеийн дэлхийн нийт түү­ний үйлдлийг ил тод шүүмжилж байсан.

Гурав дахь хэлмэгдүүлэлт

1965-1966 онуудад  Индонезийг Зөвлөлтийн талыг баримтлагч коммунист улс болохоос эмээсэн АНУ тэргүүтэй өрнөдийнхний дэмжлэгтэйгээр генерал Сухартог төрийн эргэлт явуулахад дэмжсэний үрээр армийнхан ба исламын хэт явцуу үзэлтнүүд коммунистууд ба хятад иргэдийг устгах кампанит ажил явуулсан байдаг. Үр дүнд нь 500 мянгаас 1 сая хүртэл гэмгүй хүн алагдсанаас нэлээд хэсгийг нь хуажао нар эзэлж байв. Хуажао нарыг коммунист хятадтай холбоотой гэсэн шалтгаанаар олноор л хядаж бизнес, газрыг нь булаан авч байсан. Сухартогийн энэхүү бодлого төрийн эрх барьсан 30 гаруй жилийн дийлэнхэд нь байсан гэж үздэг. Үр дүнд нь Индонезийг зорих хуажао нарын тоо харьцангуй цөөрсөн. Хятадын гадаад бодлогын зарчим өөрчлөгдсөнөөр бүх зүйл өөрчлөгдсөн. 1996 онд ээлжит төрийн эргэлтийн дараагаар асуудал тун өөрөөр тавигдах болсон.

Дөрөв дэх хэлмэгдүүлэлт

1978 оноос хойш Хятадын улс төрийн удир чиг хандлага үндсээр өөрчлөгдөхөд үүнийг дагаад бүх зүйл өөрчлөгдсөн.Ли Пэн 1990 онд Индонезид айлчлаад Индонези дэх хуажао нар бүгд Индонезийн иргэд гэснээр хоёр улс хоорондын зөрчил бага зэрэг арилсан гэж болно. Хамгийн таагүй нь Индонези гэдэг улс Монголтой адил, уул уурхай, түүхий эдээс хамааралтай улс. Бүх л уул уурхайгаас гарч байгаа бүх түүхий эд нь урагшаа гарч буй. Хамгийн таагүйн нь бүгд хуажаог үзэн ядавч ч бүгд л тэдний эрхээр явах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан