Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамаас ирэх оны төсвийн орлого, зарлагын талаар тодрууллаа.
-УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлсэн. Энэ онд төсвийн орлого бүрдэхгүй нэлээд сандарч байгаа. Ирэх оны төсвийн орлогыг бодитоор төсөөлж чадсан байна уу гэдгийг харав уу?
-Ирэх оны төсвийн орлогыг нэлээд нэмэгдэхээр төсөвлөсөн байна. Татварын болон татварын бус орлого, уул уурхайн салбарын орлого өндөр байхаар тооцсон байгаа юм. Жишээ нь, нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 10 гаруй хувиар өсгөн тооцсон. Ер нь төсвийн орлого ирэх онд 10-аас дээш хувиар нэмэгдэх төсөөлөл хийж. Гэтэл дэлхийн болон Монголын эдийн засагт сэргэх хандлага ажиглагдахгүй байгаа. Тиймээс төсвийн орлогыг бодитоор бууруулж тооцох хэрэгтэй гэж бодож байна.
-Тэгвэл төсвийн орлого бас л бүрдэхгүй байх нь. Зарлага нь төсөөлж байгаа орлогоо дагаад нэмэгдсэн л байх даа?
-Тийм. Зарлага бас нэмэгдэхээр тооцсон. Үүнийг задлаад харвал шинээр сангууд байгуул. Жишээ нь, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих санд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингэж илүү зардал гаргахын оронд Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндийн асуудлыг дэмжээд явах боломжтой. Нэг цэцэрлэг барихад нэг тэрбум шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэтэл хэд хэдэн цэцэрлэг барих мөнгийг шинээр байгуулсан сангуудад төсөвлөсөн байгаа юм. Үүнээс гадна төсөв бүрдэхгүй хүндрэлтэй байхад халамжийн хөтөлбөрүүд бас нэмэгдсэн. Жишээ нь, “Ахмадын насны хишиг” гэсэн хөтөлбөрт 20 гаруй тэрбум төгрөг төлөвлөсөн. Тэгэхээр төсөв бүрдэхгүй, өр зээл нэмж авах гэж байгаа энэ үед илүү зардал гаргахгүй байх ёстой гэж бодож байна.
-Ерөнхий сайд төсвийн зардлыг байж болох хэмжээнд танана гэж байгаа. Сайн танаагүй гэсэн үг үү?
-Ер нь зардал нэмэгдсэн гэж би хэлсэн. Тухайлбал, төрийн албан хаагчийн тэтгэмжийн зардал өссөн. Тогтвор суурьшилтай ажиллаа гээд 6-30 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. Уг зардлыг энэ онтой харьцуулбал хоёр дахин өсгөж 50 гаруй тэрбум төгрөг болгосон байна. Мөн тэтэгвэрт гарахад нь нэг удаа олгодог тэтгэмж бас бий. Үүнийг бас өсгөсөн. Иймд төсөв бүрдэхгүй хүндрэлтэй байгаа өнөө үед эдгээр зардлыг түр түдгэлзүүлэх эсвэл өөр гарц хайх хэрэгтэй юм. Ер нь төсвийн орлого, зарлагыг нэлээд өсгөж тооцсон төсвийн төсөл болоод байна. Төсвийн алдагдал 2.6 их наяд төгрөгт хүрсэн нь маш өндөр дүн юм.
-Уул уурхайн салбар төсвийн гол орлого бүрдүүлэгчийн нэг. Ашигт малтмалын үнэ ханшийг ирэх жилийн төсөвт хэр бодитой төсөөлсөн гэж үзэж байна?
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийг харьцангуй бодит төсөөлсөн. Харин алт, зэсийн баяжмал, нүүрс гээд гол бүтээгдэхүүний экспортлох хэмжээг нь өсгөж тооцсон байна. Энэ биелэх боломжгүй гэж харж байгаа. Учир нь зах зээлийн байдалтай уялдуулж тооцох ёстой юм.
-Манай улсын төсвийн сахилга бат муу гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-Сонгуульд ялсан нам нь сонгогчдод амласнаа биелүүлэх эсвэл өөрсдөө ийм зүйл хийсэн гэж нэр хүндээ өсгөхийг эрмэлздэг. Улмаар өмнөх эрх баригчдын хийж байсан ажлыг зогсоох, өөрчлөх, шинээр эхлэх болгонд илүү зардал гаргаж байгаа юм. Тэгэхээр төсвийн сахилга бат муу, төрийн бодлогын уялдаа, залгамж чанар алга гэсэн дүгнэлт гардаг.