Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн хямралаас болж Латвийн хүн ам улам цөөрсөөр

Б.БАДРАЛ

Латвийн парламент цагаач­лалын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, боловсон хүчин дутагдаж байгаа сал­барт гадаадын мэргэшсэн ажилтнуудыг ажилд авах, Латвид оршин суух эрх олгох жур­мыг хялбаршуулахаар бол­­жээ. Цагаачлалын хуульд оруулсан өөрчлөлтийг эцсийн байдлаар баталсны дараа Латвийн Засгийн газар ойрын ирээдүйд хамгийн их эрэлт­тэй болох мэргэжлийн жагсаалтыг гаргах бөгөөд энэ жагсаалтад багтсан гадаадын мэргэжилтнүүдийг Латвид “цэцгийн баглаатай” угтах юм байна.

Өөрсдөө яасан болоод гадаадаас мэргэжлийн ажиллах хүч авах гээд байгаа юм бол гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Уг нь Европын холбооны гишүүн орон, аж үйлдвэрлэл, дэд бүтэц, хөдөө аж ахуй гэх мэт салбар сайн хөгжсөн, тэр болгонд шаардлагатай мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын салбар нь Европынх гэж болохоор мэргэжилтэй хүмүүс дутагддаг нь гайхалтай. Хариулт нь тун энгийн хөдөлмөрийн бүтээмж хамгийн сайтай, өндөр боловсрол ба мэргэжилтэй хүмүүс, залуучууд нь илүү өндөр цалин, нийгмийн халамж хөөгөөд гадаад руу ажиллахаар гарсан, эх орондоо эргэж ирэх сонирхолгүй. Уг нь, Оросууд дайрах гээд байна бүгдээрээ эх орноо хамгаалъя, аваръя гэж мэдэгдээд эх оронч нь дэндсэн гэмээр хүмүүс харагд­даг атлаа гадаар руу гар­­чихаад эх орноо мартаг нь сонин.

Шалтгаан

2008 оны хямрал хамгийн хүнд туссан орнуудын нэг Латви. Хямрал эхлэх хүртэл Латвийн эдийн засгийн өсөлт дунджаар 9 хувьтай байв. Гэтэл дэлхийг хамарсан хямралын улмаас хэт хөөрөгдсөн үл хөдлөх хөрөнгийн салбар нурсан нь санхүү, эдийн засагт нь маш хүндээр туссан. 2008 онд үл хөдлөх хөрөнгийн үнэ 24,1 хувиар унахыг дагаад 2009 онд эдийн засаг нь 17,8 хувиар унасан байх жишээтэй. Энэ уналт Дэлхийн хэмжээд ДНБ-ий хамгийн огцом уналт гэж тооцогддог. Хямралын улмаас хүн амынх нь 26 хувь нь ядуу амьдралтай гэж тодорхойлогдох болж иргэдийн хамарсан үймээн дэгдсэн гээд олон бэрхшээлтэй тулгарсан. Энэ үеэр олон арван мянган хүн илүү өндөр цалин, нийгмийн халамж авахаар гадаадын зорьжээ.

Латвийн эрх баригчид ОУВС гэх мэт санхүүгийн байгуулагуудтай хямралыг давах олон төсөл хэрэгжүүлсний ачаар эдийн засгаа уналтаас гаргаж 2011 оноос 6,8 хувийн өсөлттэй болж чадсан тул янз бүрээр магтуулсан. Гэсэн хэдий ч гадаадыг зорих латвичуудын тоо ер багассангүй.

Статистик мэдээнээс үзвэл 1991 онд Латви тусгаар улс болохдоо  2,7 сая хүнтэй байсан бол 2015 оны байдлаар 1,9 сая болсон. 25 жилийн дотор бараг 800 мянга гаруй хүн илүү сайхан амьдрал хайн эх орноо орхин явсан гэсэн үг. Ирак эсвэл Сири, Афганистан шиг дайн дажин болоогүй, тайван тогтуун амьдрал байхад л 800 мянган хүн гарч явна гэдэг нэгийг өгүүлнэ.

Зарим улсыг бодвол харьцангуй бага хохирол­тойгоор хямралаас гарч, цаашид өсөх боломжтой болсон ч залуучууд нь эх орондоо эргэн ирж амьдарч, ажиллаад ямар ч ирээдүйгүй гэх бодлоо өөрчлөөгүй. Өөрийн улсдаа маргаашдаа итгэлгүй амьдрах шиг таагүй зүйл үгүй. Ингэж гутранги үзэлтэй болоход эдийн засгийн байдал шийдвэрлэх нөлөө үзүүлж байгааг судлаачид онцолж. Юуны өмнө Латви нь Европын холбооноос жил болгон асар их хэмжээний санхүүгийн дэмжлэг авдаг. 2020 онд энэхүү дэмжлэг дуусахаар Латвийн эдийн засаг ямаршуу байдалтай болохыг хэн ч тодорхой хэлж чадахгүй байна. Дандаа Европын холбоо, ОУВС эсвэл Дэлхийн банкнаас санхүү, эдийн засгийн хөнгөлөлттэй тусламж аваад яваад байна гэж байхгүй. Нэг л өдөр одоо болно, та нар өөрсдөө юу хийж чаддаг хүмүүс вэ гээд туслахаа зогсооно. Тэгээд ч гаднаас тусламж, зээл, санхүүжилт авах болгонд тэдний аясаар байх ёстой болдог. Тэгэхээр өөрийн хүчээр зүтгэх хэрэгтэй болно. Өөрийн хүчээр зүтгэнэ гэхээр маргаашийн өдөр итгэл төрүүлэхгүй байгаа гэнэ.

