Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн суудлын төлөөх марафон үргэлжилсээр

А.АКЭРКЭ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын их наадмын дараах 90 хоногт багтаан спортын холбоод их хурлаа хийдэг. Тус хурлаараа үйл ажиллагааны болон хяналтын зөвлөлийн тайлангаа хэлэлцэж, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, ерөнхийлөгчөө, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ сонгодог. Энэ дагуу өнгөрсөн есдүгээр сард Монголын жүдо бөхийн холбоо их хурлаа хийж, амжилт, алдаа оноогоо хэлэлцэн Х.Баттулга ерөнхийлөгчийг дуу нэгтэйгээр улираан сонгосон.

Тэгвэл ирэх сард хоёр ч холбооны хурал болох нь. Тэдний нэг нь Монголын чөлөөт бөхийн холбоо. Түүхт 50 жилийнхээ ойгоо тэмдэглэснээс хойш байнга л хэрүүл, тэмцэлтэй байх болсон тус холбоо ирэх сарын 19-нд их хурлынхаа товыг тогтжээ. Өмнө нь, Их хурлаа хийлгүй удирдах зөвлөлийнхний хүрээнд 2008-2012 онын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, шинэ дүрмээ баталснаас гадна Хөдөл­мөрийн баатар Д.Дагва­доржийг холбооныхоо шинэ ерөнхийлөгчөөр сонгосон нь өнөөг хэр маргаан дагуулдаг. Тухайн үед Л.Чинбат МЧБХ-ны Их хурлыг хуралдуулалгүйгээр 2013 оны гуравдугаар сарын 19-ний өдөр холбооны “удирдах зөвлөл”-ийн гишүү­дийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай 35 дугаар тогтоол дангаараа гаргасан,  хууль бус тогтоолоор томилогдсон Удирдах Зөвлөл нь 2013 оны тавдугаар сарын 01-ний 12 дугаар тогтоолоор Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон хэмээн Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн байгуулах түр хорооныхон мэдэгдэж байсан удаатай. Түүгээр ч үл барам шүүхэд гомдол гаргаж байв.

Үүнээс хойш тамирчдаа байнга дарамталдаг, хөлс хүчээрээ авсан медалийг нь мөнгөөр худалдаж авсан гэх, тамирчдын хуурамч виз гээд элдвийн хэл амтай асуудал ер тасраагүй. Хамгийн сүүлд л “Рио 2016” олимпын наадмын дэвжээнээ хоёр дасгалжуулагч нь хувцсаа тайлж, эсэргүүцэл үзүүлснээс болж Олон улсын чөлөөт бөхийн холбооноос торгуулийн арга хэмжээ авахуулсан.

Гэхдээ түүнийг ийн муулах хэсэг байхад сайшаах нэгэн ч байсныг дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, тус холбооны удирдлагууд “МЧБХ-нд Асашёрюү Д.Дагвадорж ирснээс хойш их зүйл өөрчлөгдсөн. Томоохон хэмжээний спорт цогцолбор барьсан. Энэ цогцолбор барих мөнгөний 90 хувийг харамчаараа дуудуулж байгаа Д.Дагвадорж аварга өөрөөсөө гаргасан. Үүний үр дүнд бид 2012 онд олон жил тасраад байсан олимпын медалийг авчирч чадсан. Ер нь спортын амжилтыг зөвхөн тамирчин болон дасгалжуулагчийн ажил гэж харж болохгүй. Үүний цаана том баг ажилладаг.  Харин ч холбоо маш сайн ажиллаж байгаа, холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж алдаа дутагдал гаргаагүй, санхүүгийн тайлан зөрчилгүй” гэсэн тайлбар өгч байсан юм.

Ямартай ч удирдах зөвлөлийнхөндөө үнэлэг­­дэж, тамирчид, дасгалжуулагч­дадаа адлагд­сан ерөнхийлөгч маань албан бусаар холбооны удирдлагын ажлаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Одоо миний явах цаг болсон мэт... За үлдэж буй залуустаа асар их амжилт хүсье. Эр хүн хааяа нэг алгадуулах шийртэй байх хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэсэн, баярын ялалт, ялагдлын нулимс үзсэн зургаан жил байлаа. Бид дүнгээ тавиулж байна. Монгол хүнд хатуу үг, хайрын ташуур хэрэгтэй. Үнэндээ би олимп дөхлөө гээд хэрүүл уруулаас зай бариад, хариуцлага алдсан. Баяртай, Монголын 1000, 1000 хийморлог залуучууд минь. Бөх хүн ховын үгээр биш хожмын үгээ бодож, алсуур харж явдаг” гэсэн байсан юм.

Энэ мэдээллээс нь харахад тэрээр энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй нь тодорхой. Харин түүний орыг хэн залгах вэ, хэн хэн дэд ерөнхийлөгч болох вэ гэдэг марафон чөлөөт бөх сонирхогчдын дунд өрнөсөөр. Энэ цаг үетэй холбогдуулж чөлөөт бөхийн шар дэвжээнд 30 гаруй жил хүч, хөдөлмөр, оюун ухаанаа зориулж яваа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр цахим хуудаснаа “Удирдах зөвлөлийнхөн гээд байгаа нөхдүүдээс хэд нь жилийн татвар болох 10-20 сая төгрөгөө холбоонд тушаасан бол. Хэд нь ганц хүүхдийн зардал даасан бол. Би ингэж гаргасан гээд баримттай хэлчих хүн олдохгүй л болов уу. Яагаад гэвэл би сүүлийн хэдэн жил өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан болохоор мэдэж байна. Харин Дагвадоржийн дүү нар гадагшаа тэмцээнд холбооны зардлаар явсан удаа бий. Баримт нь ч надад байгаа. Худлаа гэж байгаа бол намайг шүүхэд өгөөрэй” гэсэн мэдээлэл түгээж, холбооны удирдлагуудаа чимхээд авав.

Ингээд тус холбооны ерөнхийлөгчид хэн хэн өрсөлдөхөөр болж буйг тодруулсан юм. Одоогийн байдлаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн суудалд “МАК” компанийн ТУЗ-ийн дарга Б.Нямтайшир, “Алтай констракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаа, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, “Хасу мегаватт”-ын захирал Ж.Түмэн-Аюушийн нэр сонсогдож байна.

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаагийн хувьд өмнө нь тус холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан нэгэн. Хамгийн идэвхтэй, чин сэтгэлээсээ ажилласан Удирдах зөвлөлийн гишүүн ч гэж үнэлэгддэг.  Тэрээр холбоондоо хандив өргөсөөр ирсэн бөгөөд ДАШТ-ээс ме­даль хүртсэн бөхчүүддээ хувиа­саа орон байр өгч байс­ныг бөх сонирхогчид мэднэ.

Харин Монголын софт теннисний холбооны ерөн­хийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш бол Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрээр “Гацуурт”-ын Л.Чинбатыг 2009 онд МЧБХ-ны ерөнхийлөгч болсноос хойш холбооны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон юм. Энэ хоёр эрхмийн хувьд чөлөөт бөхийн тамирчдын аж амьдрал, зовлон жаргалыг илүүтэй мэдэх учир байж болох л хувилбар хэмээн бөх сонирхогчид ам сайтай байна. Нэр нь сонстох болсон эрхмүүдээс хамгийн нэр муутай нь, УИХ-ын гишүүн, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар. Түүнийг холбоог самарна, удирдаж чадахгүй гэх нь олон байна. Түүгээр ч зогсохгүй, Монголын топ спортын холбоог гэр бүл, найз нөхөд, улс төртэй хутгалдуулах ёсгүй гэх нэгэн ч байсан юм.

Хэдийгээр дээрх дөрвөн хүний нэр яригдаж байгаа ч олон хүн Халтмаагийн Баттуулыг нэр дэвшүүлэх саналтай байгаагаа фэйсбүү­кийн “Чөлөөт бөх” групп дээр бичжээ. Энэ спортоор амжилт гаргаж байсан хүний хувьд, мөн МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга ах шигээ холбоог удирдаад явж чадна хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр байна. Ямартай ч холбооны ерөнхийлөгч мөнгөтэй хүн байх ёстой ч бас тамирчдаа гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь холбооныхны эцэс, төгсгөлгүй хэрүүлд цэг тавьж, зангидсан гар шиг авч явж чадах хүнээ сонгоосой гэж найдах л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан