Б.МЯГМАРЖАВ
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж, нийслэлчүүд өвөлжилтийн бэлтгэлээ базаасаар байна. Улирлаа дагаад хамгийн эрэлттэй наймаа нь нүүрс, модны бизнес боллоо. Энэ жил нүүрс ямар үнэ ханштай, олдоц хэр байгаа талаар сурвалжиллаа. Нийслэлийн зүүн талд амьдардаг иргэд ихэвчлэн “Цайз” захын ойр орчмоос түлээ нүүрсээ татдаг. Замын хажуугаар шуудайтай нүүрс, мод эгнүүлэн тавьсан худалдаачид их л завгүй харагдлаа. Захын хашааны цаахна талд хэсэг хэсэг газар буулгасан нүүрс, модоо хэсэг нь шуудайлж, урдуур хойгуур өнгөрөх “болжмор”-оо үргээнэ. Жижиг тэрэгтэй иргэд ч замын хажууд зогсоод ганц, хоёр, тав арван шуудайгаар нь мод нүүрс худалдан авах аж. Үнэндээ “Цайз” зах бол олон хүнийг ажлын байраар хангаж, олон хүний амьжиргааг залгуулдаг газар. Багануурын шуудай нүүрс 3500 төгрөг бол Налайхын тор нүүрсийг 2000 төгрөгөөр борлуулж байна. Үүнээс гадна нүүрсийг гурван төрлийн шуудайнд савлаж үнэлдэг болжээ. Энэ талаар нүүрс зарж зогсоо С.Пүрэвбатаас лавлахад “Бид иргэдийн худалдан авах боломжид тааруулан нүүрсээ савлаж зардаг. Нүүрсний үнэ энэ жил нэмэгдэх хандлагатай байгаа. Бид эндээс портероор нь худалдаж аваад шуудайлж, жижиглэн зардаг. Налайх, Багануур руу өөрөө зорьж нүүрсэнд явдаггүй. Хувийн машингүй болохоор портертой хүмүүсийн хэлсэн үнээр л худалдаж авдаг. Нүүрс олдохгүй, ховор байгаа сурагтай. Бид аль болох хямд үнээр зарахыг л боддог. Мэдээж өөрсдөө ашигтай ажиллах ёстой биз дээ. Өдөржин гадаа хүйтэнд даарч, байнга нүүрс тортогтой ноцолдож байж хэдэн төгрөг олж, гэр бүлийнхээ хэдэн хүний амыг хөдөлгөж байна шүү дээ. Ер нь, чанга байна шүү, амьдрал” гэв.
Портертой нүүрс зарж буй хүмүүс рүү дөхөн, үнийг асуулаа. Налайхын нүүрс өндөрлөгөөтэй ачаатай портер нь 270 мянган төгрөг, тэвшинд тааруулж ачсан нь 220 мянган төгрөг. Харин Багануурын нүүрс өндөрлөсөн нь 180 мянган төгрөг бол өндөрлөөгүй нь 140 мянга төгрөгөөр борлуулж байв. Өнгөрсөн жилийг бодвол 30-80 мянган төгрөгөөр нэмэгджээ. Наймаа хийж зогсоо М.Батболдоос энэ тухайд тодруулахад “Нүүрсний амууд бүрэн нээгдээгүй болохоор нүүрсний олдоц муу, үнэтэй байна. Нүүрсний амууд нь онгойгоод олдоц нь нэмэгдээд ирэхээр үнэ ханш нь ч буурдаг. Жил бүрийн энэ үед бол нүүрс үнэтэй байдаг юм. Бид портер нүүрс авах гэж бараг гурав хоног дугаарладаг. Ингээд гурав хоногт ганц машин нүүрс аваад зардаг. Энд ирээд бас шууд зарагдчихгүй. Хэд хононо. Бид шатахууныхаа мөнгө, татварын мөнгөө нэмээд багахан хэмжээний мөнгө л хардаг. Үнэндээ худалдаж авч байгаа хүнээсээ олон нүүрс зарах гэсэн л хүн байна шүү” гэсэн юм.