Улстөрчдийн харалган бодлого

Латви нь Орос ба Европыг холбосон газар зүйн ашигтай байралтай тул тэнгисийн боомт, төмөр зам, авто замаараа Оросоос Европыг чиглэсэн нүүрс, нефть, түүхий эд ба эсрэг тийш чиглэсэн төрөл бүрийн барааны ачаа тээврийн урсгалаас багагүй ашиг олдог. Гэтэл улстөрчид нь илэрхий Оросын эсрэг бодлого явуулж, оросуудыг дайрч давшилсан мэдэгдэл тогтмол хийж эхэлснээр Орос боомтуудаа хөгжүүлж, өөрийн ачаагаа өөрийн боомтоор дамжуулан тээврлэж эхэлсэн. Үр дүнд нь энэ жил Латвийн боомтуудын ачааны эргэлт 14 хувиар унахыг дагаад төмөр замаар нь тээвэрлэдэг ачааны хэмжэээ 20 хувиар, авто замын тээвэр 8 хувиар буурсан. Энэ бол олон зуун сая еврогийн алдагдал төдийгүй хамгийн цөөндөө 20 мянган хүн ажилгүй болно гэсэн үг болохын судлаачид анхааруулсан.
1,9 сая хүнтэйгээс 644 мянга нь эмзэг давхаргад багтдаг, 190 мянган нь гадаадад ажилладаг Латвийн хувьд 20 мянган хүн ажилгүй болно гэдэг тун таагүй. Дээр нь, Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдсэн тул оросууд Латвиас шпрот, сүү сүүн бүтээгдэхүүнийг нь импортлохоо зогсоосон. Гол худалдан авагч нь Орос байсан тул Латвийн хөдөө аж ахуйн салбар 8 тэрбум ам.долларын хохирол хүлээжээ. Мөн Европоос Оросыг чиглэсэн бараа таваарын хэмжээ огцом унасан. Ийм байдал эдийн засагт нь эергээр нөлөөлөөгүй нь мэдээж. Латвид өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийн гол худалдан авагчид оросууд. Гэтэл Украйны хэрэг явдлаас хойш улстөрчид нь оросууд Латвийн хамаг үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, амьдардаг болсноор тусгаар тогтнолд нь аюул учруулж болзошгүй гэж гадаадын хүн авч болох үл хөдлөх хөрөнгийн босго хэмжээг бараг хоёр дахин өсгөсөн. Үр дүнд нь Латвийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл нэлээд хүнд байдалд ороод байгаа. Мөн Латвийг зорих орос жуулчдын тоо 30 хувиар цөөрөв. Тэднийг өөр улсын жуулчид аяндаа орлох ч тэр болтол хэсэг хугацаа өнгөрнө, дээр нь оросууд шиг үрэлгэн жуулчид ирэхгүй. Улсдаа Европын түвшний өндөр чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж Оросын амыг харалгүй дэлхий даяар зарж борлуулъя гэхээр өндөр түвшний мэргэжилтэй боловсон хүчний гачигдалд орсон байдаг.

Цагаачлал ба ажилгүйдэл

Ажиллах чадвар хамгийн өндөр, боловсрол мэргэжилтэй хүмүүс гадаад руу эдийн засгийн цагаачлал хийгээд яваад өгөхтэй зэрэгцээд Латвид тун сонирхолтой дүр зураг бий болов. Нэг талаас Латви нь 10,2 хувийн ажилгүйдэлтэй, үүнээс 25 хүртэлх насны залуучуудын дундах ажилгүйдэл 18 хувь гэдгээрээ Европын холбоонд тэргүүлж байгааг тус холбооны статистикийн алба “Eurostat”-ын тайланд дурдсан байгаа. Нөгөө талаас ажилгүйдэл байгаа атлаа мэргэжлийн ажиллах хүчний ноцтой хомсдолд орсон. Ямар сайндаа л гадаадаас мэргэжилтэй боловсон хүчин татах, суурьшуулахын тулд цагаачлалын хуульдаа өөрчлөлт оруулж байхав. Ажлын байр нь байдаг, ажил хийе гэсэн хүмүүс байгаа ч шаардлага хангахгүй тул ажиллаж чаддаггүй. Латвийн том ба дунд бизнест дийлэнх нь багтдаг 98 компанийг хамруулан судалгаа явуулахад 85 хувь нь “сайн” гэсэн үнэлгээ авах хэмжээнд мэргэжил бо­ловсролоо эзэмшсэн ажил­тан олдохгүй байна гэж гомдолложээ. Мэргэжилтэй боловсон хүчин байнга дутаг­даж байгаагаас болж олдсон хүмүүстээ илүү өндөр цалин олгохоос өөр аргагүй болдог. Нутагтаа үлдсэн хүмүүсийг дахин сургана гэхээр ийм сургалт цөөн, бараг байхгүй, өндөр үнэтэй ба сайн хөгжөөгүйн улмаас үр дүн нь тааруу гэсэн асуудалтай тулгардаг.

