Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хэлэх үг, гаргах шийдвэрээ өөрийгөө удган гэж өргөмжилсөн багын найзаасаа асуудаг, түүний үгээр шийдвэрлэдэг байсан явдал олныг гайхшруулсаар. Шинжлэх ухаан, технологи нь өндөр хөгжсөн, иргэд нь өндөр боловсрол мэдлэгтэй, дэлхийн хамгийн баян бөгөөд хүчирхэг 20 улсын нэг атлаа Ерөнхийлөгч нь төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, үг хэлэх дээрээ тулахаар бөө, удган дээр очиж, нууцын зэрэглэлтэй баримтыг дэлгэж байдаг гэхээр санаанд багтамгүй. Гэхдээ улс орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар элдэв үзмэрч, бөө, удганаас зөвлөгөө авдаг, нууц баримтыг тэдэнд дэлгэдэг явдал Пак Гөн Хи-ээс өмнө ч гарч байсан, цаашдаа ч гарсаар байх биз.
Түүх
Урьд улс гүрэн удирдаж байсан хаад, ноёд, ихэс дээдэс чухал шийдвэр гаргах тохиолдолд эхлээд үзмэрч, бөөд ханддаг байсан жишээ түүхэнд цөөнгүй. Эртний Грек, Ромоос эхлээд Ацтек, Инкийн эзэнт гүрэн, Монголын их гүрэн гээд үндэс, шашин шүтлэг, газар нутгийн ялгаанаас үл хамаараад бүгд л бөө, үзмэрч, зурхайчид өргөл барьж зөвлөгөө хүсдэг байж. Шинжлэх ухаан хөгжиж, хүмүүсийн боловсролын түвшин нэмэгдэхийг дагаад бөө, үзмэрч энэ тэрд хандах нь эрс цөөрсөн. Нэгдүгээрт, зөвлөгөө өгч байгаа үзмэрч, бөөгийн ард улс төр, эдийн засгийн ашиг сонирхолтой бүлэглэл заавал байдаг тул бөөгийн зөвлөгөө нь бодит байдал дээр тэдний хүсэл байх эрсдэл өндөр. Хоёрдугаарт, албан ёсны зөвлөхүүдийн мэдлэг, мэргэжлийн чадвар ямар ч зурхайч, бөөгөөс илүү болсон тул хандах шаардлага үгүй болсон. Гуравдугаарт, хаад ноёд төдийгүй жирийн иргэдийн боловсрол, мэдлэгийн түвшин нэмэгдсэн тул тэргүүн атлаа бөө гээд гүйж явна гэдэг ичгэвтэр зүйл, рейтингээ унагаад дахиж сонгохдох боломжоо үгүй хийнэ. Гэвч орчин үед зарим улсад, зарим нөхцөл бүрдсэн үед төрийн тэргүүнүүд нь бөө, үзмэрч гэж гүйсээр. Өөрөөр хэлбэл, “хувьсгалын тохироо” бүрдсэн үед төрийн тэргүүнүүд, сайд дарга нар мэргэжлийн зөвлөхүүдийн үгийг бус харин үзмэрчийн төлгөөр улс орны ирээдүйг тодорхойлох гэж гүйдэг.
Хувьсгалын тохироо
Ийм тохироо нь хямрал. Зүгээр ч үгүй араасаа асар хохирол, сүйрэл, дайн тулаан дагуулж болзошгүй ноцтой хямралын үеэр үзмэрчид, бөө, удганууд моодонд орж, хэтэвчээ зузаалдаг бичигдээгүй хуультай. Нэгэнт л шашин шүтлэг, бөө энэ тэрийн тухай ярьж байгаа тул энэхүү хямралыг дэлхийн хамгийн олон дагагчтай шашинд байдаг дөрвөн морьтоны тухай зөгнөлөөр тайлбарлах зүйд нийцэх байх. Ертөнц сүйрэх дөхөхөөр дөрвөн морьтон нь ээлж дараалан гарч ирэх ёстой юм гэнэ. Эхэнд нь “Дотоодын хагарал” нэртэй морьтон гарч ирнэ. Залгаад “Зөрчил тулаан” гэсэн морьтон гарч ирэхэд араас нь “Ядуурал үгүйрэл” гэсэн морьтон давхиж, сүүлд нь “Сүйрэл бутрал” гэсэн морьтон цэг тавих ёстой гэдэг. Энэ дөрвөн морьтныг салалгүй дагаж, чамлахааргүй хөлждөг хүмүүс нь үзмэрчид, лам, бөө, далдыг харагчид гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс байсан, байгаа, байсаар ч байх нь. Ямаршуу зөвлөгөө өгөөд, үр дүн нь ямар байдаг талаар зарим жишээ татах хэрэгтэй байх.