Үнэхээр ч бага үдийн үед нүүрсний худалдаачид л зах дүүргэж харагдана. Иргэд бага хэмжээгээр л нүүрс худалдан авч байсан. Идэр есийн хүйтэн эхлээгүй байхад нүүрсний үнэ ийнхүү тэнгэрт хадаж байгаа нь энэ жил нүүрс үнэтэй байхыг сануулж буй хэрэг мэт. Ямартай ч худалдагч залуугийн хэлснээр нүүрсний амууд нээгдэж олдоц нь нэмэгдэхээр үнэ ханш нь буурна хэмээн найдья.
Нүүрс худалдан авч буй зарим иргэнтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.
Х.Бадамханд: Хүйтрэхээр ченж нар үнээ нэмдэг
/Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч/
-Та нүүрс модоо байнга “Цайз” захаас авдаг уу. Энэ жилийн нүүрсний үнэ ханш хэр санагдаж байна вэ?
-Тийм ээ. 10, 20 шуудайгаар л авдаг. Гэрийнхээ тэндэх дэлгүүрээс нэг, хоёр шуудайгаар авснаас эндээс авсан нь хамаагүй хэмнэлттэй. Эндээс шуудай нүүрсийг 2000 төгрөгөөр, гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс 2500-2800 төгрөгөөр авдаг. Өнгөрсөн жил Налайхын шуудай нүүрсийг 1300-1500 төгрөгөөр авдаг байсан. Яагаад үнэ нь ингэж нэмэгдэж байгаа талаар асуухаар наймаачид нүүрс ховор байна. Цаанаасаа л нэмэгдэж ирж байгаа гэх юм. Ер нь, жаахан хүйтрээд ирэхээр ченж нар угаасаа үнээ нэмчихдэг. Таньдаг хүмүүсдээ болохоор арай хямд л өгөх юм байна билээ.
-Танайх арван шуудай нүүрсээр хэд хонож байна вэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд шөнийн цахилгааны тарифыг хямдруулсан. Танайх цахилгаан халаагуур хэрэглэдэг үү?
-Манайх гэрт амьдардаг. Өвөл бол 10 шуудай нүүрсээрээ дөрөв л хонодог. Одоо гадаа арай гайгүй байгаа болохоор хэд хоночих байх аа. Энэ жил дулаан барьдаг яндан авахаар төлөвлөсөн. Гэрт цахилгаан халаагуур хэрэглэхээр хүүхдэд муу нөлөөтэй болохоор хэрэглэдэггүй.
М.Цэнд-Аюуш: Өвөл сая орчим төгрөгийг нүүрсэнд зарцуулдаг
/Баруун Алтан-Өлгий аравдугаар хорооны оршин суугч/
-Өвөл хэдэн төгрөгийг түлээ нүүрсэндээ зарцуулдаг вэ?
-Манайх өвөлдөө дөрвөөс таван портер нүүрс түлдэг. Нэг машин нүүрс дунджаар 200 мянган төгрөг гээд бодохоор сая орчим төгрөгийг зөвхөн нүүрсэнд өгдөг гэсэн үг. Ингээд бодохоор өвөл их зарлагатай улирал гэж боддог. Заримдаа манай оронд өвөл болдоггүй байсан бол гэж боддог шүү.
-Энэ жил нүүрс үнэтэй байна гэх юм. Энэ талаар та санал бодлоо хуваалцаач?
-Өнгөрсөн жилийг бодвол харьцангуй өндөр үнэтэй байна. Нэг хэсэг Нүүрс хөтөлбөрөөр Багануурын нүүрс зарсан. Утаа багасгах хөтөлбөрийн зуухандаа ч тохирдог юм билээ. Тухайн үед нүүрсний үнийг сайн барьсан. Одоо ч гэсэн олон айл Багануурын нүүрсийг худалдаж байгаа болохоор Налайхын нүүрсний үнэ ихээр нэмэгдэхгүй байна гэж боддог.