Б.БАДРАЛ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гөн Хи-ийг эрх мэдлээ урвуугаар ашиглан төрийн гадаад ба дотоод бодлогын чиг хандлагыг тодорхойлсон чухал шийдвэрийг бөөгөөс асууж байсантай холбоотой дуулиан дэгдээд байна. Ерөнхийлөгч Пак Гөн Хи-ийг олон жилийн найз Чхве Сун Силь гэгч эмэгтэйгээс гадаад бодлого, эдийн засгийн чухал асуудлаар зөвлөгөө авдаг, нууц баримт бичигтэй танилцуулж өөрчлөх, засвар хийх эрх өгсөн, өндөр албан тушаалтнуудын томилгоонд оролцуулдаг байсан гэж буруутгаж буй.
Өмнөд Солонгосын прокурорын албаныхан Чхве Сун Силь-ийг даваа гарагт баривчилсан юм. Прокурорын албаны төлөөлөгч нь “Чхве нь байцаалт авах үеэр төрийн хэрэгт оролцсон, албан тушаалтнуудад нөлөө үзүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Тэрээр нотлох баримтуудыг устгаж магадгүй гэх болгоомжлол байна. Энэ эмэгтэй урьд нь хилийн чанадад амьдарч байсан бөгөөд Солонгост байнга оршин суудаг газар байгаагүй нь зугтах боломжтойг харуулж байна. Мөн сэтгэл санаа нь туйлын тогтворгүй тул чөлөөтэй явуулбал гэнэтийн зүйл тохиолдож магадгүй” гээд 48 цагаар баривчлах болсноо мэдэгдсэн. Чхве Сун Силь-тэй холбоотой хэргийг Өмнөд Солонгосын сонинууд “Солонгосын Распутины хэрэг” гэж нэрлэжээ.
Өмнөд Солонгосын зарим мэдээлийн хэрэгсэлд бичсэнээр Чхве Сун Силь нь 1970-аад онд тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Жон Хи-гийн охин Пак Гөн Хи-тэй танилцан дотны найз нь болсон. Чхве Сун Силийн эцэг нь буддизм, христ гээд янз бүрийн шашин сонирхон номлодог номлогч байгаад өөрөө “Ёнсегё” нэртэй шинэ төрлийн бөөгийн шашин үүсгэн байгуулсан, охин нь Ерөнхийлөгчийн охинтой найз гэдгийг овжноор ашиглан өөрийн зохиосон шашнаа сурталчлах, бизнесменүүдээс авлига авах зэргээр багагүй хөрөнгө мөнгөтэй болсон зальжин нэгэн байж. Чхве Сун Силь нь эцгийнхээ шашныг өв залгамжлан авч нэгэн төрлийн бөө, удган болсон бөгөөд шашинтай холбоотой бизнес хийсээр мөн л чамгүй их хөлжсөн хүн юм байна.
Пак Гөн Хигийн ээж нь 1974 онд Хойд Солонгосын тагнуулын суманд өртөн нас барж, аав нь 1979 онд хамгаалтынхаа албаны даргад буудуулан амиа алдсаны дараа тэрээр сэтгэл санааны маш хүнд байдалд орсон. Энэ үед найз Чхве Сун Силь ба түүний эцгийн зохиосон “Ёнсегё” гэгч шинэ шашин нь сэтгэл санааны дэмжлэг өгдөг байсан гэнэ. Иймдээ ч Чхве Сун Силийн үгэнд их итгэдэг, хэлснийг нь үг дуугүй хүлээн авдаг болгосон гэж зарим хэвлэлд бичжээ. Ийм ч учраас Чхве Сун Силь-ийг Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслүүд “Солонгосын Расуптин” гэж нэрлээд байгаа юм. Цагтаа өөрийгөө гэгээнтэн гэж нэрлэсэн Распутин Оросын II Николай хааны хүүг цусны өвчнөөс эдгээсний дараагаар асар их нөлөөтэй болсон байдаг. Распутин энэхүү нөлөөгөө ашиглан Ерөнхий сайдыг томилох огцруулахаас эхлээд гадаад ба дотоод бодлого боловсруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болсон нь алсдаа Орос Дэлхийн I дайнд ялалт байгуулж чадалгүй сөхөрч, большевикууд хувьсгал хийн төрийн эрхийг гартаа оруулснаар “хаант Орос” гэсэн улс сүйрч Зөвлөлт гэдэг шинэ улс бий болох нөхцлийг бүрдүүлсэн гэж үздэг.