Нацист Герман
Нацист Германы дарангуйлагч А.Гитлер элдэв үзмэрч зурхайч, далд ертөнц, хүч агуулсан шидэт эд зүйлс гэх мэтэд их итгэдэг, сүсэглэдэг хүн байсныг олон баримт гэрчилдэг. Тэрээр Вильгельм Вульф гэгч хувийн зурхайчтай байв. Түүнд дэндүү их итгэдэг байсан тул өөр хүний төөргийг үзэхийг хориглож байсан гэдэг. Ингээд зогсохгүй “Ананэрбэ” нэртэй алба үүсгэн дэлхий даяар нууцлаг увидастай гэх эд зүйлс, судар ном цуглуулан хураадаг байж. Гитлерийн үед улс орны хэмжээнд бус дэлхий тэр аяараа үзэл бодлын улмаас хагарч хуваагдсан. Ийм тохиолдолд дайн тулаан гарах нь бараг гарцаагүй. Эрүүл саруул сэтгэлгээтэй, ухаалаг зөвлөх, эрдэмтэд, судлаачдын үгийг дагалгүй элдэв далд ертөнц, үзмэрч, бөөгийг үгээр яваад юу болсныг та бид сайн мэднэ. 60 сая хүн амиа алдаж, олон арван мянган хот суурин үнсэн товрог болж жинхэнэ ядуурал, сүйрэл бутрал болсон. Түүнээс хойш энэ улсыг удирдсан хүмүүс зөвхөн эрүүл саруул ухаан, нарийн тооцоо, мэргэжилтэн ба эрдэмтэдийн судалгаанд л итгэдэг болсон.
Орос
1990-ээд онд Орос орныг нөмөрсөн дотоодын хагарал, зөрчил тулаан, ядуурал аймшигтай их байв. Урьдын юм ул болсон, шинэ юм хараахан бүрэлдэж амжаагүй тэр үед Оросыг элдэв шидийн үзмэрч, далдыг харагч, бөөгийн цунами нөмөрсөн гэж ч болно. Алан хядагчид, олигархиуд, дээрэмчид Оросыг хуваан идэж хоорондоо хүчээ үзэн буудалцаж байсан үед Ельцинээр өөртөө ашигтай шийдвэр гаргуулах гэсэн хүмүүс үзмэрч, бөө нараас бүрдсэн бүхэл бүтэн баг бүрдүүлж, Ельциний дэргэд тусгай хамгаалтын баг нэртэй суулгаад төрөөс өндөр цалин хөлс авч байсан. Далдыг хардаг, хүний бодол уншдаг, хараал жатга хариулдаг, бусдад алсаас нөлөөлдөг гэж өөрсдийгөө цоллоод, элдэв янзын сайн дурын академид мөнгө төлөн “батламж” авсан хүмүүсийн баг. Монголын Ерөнхийлөгч ганц үзмэрчтэй бол цөмийн зэвсэгтэй их гүрний удирдагч дэргэдээ үзмэрчдийн багтай байхад болохгүй гэх юу байх билээ. Үзмэрч, зурхайч, далдыг харагч, тэдний ард зогссон эзэд нь Орос орныг ямаршуу байдалд оруулсныг манайхан сайн мэднэ. Путин гарч ирээгүй бол хоёр гурван жилийн дотор Оросын холбооны улс задран унах дээрээ тулаад байсан гэдгийг улс төр судлаачид хэлдэг.
АНУ
Америкийн Ерөнхийлөгч агсан Рональд Рейган хувийн зурхайч, үзмэрчийнхээ үгэнд 100 хувь итгэдэг нэгэн байсан гэдэг. Рейганыг анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдоход хувийн зурхайч Жоан Куигли нь тангараг өргөх ёслолын ажиллагаагаа өглөөний 5 цагт хийвэл хоёр удаа сонгогдох боломжтой гэж хэлсэн тул бүгдийг түүний хэлснээр хийж хүмүүсийг алмайруулсан гэдэг. Ингээд зогсохгүй Жоан Куигли Ерөнхийлөгчийн зурлагыг гаргаад өдөр болгоныг таатай, таагүй, эсвэл саармаг гэх мэтээр тэмдэглэж, Рейган түүнийх нь дагуу олон нийтийн өмнө мэдэгдэл хийдэг эсвэл гадаад улс гүрний төрийн тэргүүнүүдтэй уулздаг байсан аж. Тэр үед Зөвлөлт ба Америк гэсэн хоёр их гүрэн дэлхийг хувааж захираад үзэл суртлын хагарал туйлдаа хүрэв. Хоёр их гүрний цөмийн зэвсэг, армийн хүчин чадал нь оргил цэгтээ хүрсэн, ялихгүй алдаа гарахад л дэлхий сүйрч магадгүй байсан цаг. Цаашид ингэж явах нь ямар ч ирээдүйгүй, нэг бол ойлголцож тохиролцоно, үгүй бол дайтаж сүйрнэ гэсэн хоёр л зам байсан. Дэлхий нийтийн хувь тавиланг шийдсэн эгзэгтэй үед тул төрийн тэргүүн өөртөө 100 хувь итгэлтэй байх шаардлагатай байсан тул үзмэрч гараад ирсэн нь ойлгомжтой. Үзмэрчийг Рейганы эхнэр нь танилцуулсан гэдэг. Тэгээд ч Рейган жүжигчин мэргэжилтэй, далд ертөнц гэх мэт зүйлсэд итгэхээр уран сэтгэмжтэй хүн байсан тул эгзэгтэй үе зурхайчид хандсанд гайхах зүйлгүй. Гэхдээ бодит байдал дээр Рейганд ухаалаг, мэргэжлийн зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид хангалттай байсан учир эцсийн мөчид зурхайчийн үг бус мэргэжилтнүүдийн зөвлөгөө шийдвэрлэх нөлөө үзүүлдэг байсан нь гарцаагүй. Иймдээ ч хоёр их гүрэн дайтаж, дэлхий цөмийн дайнаар сүйрээгүй.
Франц
Францын Ерөнхийлөгч агсан Франсуа Миттеран хувийн үзмэрч, зурхайчтай байсан. Улмаар Францын гадаад ба дотоод бодлогын асуудлаар Элизабет Тесье гэгч зурхайч эмэгтэйтэй таван жилийн турш өдөр болгон шахуу зөвлөлддөг байсан аж. Жишээлбэл, Персийн булангийн эхний дайны үеэр Миттеран нь өдөрт хэд хэдэн удаа Тесье руу утас цохиж хямрал яаж шийдэгдэх талаар асууж байсан гэдэг. Зурхайч, үзмэрчид ингэж их итгэхийн шалтгаан нь мөн л тодорхойгүй ойлгомжгүй байдал буюу хямрал байсан. Саддам Хуссейн Кувейтийг эзэлсний дараа эхэлсэн энэ дайныг удаан үргэлжлүүлэх сонирхол Өрнө дахинд, түүний дотор Францад байгаагүй. Учир нь дайн хэдий чинээ удаан үргэлжилнэ тухайн үед баррель нь ердөө 7 ам.доллар байсан газрын тосны үнэ огцом өсч магадгүй байв. Ялангуяа Оросууд гэнэт Саддамыг өмөөрөөд эхэлвэл Франц төдийгүй олон улс орон эвгүйтэж магадгүй байсан. Иймд өөртөө итгэлтэй байхын тулд л газрын тос, улс төрийн нарийн ээдрээний талаар ямар ч мэдлэггүй, мэдээлэлгүй зурхайчдыг ирээдүйг харахыг хүсдэг байсан хэрэг. Бодит байдал дээр зурхайч Миттеранд юу айлддаг байснаас үл хамаараад Саддам Хуссейнд Америк, Англи, Францаар удирдуулсан олон улсын хүчнийг удаан хугацаанд эсэргүүцэх мөнгө хөрөнгө, зэвсэг техник, хүн хүч ч байгаагүй. Дээр Орост Горбачев гарч өрнөдтэй сайн харилцаатай байхыг нэн тэргүүнд анхаарснаар Иракийг дэмжих хүч үгүй болсон тул дайн эхэлснээс зургаан сарын дараа Хуссейний ялагдлаар Персийн булангийн хямрал, дайн дууссан юм.
Харин хатагтай Элизабет Тесьегийн хувьд нөхцөл байдал бүр таатай болсон. Тэрээр нэр алдартай хүмүүсийн дунд ихэд моодонд орсон гэж болно. Тэрээр ХХ зууны хоёрдугаар хагасын Өрнөд Европын хамгийн хүчирхэг зурхайч, үзмэрч гэсэн цол авч Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхутто, Испанийн эзэн хаан агсан Хуан Карлос, Сирийн Ерөнхийлөгч агсан Хафиз Асад /Башар Асадыг эцэг/, Мароккогийн хаан агсан II Хасан, НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Манфред Вернер гэх мэт хүмүүст “зөвлөгөө” өгч хэтэвчээ зузаалдаг тун ч арга сүйхээтэй нэгэн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Монгол
Дэргэдээ албан ёсоор үзмэрчтэй байсан манай анхны Ерөнхийлөгчийг жишээ дээр дурдагдсан дөрвөн морьтны зөгнөлд тун дөхсөн нь ажиглагддаг. Зөвлөлт нуран унахыг дагаад манайд коммунист дэглэм сүйрэх нь гарцаагүй болж, нийгэмд үзэл баримтлалын хагарал зөрчил асар их байсан. Харин ухаалаг хүмүүсийн ачаар дайн тулаан хийлгүй хөгжлийн өөр чигийг сонгосон ч залгуулаад ядуурал үгүйрэл үүссэн. Картаар хоол хүнсээ авдаг, иргэд нь маргаашдаа итгэлгүй, мөнгө харуулаад даллахад хэнийг ч дагахад бэлэн буюу сүйрэл бутрал тун ойрхон тэр үед манай ихэс дээдсүүд ч юу хийхээ мэдэхгүй үймж байсан нь ойлгомжтой. Яг энэ үед л “далдыг хардаг”, өөрөөр хэлбэл маргааш юу болохыг хэлж өгөөд ихэс дээдсийг маргаашийн өдөрт нь итгэлтэй болгодог хүн асар их үгүйлэгдэж байсан нь ойлгомжтой. Зах зээлийн хуулиар эрэлт байгаа газар нийлүүлэлт хийгддэг болохоор бэлэн суудал байхад хэн нэгэн нь очиж суух нь мэдээж. Үүнд үзмэрчийн буруу гэж юу байхав. Зүгээр л хайж явсан хүмүүстэй хэрэгтэй үед, хэрэгтэй газарт нь таарсан төдий. Одоогийн нөхцөл байдал ч зарим талаараа 1990-ээд оныхтой төстэй байгаа. Үзэл суртлын хагарал дээд цэгтээ хүрсэн, энд тэнд мэдээллийн дайн яваад, түүхий эдийн үнэ өсөхгүй байгаатай холбоотойгоор ядуурал нүүрлээд байгаа цаг. Ийм үед өндөр албан тушаалтнуудын тархийг барьж, судасны чимээг нь сонсонгоо баяжих үзмэрч, зөн билэгтэн гарч ирэхгүй бол “нүгэл” болох байх. Зуд зовлонтой жил чоно, нохой, хэрээ гурав таргалдаг гэдэг.
Ирээдүй
Дэлхий 2012 онд сүйрнэ гээд бөөн дуулиан болж байсныг уншигч та санаж л байгаа болов уу. Тэр үед зүсэн зүйлийн зурхайч, үзмэрч, бөө нар ёстой л борооны дараахь мөөг шиг энд тэндгүй шовойж, намайг дагавал сүйрлээс аварна гэх мэт мэдэгдэл хийж, багагүй хөлжсөн. Энэ оны сүүл ба 2017 онд дэлхийн эдийн засаг ба улс төрд алс хэтдээ асар их нөлөө үзүүлэх олон чухал үйл явдал болно гэдгийг судлаачид онцолж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ шинэ Ерөнхийлөгчтэй болно. Үүнийг дагаад дэлхийн улс төр, эдийн засагт их эсвэл бага тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Лалын алан хядагчид, Сири иргэний дайнаас эхлээд Хятадын эдийн засгийн өсөлт, Украйны хямрал, Орос ба Өрнөдийн харилцаа, БНХАУ ба АНУ-ын харилцаа, газрын тос ба нүүрсний үнэ гээд маш олон зүйлд эрс өөрчлөлт гарна гэж судлаачид хүлээж байна. Хамгийн гол нь эерэг эсвэл сөрөг өөрчлөлтийн аль нь гарахыг баттай хэлэх судлаач хараахан алга. Бүгд магадлалтай, 75 эсвэл 80, 55 хувийн магадлалтай гэж таамаг дэвшүүлж буй. Харин хаана хүлээлт, ойлгомжгүй байдал үүснэ тэнд үзмэрч, зурхайчид, далдыг харагчид ялаа мэт шавдаг тул бид үзмэрчид төрийн нууцыг дэлгээд, мэргэжилтнүүдийн үгээр бус үзмэрч, бөөгийн хэлснээр явсан жишээтэй нэг бус удаа тараахыг үгүйсгэх аргагүй.