Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украйны Ерөнхийлөгч 104 компани эзэмшдэг


Б.БАДРАЛ


Украйн авлигатай тэмцэх ажлын хүрээнд парламентын гишүүд, сайд дарга нар нь анх удаагаа хөрөнгө орлогын мэдүүлгээ электрон хэлбэрээр өгсөн явдал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын шууд дэмжлэгтэй хийгдсэн “Майдан” нэртэй хувьсгалыг нэг гол уриа, сэдэв нь Януковичийн үеийн албан тушаалтнуудын авлигыг устгах, АНУ ба Европын загвараар жинхэнэ ардчилсан, шударга нийгэм байгуулах явдал байв.
 
Гэвч хувьсгалаар гарч ирсэн шинэ удирдлага авлигатай тууштай бөгөөд эрс шийдэмгий тэмцэх гэж яараагүй. Украйны спонсорууд санхүүгийн нэмэлт тусламж авах, Европын холбоонд визгүй зорчдог болохыг хүсч байгаа бол парламентын гишүүд, албан тушаалтнуудыг  заавал электрон хэлбэрээр хөрөнгө орлогын мэдүүлэг өгч, түүнийг нь олон нийтэд ил цагаан хүргэх болзол тавьсан. Иймд Украйны эрх баригчдад болзлыг дагахаас өөр арга байсангүй.

Украйны бүх албан тушаалтнууд өмч хөрөнгийн мэдүүлгээ есдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын 30-ны хооронд өгч дууслаа. Шинэ журам ёсоор Украйны парламентын гишүүд, албан тушаалтнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 100 дахин их бүх өмч, хөрөнгийн талаар мэдүүлэх ёстой. Энэ нь 121 мянган гривн буюу ойролцоогоор 4700 ам.доллар болох тул үүнээс давж гарсан бүх өмч хөрөнгийг мэдүүлэх ёстой гэсэн үг.

Украйны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1210 гривн, дундаж цалин нь нийслэл Киевт хамгийн өндөр буюу 8000 гривн. 8000 гривн гэдэг нь ойролцоогоор 300 гаруй ам.доллар. Авлигын эсрэг, шударга ёс, ардчиллын төлөө гэж хувьсгалаар  гарч ирсэн парламентын гишүүд, сайд дарга нарын орлогын мэдүүлэг жирийн украйнчуудыг жинхэнэ шоконд оруулжээ.

104 компани эзэмшдэг Ерөнхийлөгч

Украйны Ерөнхийлөгч Петр Порошенкогийн орлогын мэдүүлгээс үзвэл тэрээр Украйн, ОХУ, Польш, Испани ба өөр долоон улсад байрладаг 104 компанийг эзэмшдэг. Тэрээр 2015 онд 71 сая гривнийг орлоготой ажилласнаас банкны дансанд нь 27 сая ам.доллар, 540 мянган гривн, 14,4 мянган евротой.

Порошенког бүр Ющенко, Януковичийн үеэс л  нь чихэр, амттаны олон тооны үйлдвэр эзэмшдэг, олигарх, тэрбумтан гэдгийг бүгд мэддэг болохоор үүнд нэг их гайхаагүй биз. Тэгээд ч тэрбумтан, олигархи хүн Ерөнхийлөгч болох ёсгүй гэсэн хууль Украйнд байхгүй.
 
Шинэ Радагийн гишүүд  ба брэнд хувцас, үнэтэй цаг, уран зураг

Хувьсгалын дараагаар Янукович ба түүний тойрон хүрээллийг асар их эд, хөрөнгө луйвардан цуглуулсныг украйнчуудад харуулан бөөн дуулиан болж байсан. Гэвч хоёр жилийн дараагаар шинэ Радад сонгогдсон хүмүүст түлхэн унагагдсан Янукович ба түүний хамсаатнуудаас нэг их ялгарах зүйл үгүй, тодорхойгүй эх сурвалжаас олсон орлогоороо үнэтэй эд зүйлс авах, цуглуулах хоббитой гэдэг нь орлогын мэдүүлгээс ил болжээ.