Ирээдүй

Мэргэжилтэй залуучууд нь хаачсан бэ. Ирланд, Их Британи, Герман, Канад, Америк гэсэн баян орнууд руу өндөр цалинтай ажил хийнэ гээд гараад явсан. Статистик мэдээнээс үзвэл Латвийн хөдөлмөрийн чадвартай хүн амын 10 хувь буюу 190 мянга орчим нь гадаадад ажилладаг. Латвийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Аюулгүй байдал ба стратегийн судалгааны төвөөс иргэдийн дунд асуулга явуулахад хамрагдсан хүмүүсийн бараг 30 хувь нь эдийн засгийн шалтгааны улмаас эх орноо орхин гарахад бэлэн гэсэн хариу өгч. Гэтэл гадаадад ажиллаж, амьдарч байгаа латвичуудын 30 хувь нь хэзээ ч эх орондоо эргэж ирэхгүй гэсэн хариу өгсөн байх юм. 78 хувь нь Засгийн газар нь тэдний ирээдүйд огт санаа зовдоггүй, мартсан гэж боддог. Энэ чигээрээ үргэлжлээд байвал 20 эсвэл 30 жилийн дараа Латви цөөн хэдэн хөгшчүүд, хүүхдүүдээс өөр хүнгүй болох аюул тулгараад байгаа тухай тус улсын судлаач эрдэмтэд, улстөрчид байнга ярьж, түгшүүртэй байдалд байна. Залуучууд нь гадаад руу гарсан хэвээр байвал 2025 он гэхэд Латвийн хүн ам ахиад 12 хувиар цөөрч 1,6 сая болно. Ажлын чадвартай хүн амын тоо 16 хувиар буурч, 65 ба түүнээс дээш настнуудын эзлэх хувь бүр ч нэмэгдэнэ. Хүн ам цөөрсөн ч ажилгүйдлийн хэмжээ буурахгүй хандлага бий тул ажил хийдэг нэг хүн ажилгүй хоёр хүнийг тэжээдэг байдалд орох эрсдэл үүсчээ.

Орчин үед АНУ эсвэл ОХУ, БНХАУ гэх мэт их гүрэн биш л улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн орлогод нэн тэргүүнд анхаараад, үзэл суртал, улс төрийн чиг баримтлалыг хоёрдугаарт тавьдаг болсон. Гэтэл Латвийн улстөрчид нь улсаа эдийн засаг ба улс төрийн хувьд жижиг гэдгийг мартаад гол зах зээл болох Оросын эсрэг элдэв сүржин мэдэгдэл хийх, хориг арга хэмжээ авахын өмнө асуудлыг ул суурьтай судлах шаардлагатай байж. Наанадаж л оросууд хариу хориг арга хэмжээ авбал АНУ, Европын холбооноос нөхөн төлбөр авах тухай урьдчилаад тохиролцох хэрэгтэй байсан байх. Мөн зөвхөн ганцхан том зах зээлд нийлүүлэлт хийхэд тулгуурласан жижиг улсын эдийн засаг улстөрчдийн амбиц хөөн буруу үг хэлэх төдийд сүйрлийн ирмэгт тулдгийг Латвийн жишээ харуулж байна. Нөгөө талаас залуучуудад ажил мэргэжил олгох, ажлын байраар хангахад онцгой анхаарахгүй бол улс оронд ирээдүй гэж үгүй болох тийшээ хэлбийдгийг Латвийн жишээнээс харж болно. Мөн 40-өөс дээш насныханд орчин үед эрэлттэй шинэ мэргэжил олгоход онцгой анхаарч байхад хэзээд хэрэгтэй байдаг, аминд ордог гэдгийг Латвийн алдаанаас харж болно.

0 Сэтгэгдэл
honjliinhee hereer holoo jii gedeg dee. Odoo yaya gehev. Bas galuu duuraij heree holoo holdoov gegch boljee. USA baruuniihniig haralgan dagah iim hortoi. LATVI hohi chini gehees oor yu gehev.
латви улс удирдагчдынхаа алдаатай бодлогоос болж уруудан дориойтох шатандаа оржээ.Хэдэн жилийн дараа муулаад байсан Оросоо царайчлах юм байна д даа.Нэртэйгээр нь Оросодоо буцаад нэгдчихмээр юм байна дөө.Бие даагаад амьдарч чадахгүй юм чинь тэр нь шулуухан хэрэг болно бие...
Хамгийн их уншсан