Ерөнхийлөгч Пак Гөн Хи-ийг учир битүүлэг хүмүүсийн үгийг дагах болсон тухай яриа газар авч эхлэхэд Чхве Сун Силь нь Солонгос дахь бүх ажлаа орхин Герман руу бараг зугтах шахуу гарч. Энэ талаар мөрдлөгө явуулж байсан ТВ сувгийнхан бөөгийн үүсгэн байгуулсан гэх сангийн гаднаас хаягдсан компьютер олж хард-диск дээрх арчигдсан материалыг сэргээн уншсанаар ойлгомжгүй яриа нь бодит баримт бүхий дуулиан болж хувирчээ. Компьютер дээрээс сэргээсэн мэдээний дотор Ерөнхийлөгчөөс явуулсан нууц баримт бичиг, түүнд хийсэн засвар өөрчлөлт, Пак Гөн Хи-д зөвлөгөө өгдөг байсан хүмүүсийн нэрс, компаниудаас авсан хандив гээд бүх зүйлс байж. Тухайлбал, Пак Гөн Хи-д зөвлөгөө өгдөг, төрийн нууцтай холбоотой мэдээллийг өдөр болгон шахуу уншдаг, юу хэлж ярихыг заадаг хүмүүсийн дотор Чхве Сун Сильтэй тун дотно харилцаатай эрэгтэй биеэ үнэлэгч Ко Ён Тхэ гэгчээс эхлээд биеэ үнэлэгчийн найз, видео клипий продюсер Чха Ын Тхэк, шинэ шашны бөө гээд тун хачирхалтай хүмүүс байж.
Ийм хүмүүс ямаршуу зөвлөгөө өгөх нь ерөнхийдөө ойлгомжтой. Тухайлбал, нэг бөө нь Хойд Солонгос хоёр жилийн дараа задран унаснаар хоёр Солонгос нэгдэнэ гэж мэргэлсэн. Пак Гөн Хи бөөгийн мэргэнд бат итгэлтэй байсан тул Хойд Солонгосыг үгүй болох явцыг хурдасгахын тулд Кэсоны аж үйлдвэрлэлийн бүсийг хааж, хойдуудтай явуулж байсан эдийн засгийн бүх хамтын ажиллагаагаа зогсоосон аж. Үр дүнд нь Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө улам эрчимжүүлж, хоёр улсын харилцаа ойрын хэдэн жил байгаагүйгээр огцом муудсан.
Ерөнхийлөгчийн “зөвлөхүүд” Пак Гөн Хид ямар шийдвэр гаргахыг хэлдэг гэдгээрээ далайлган компаниудаас асар их хэмжээний авлига авсан нь компьютерээс сэргээсэн мэдээгээр ил болсон бололтой. Зарим сонины мэдээлж буйгаар Чхве Сун Силь нь спортыг хөгжүүлэх, Өмнөд Солонгосын соёлыг хилийн чанадад сурталчлах гэсэн албан ёсны халхавчтайгаар байгуулсан “Mir”, “K-Sports” гэсэн хоёр сандаа 53 том компаниас 72 сая ам.долларын хандив цуглуулж чадсан. Энэ их мөнгөнөөс албан ёсны чиг үүргийн дагуу зарцуулагдсан нь тун цөөн бөгөөд дийлэнхийг Чхве Сун Силь хилийн чанадад их хэмжээний үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зарцуулсан гэнэ.
Гэхдээ Өмнөд Солонгосчуудын уур бухимдлыг хамгийн ихээр хүргэж байгаа зүйл нь хандив нэрээр цуглуулсан авлигын хэмжээ бус харин ямар ч мэдлэг, боловсролгүй хөндлөнгийн хүмүүс төрийн хэрэгт шууд оролцон чиглүүлж байсан явдал. Өнгөрөгч бямба гарагт хэт барууны үзэлт жижиг намууд Пак Гөн Хи-ийг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулахад олон арван мянган хүн оролцсон. Өмнөд Солонгосын улс төрд багагүй нэр нөлөөтэй бусад намууд ч Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн, шүүмжилсэн аяныг дэмжиж байгаагаа мэдэгдээд байгаа. Энэ чигээрээ үргэлжлээд байвал Өмнөд Солонгосын түүхэнд анх удаагаа парламент нь Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх санал асуулга явуулж магадгүй. Сөрөг хүчинд Ерөнхийлөгчийг огцруулахад хангалттай суудал байхгүй ч эрх баригч намын дотор Пак Гөн Хи-д дургүйцэгчдийн тоо нэмэгдсээр байгаа тул парламентын гишүүдийн 2/3 нь Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэхийг дэмжиж ч магадгүй болсон аж. Ийм байдал үүсгэхгүй гэвэл мөрдөн байцаалтыг маш богино хугацаанд бодит үр дүнтэй явуулан Ерөнхийлөгчийн нэрийг авч үлдэх шаардлага гарна. Гэхдээ мөрдлөгөөр бүр ч таагүй баримтууд илэрвэл олон арван мянга бус олон зуун мянган хүн гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал цуглаан явуулсаар Пак Гөн Хи сайн дураараа огцрох дээрээ тулж магадгүй байна. Тэгээд ч Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийг огцруулах, авлигын хэргээр байцаах, шүүхдэх арвин туршлага бий гэж болно. Өмнөд Солонгосын нэг Ерөнхийлөгчийг төрийн эргэлт гаргаж унагсан, өөр нэгийг нь буудан хороосон, хоёрыг авлигын хэргээр шүүхээр шийтгүүлсэн, нэг нь прокурорт байцаалт өгөхийн өмнө амиа егүүтгэсэн. Ийм таагүй байдалд орж байгаагүй бусад Ерөнхийлөгч нарыг гэр бүлийн гишүүд авлигын хэргээр шүүхэд очсон байдаг.