Тухайлбал, Радагийн гишүүн В.Балога XIX-ХХ зууны үеийн нэртэй зураачдын 26 уран зургийн цуглуулгатай. И. Грынивиа гэхэд л XIV- XVIII зуунд бүтээгдсэн бурханы хөрөг, Орос ба Украйнд анх ном хэвлэх ажлыг эхлүүлсэн Федоровын 1574 оны “Апостол”, 1581 оны алдарт Острогийн Библь гэсэн асар үнэтэй ном эзэмшдэг тухайгаа мэдүүлэгтээ дурдсан байна. О.Кочинская нь Украйны хамгийн алдартай яруу найрагч Тарас Шевченкогийн 1840 онд хэвлэгдсэн “Кобзарь” –тай. Энэхүү анхны хэвлэлийн нэг хувь нь сая гаруй гривнээр үнэлэгддэг. В.Литвин 4500 гаруй хуучны ховор номын цуглуулгатай. Сергей Тарута нь Марк Шагал, Карл Брюллов, Айвазовский гэх мэт суут зураачдын бүтээл бүхий 198 уран зургийн цуглуулгатай.

Ард түмний хүсэл зоригийг төлөөлөхөөр сонгогдсон хүн муухай хувцаслах ёсгүй. Үүнийг Радагийн гишүүд сайн ойлгодог бололтой. Жишээлбэл, И.Котовицкий нь “Brunello Cucinelli” брэндийн 100 мянгаас 175 мянган гривнийн үнэтэй хоёр хүрэм, костюмтай, 128 мянган гривнийн үнэтэй “Loro Piana” пальтотой, 96 мянган гривнийн “Christian Dior” гээд нийт 600 мянга гаруй еврогийн үнэ бүхий хамгийн алдартай брэндүүдийн хувцас, чимэглэл эдэлж хэрэглэдэг. А.Бабак нь 27 мянган гривнийн “Gucci”, 55 мянган гривнийн “Prada” брэндийн цүнх барьдаг ч үнэ нь заагдсан хэмжээнд хүрэхгүй байгаа тул мэдүүлэгтээ дурдахгүй, харин “Patek Philippe” брэндийн цаг, ээмгээ л дурдана гээд хэлснээрээ хийсэн. Б.Береза нь “Dolce&Gabbana” брэндийн савхин хүрэм өмсөж яваад сэтгүүлчидтэй таарахдаа үнэтэй хувцсаа мэдүүлэгтээ дурдсан эсэх тухай асуултад “Энэ бол хуурамч савхи. Мэдүүлэгт дурдаад байх үнэтэй хувцас надад байдаггүй” гэжээ. А.Кужель нь хамгийн сүүлд 5000 ам.доллар буюу 140 мянга орчим гривнээр авсан булган дээлээ хямд учир дурдахгүй гээд 47 мянган долларын үнэтэй “Ulysse Nardin” цаг, 22 мянган долларын “Hermes” цүнхээ мэдүүлэгтээ оруулжээ.

Украйны Ерөнхий сайд В.Гройсман бэлнээр 2,28 сая гривн, 870 мянган ам.доллар, 460 мянган еврогоос гадна Виниц мужид дөрвөн эдлэн газар, нийт мянган кв.м талбайтай хоёр байшин, “Rolex”, “Breguet”, “Girard-Perregaux”, “Parmigiani”, “Audemars Piguet”, “Ulysse Nardin” гэсэн дэлхийд алдартай брэндийн асар үнэтэй 12 бугуйн цагтай гэдгээ мэдүүлэгтээ дурдсан. Харин өнгөрсөн жилд Ерөнхий сайдын цалин гэж 77 мянган гривн буюу 3000 ам.доллар авсан байх юм. Украйны төв банкны дарга В.Гонтарева хадгаламжиндаа 1,83 сая ам.доллар, 62 мянган гривнтэй. Хууль зүйн сайдын орлогч Н.Севостьянова нь 290 мянган ам.доллар, 40 мянган евро, 450 мянган гривн бэлнээр хадгалдаг. Дотоод хэргийн сайд А.Аваков эдлэн газар, 12 өрөөтэй байр, эхнэрийнхээ дөрвөн булган дээл, хүйтэн зэвсэг, ховор марк ба зоос, уран зураг, бурханы хөрөг, үнэтэй цагийн цуглуулгатай гэдгээ мэдүүлэгтээ дурдсан. Мөн 760 лонх бүхий Франц, Итали, Герман, Австри, Украин, Испани, АНУ, Чилид үйлдвэрлэсэн элит дарсны цуглуулгатай гэдгээ ч нуулгүй дурдсан байна.

