Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Volkswagen” 16,5 тэрбум ам.долларын торгууль төлнө

Б.БАДРАЛ

Германы төдийгүй дэлхийн №1 автомашин үйлдвэрлэгч гэгддэг “Volkswagen” компани дизель хөдөлгүүртэй машины агаарын бохирдлын хэмжээг санаатайгаар далдалсныхаа төлөө АНУ-ын байгаль хамгаалах байгууллагууд ба “Volkswagen” дизель хөдөлгүүртэй машины эздэд нийт 16,5 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болсон тухай “Deutsche welle” агентлаг мэдээлсэн байна.
 
“Volkswagen” компани дизель хөдөлгүүртэй машиныхаа борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд утаа мэдрэгч төхөөрөмжинд худал мэдээлэл тараадаг программ хангамж суулгасан нь илрэхэд АНУ-ын байгаль хамгаалах албад торгууль нэхэж, дизель хөдөлгүүртэй машины эзэд нөхөн төлбөр шаардан шүүхэд хандаад байсан. Шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээвэл энэхүү шүүх ажиллагаа нь түүхэнд хамгийн урт үргэлжилсэн бөгөөд хамгийн өндөр торгууль ногдуулсан гэж хэлэгдэх эрсдэл байсан. Иймд “Volkswagen” компаниас шүүхэд хандсан талуудтай шүүхээс гадуур тохиролцон гомдлыг нь барагдуулахаар хэлэлцээ хийсээр энэ сарын 25-нд ойлголцолд хүрч, шүүхээр баталгаажуулжээ.

Ингэснээр “Volkswagen”-ий хоёр литрийн дизель хөдөлгүүртэй машин худалдан авсан 500 мянга гаруй америкчуудаас хуурамч программ хангамжтай машиныг нь эргүүлэн худалдаж авах, дээр нь хүн болгонд 5-10 мянган ам.долларын нөхөн олговор өгөхөөр тохиролцож чадсан байна. Үүнд 10 тэрбум ам.долларыг зарцуулна.

4,7 тэрбум ам.долларыг Америкийн байгаль орныг хамгаалах албадад хуурамч мэдээлэл өгч, төөрөгдүүлсний торгууль гэж төлнө. Энэ мөнгийг АНУ-ын хэмжээнд агаарын бохирдолтой тэмцэх, агаар мандалд хорт удаа хаядаггүй цахилгаан машин гэх мэт тээврийн хэрэгслүүдийг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц байгуулахад зарцуулах аж.

Ахин хоёр тэрбумыг “Volkswagen” компанийн машиныг Америкт борлуулах албан ёсны эрхтэй 652 компанид нөхөн төлбөр болгон өгөхөөр болжээ. Мөн олон зуун сая ам.долларыг нэхэмжлэл гаргагчдын хөлслөн авсан өмгөөлөгчийн төлбөрийг төлөхөд зарцуулна.

Тус компанийн мэргэжилтнүүд болон шинжээчид нь 16,5 тэрбум ам.долларын торгуулийг эмээж байснаас хавьгүй бага хэмжээтэй гарсан гэж сэтгэл хангалуун байгаа юм. Асар их мөнгө ч гэлээ, үүнийг төлөхийн тулд “Volkswagen” компани олон мянган хүн ажлаас нь халах, хувьцаагаа их хэмжээгээр зарах гэх мэт аюултай арга хэмжээ авах шаардлагагүй гэнэ.

Гэхдээ хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байгаа хэсэг бүлэг хүмүүс, албан газрууд бий гэдгийг “Volkswagen” онцолжээ. Одоо “Volkswagen”-ийн гурван литрийн багтаамжтай дизель хөдөлгүүр бүхий машин худалдан авсан 80 мянга орчим хүн, хуурамч мэдээлэл өгсөн гэж нэхэмжлэл гаргасан 43 мужийн удирдлага ба тус компанид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа АНУ-ын хууль зүйн яам үлдсэн юм. Энэ бүх нэхэмжлэл гаргагч нартай мөн адил тохиролцон торгууль төлж, нөхөн олговор өгч, өмгөөлөгчдийнх нь хөлсийг өгөөд салах боломж бий гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан