Б.БИЛГҮҮН
Ам.долларын төгрөгтэй харьцах ханш түүхэнд байгаагүйгээр өссөн үзүүлэлт өдөр бүр шинэчлэгдэж, өчигдөр нэг ам.доллар 2374 төгрөг 21 мөнгөтэй тэнцэж, дахиад л түүхэн амжилт эвдэгдлээ. Эсрэг талд нь төгрөг дэлхийн хамгийн муу ханштай мөнгөн тэмдэгт гэдгээ өдөр бүр баталсаар байгаа юм. Хэдийгээр ханшийн өсөлтийг Засгийн газар, Төвбанк, эдийн засагчид янз бүрээр тайлбарлаж байгаа ч өсөлт нь улирлын чанартай биш гэдэгтэй тэд санал нийлж байгаа.
Манай улсын эдийн засгийн бүтцээс болж зарим улиралд ханш өсч, буурдаг ч одоогийн өсөлт нь “геометр прогресс” шиг бүтэцтэй болж байгаа нь тэднийг санал нэгдэхэд хүргэсэн талтай. Мөн тэд гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого, валютын нөөцийн хомсдол... зэрэг голлох шалтгаанууд ам.долларын өсөлтөд нөлөөлж байгаа гэдгийг дурджээ.
Харин яагаад одоог хүртэл арга хэмжээ авч, ам.долларын өсөлтийг зогсоож чадахгүй байгаа вэ гэдэгт Засгийн газар, Төвбанк “час” хийсэн хариулт өгөөгүй хэвээр байна. Ханшийн өсөлтийг сааруулах арга хэмжээ авах үүрэг хүлээдэг Төв банк хүртэл ханшийн өсөлтийг барьж дийлэхгүй байгаа нь ам.долларын өдөр бүрийн өсөлтөөр нотлогдож байна. Харин сүүлийн үед энэ банк ам.долларын ханшийн өсөлтийг дарах ямар арга хэмжээ авсан бэ, үр дүн гарсан уу гэдгийг нь харвал,
1. Мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар өсгөж, 10.5-аас 15 хувь болгож өсгөсөн.
Энэ нь Төв банк бодлогийн хүүг түүхэн дэх хамгийн өндөр хувьд хүргэсэн үзүүлэлт болж байгаа юм. Үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү 4.5 хувиар өсөх ч, хамгийн гол зорилт нь валютын ханшийг тогтоох байв. Гэвч, бодлогын хүүг 4.5 пунктээр өсгөөд, өсгөөд ам.долларын ханш буурсангүй. Энэ байдлыг УИХ-ын танхимаас шүүмжлэх гишүүд байгаа ч Төв банк бодлогын хүүг нэмсэн шийдвэрээ үр дүнд хүрээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
2. Мөн Төв банк гадаад валютын дуудлага худалдаанд оролцож, өчигдөр гэхэд 46 сая ам.доллар, 103 сая юань арилжлаа.
Энэ нь гадаад валютын дотоод захын үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг зэх зээлийн зарчмаар тодорхойлох зорилготой байдаг. Сүүлийн үед валютын дуудлага худалдаанд оролцоогүй Төв банк өчигдөр 46 сая ам.доллар худалдсан нь ханшийн өсөлтийг сааруулах алхам гэгдэж байгаа ч валютын дуудлага худалдаагаар ханшид нөлөөлсөн сайн жишээ байхгүй гэдгийг зарим судлаачид хэлж, найдвар тавихгүй байна.
Үүнээс өөрөөр бол Төв банк ханшийн өсөлтийг сааруулах тодорхой алхам хийгээгүй байна. Цаашдаа ямар шийдвэр гаргаж, бодлого баримтлах нь хүртэл тодорхойгүй байгаа юм. Гэхдээ мөнгөний бодлого өргөн мэдүүлсэн Монголбанкны бодлогоос харвал, Олон улсын валютын сангийн “standby” хөтөлбөрт хамрагдах сонирхол давамгайлж байгаа. Ингэснээр 1-1.5 тэрбум ам.доллар зах зээлд орж, нийлүүлэлт нэмэгдэж, төсөв чангарснаар ам.долларын ханш аяандаа тогтворжих суурь тавигдана. Мөн эрх баригч намын дарга Хятадаас гадна бусад улс орнууд болоод олон улсын санхүүгийн байгууллагатай зээлийн яриа хэлэлцээр хийгдэж байгаа гэдгийг хэлсэн. Найдлага тавьж буйгаар бол 20 жилийн хугацаатай зээлийн хэмжээ нь дөрөв хүртэлх тэрбум ам.доллар гэгдэж байгаа тул цаашдаа ам.долларын ханшид төдийлэн санаа зовох зүйлгүй болох юм. Гэвч, тэр хүртэл өссөөр байх ам.долларын ханшийг дагаад хувь болоод хувьсгалын шугмаар авсан ам.долларын зээл, түүний хүү, импортын бараа бүтээгдэхүүний үнийн дарамт... зэрэг наад захын асуудал нийгмэд тулгамдсан хэвээр байна.