Мэдээллийн сайд Ю.Стець нь 2015 онд хүмүүст 80 мянган евро, 100 мянган ам.доллар зээлдсэн гэдгээ мэдүүлэгтээ дурдсан. Энэ мэт мэдүүлгээс үзвэл Украйны парламентын гишүүн, албан тушаалтан нь барууны брэндийн хамгийн үнэтэй хувцас, хамгийн үнэтэй цаг зүүдэг, гэртээ их хэмжээний мөнгө бэлнээр хадгалдаг, ховор хуучны ном ба уран зураг, дарс, цуглуулдаг.

Бухимдал

Энэ бүхнийг уншсан украйнчууд шоконд орсон нь мэдээж. Украйны нийслэл Киев хотын оршин суугчдын дундаж цалин 8000 гривн буюу 300 ам.доллар орчим байгаа нь улсынхаа хэмжээнд хамгийн өндөр тооцогддог тухай дээр дурдсан. Миний эрхийг хамгаал гээд сонгосон парламентын гишүүн нь 47 мянган долларын үнэтэй цаг зүүж, “булган дээл ердөө 140 мянган гривнийн үнэтэй, хямд” гээд мэдүүлэгт дурдахгүй гэж томрохыг сонссон жирийн украйнчууд баярлаагүй нь ойлгомжтой. Зарим судлаачид ойрын хугацаанд шинэ бослого, үймээн дэгдэхээс өөр аргагүй боллоо ч гэж мэдэгдэж байна. Украйны зүүн мужуудын салан тусгаарлагчидтай дайтаж байгаа цэргийн албан хаагчдад хандив цуглуулж байсан сайн дурын нэгэн байгууллагын хүн “Бид гурван жилийн турш арми, цэргүүдэд тусламж цуглуулж явахдаа гишүүд, дарга нар бугуйнаас эхлээд сугаа хүртэл зүүж явдаг цагны үнийн 1/10-тэй тэнцэх мөнгө ч цуглуулж чадаагүй. Эд нар ч тэр, хүүхдүүд нь ч тэр армид алба хаадаггүй, дайнд амь үрэгддэггүй. Бид хоёр өөр гараг дээр, хоёр өөр ертөнцөд амьдарч байна. Нэг ертөнцөд нь хүмүүс гривн бүрээ гамнан арай ядан амь зогоож, бизнесээ босгох гэж уйгагүй ажиллаж, дайнд амиа алддаг. Нөгөө гараг дээр нь хүмүүс элит цаг, хуучны машин цуглуулж, дэрэн дороо сая сая ам.доллар бэлнээр нь хадгалдаг. Зарим хүн ядуу харин зарим нь баян болохоор ийм байдал үүсээд байгаа юм биш. Зарим хүн хулгай хийж байгаагаас болж зарим хүн ядуурч байгаад гол нь байна” гэжээ. Бусад судлаачид парламентын гишүүд ба албан тушаалтнууд үнэн хэрэг дээрээ өөрийн өмчийн 10 хувийг л мэдүүлээд, бусдыг нь нуусан гэж үзэж байна. Тиймээс Украйнд ахин бослого, үймээн, хувьсгал гаргуулахгүй гэвэл 2017 онд хугацаанаас өмнө парламентын шинэ сонгууль явуулах ёстой гэжээ.

“Хувьсгалыг суутан санаачилж, хэнээтнүүд хэрэгжүүлж, үр шимийг нь луйварчид хүртдэг” гэсэн үгс зүгээр нэг гарч ирээгүй гэдгийг Украйн гэх мэт өнгөтэй ба өнгөгүй янз бүрийн хувьсгал гарсны дараа бий болсон энэ мэт байдал харуулж байна.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан