Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд төрдөө муу дүн тавилаа


Т.ЖАНЦАН


Манай эрх баригчид, улс төрийн намууд бие биеийнхээ “но”-г илчлэх, идсэн уусанаар нь дуудаж янз бүрийн бичиг шидэлцэх, шүүхдэх нь тэдний гол ажил болсон гэхэд хилсдэхгүй. Эдийн засаг хямарч айл өрхийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байхад улстөржиж, уран үгээр “уралцаж” сууна тэд. Валютын ханш, Долоон буудлын Должин эмээгийн амьдралыг ойлгож санаа нь зовж чанга дуугаар ярьдаг байсан гишүүд, улстөрчид өнөөдөр таг чиг болж төрийн өндөр албан тушаалдаа бялуурч зөөлөн судалдаа тухлаад таг чиг болчихож. Энэ нь Монголд төр бус нам илүү том, намын дарга бусдаас эрх мэдэлтэй гэдгийг харуулж байгаа явдал гэлтэй. Ард түмэн гэдэг сайхан үгээр бамбай хийж хэзээ хаана, яаж улстөржиж ямар үг хэлчихвэл хү­мүүст таалагдах бол гэдэгт л ха­маг оюун санаагаа ажиллуулдаг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн бэлт­гэдэг мэдээ мэдээллээс тодорхой харагдана.

Монгол хүний амьдрал, хөгжлийн бодлогыг хөсөр хаясан гэхэд буруудахгүй. Сонгуулийн өмнө эдийн засгийн хямралыг өргөс авахтай л адил арилгаад өгөх амлалтаа ч аль хэдийнэ мартаж. Төсвөө танаж бүх нийтээр бүсээ чангалъя. Хямрлыг давах төлөвлөгөө гаргана гэсэн нь ч талаар болжээ. Ирэх оны төсвийг УИХ одоо ид хэлэлцэж байгаа. Гэтэл энэ төсөв нь хямралтай “дайтах” хэмжээнд хүрч чадахгүй түүнийг сөрөх эхний алхам болохгүй байгааг эдийн засагчид хэлж буй юм.  

Учир нь, алдагдал нь хасагдах бус харин ч нэмэгдэж 2.6 их наяд төгрөгт хүрэхээр төлөвлөв. Төсвийн алдагдалаа Хятадаас зээл авч хаах мэргэн санаа олсон. Дээр нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг бараг шийдчихлээ. Энэ бүгдэд иргэд санаа зовж байгаа нь Канад улсын  Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн судалгаанаас тодорхой харагдаж байна. Судалгаанд оролцогчдоос “Таны бодлоор Монгол Улс ерөнхийдөө зөв чиглэлд явж байна уу эсвэл буруу чиглэлд явж байна уу” гэж асуухад 61 хувь нь “Буруу чиглэлд” гэсэн хариулт өгчээ. Тэгвэл “Зөв чиглэлд”   гэж 19 хувь хариулсан бол үлдсэн 21 хувь нь “Мэдэхгүй эсвэл хариулахгүй” гэсэн байлаа. Энэ бол Монгол Улсын төр засагт  ард түмний тавьсан дүн. Тэгвэл “Буруу чиглэлд явж байгаа” гэдэг дүн тавьсан иргэдийн дийлэнх нь эдийн засгийн хямрал, төр засгийн байдал оновчтой бус, авлига, хүнд суртал нэмэгдсэн, байгалийн баялгийн хуваарилалт буруу, шийдвэр гаргах, бодлого боловсруулахад ард иргэдийн оролцоо хангалтгүй  гэдэгт санал нэгджээ. Харин “Зөв чиглэлд явж байна” гэж дүгнэсэн иргэд ерөнхийдөө зөв, бүтээн байгуулалт, дэд бүтцийн барилгажилт эрчимжсэн, зөв нам сонгуульд ялсан, ард түмний амьдрал сайжирсан гэж бодож бай­гаа­гаа илэрхийлсэн байна билээ.

Мөн “Монголд тулгамдаж буй гурван асуудлыг нэрлэ­нэ үү” гэж асуухад ажилгүйдэл, ядуурал, авлига гэж хариулжээ. Эдгээрийн дараа архидалт, инфляц орсон аж.  Тулгамдаж байгаа гурван асуудал нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай нягт уялдаа холбоотой. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого шийдвэр нь эрх баригчид, улстөрчдийн тэр бамбай хийж ярих дуртай ард түмний амьдралд нийцэхгүй байгаагийн баталгаа юм. Уг нь төр засаг, улс төрийн намууд ийм төрлийн судалгаа хийж цаашдын ажлаа төлөвлөдөг жамтай. Гэхдээ манайхаас бусад оронд. Тухайлбал, Германы Канцлер Ангела Меркел албан тушаалаа дөнгөж хүлээж аваад өөрийн хэрэгжүүлэх бодлого шийдвэрээ тодорхойлохын тулд 2009-2013 онд 600 санал асуулга ард түмнээсээ авсан байдаг. Энэ нь долоо хоногт 2-3 санал асуулга авдаг байсан гэдэг.  Эдгээр санал асуулгын гол агуулга нь эдийн засаг, санхүү, нийгмийн амьдралын бүх салбартай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, герман хүний ажил амьдралтай холбоотой, учирч буй бүх бэрхшээл асуудлыг тодорхойлж чадсан гэсэн үг. Долоо хоног бүр иргэдийн санааг хамгийн их зовоож буй асуудал юу вэ, гаргаж буй шийдвэр нь улсын эсвэл намын эрх ашигт нийцсэн үү  гэсэн санал асуулга авдаг байна. Гэтэл манай улсын  төрийн эрх баригчид өөртөө оноо цуглуулахаар улс төржиж хөнжилдөө хөлөө жийлцсээр өдий хүрлээ. Эдийн засаг хямарсан өнөө үед эрх баригчид өөртөө дүгнэлт хийж улсын ажилдаа ханцуй шамлан ороосой.


Эд Жейгэр: Канадын зүгээс хөрөнгө оруулах сонирхол хэвээр байгаа

Канад Улсын  Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн дээрх судалгааг өнгөрсөн наймдугаар сарын 16-26-нд хийсэн юм. Тэгэхдээ Улаанбаатар хот, 13 аймгаас тус бүр гурван сумын 18-аас дээш насны 5000 иргэнийг хамруулсан байна. Судалгаа хийхдээ ярилцлага хэлбэрээр болон санамсаргүй түүврийн аргыг ашиглажээ. Ирэх онд мөн ийм судалгаа хоёр удаа хийж үр дүнг танилцуулна гэж тус хүрээлэнгийн судлаачид хэлэв. Ингээд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жейгэрийн яриаг хүргэе.

-Канадын компаниуд Монголд томоохон хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Монгол Улсын хөрөнгө оруулах орчинд ямар дүгнэлт өгч байна вэ?
-Монгол Улстай харилцаагаа улам сайжруулж гүнзгийрүүлэх нь Канадын Засгийн газрын зорилт. Үүний нэг шалтгаан нь Канадын компаниудын хөрөнгө оруу­лалт Монголд нэмэгдэж бай­гаад оршино. Нөгөө талаас Монголын ардчилал улам бэхжиж хөгжсөн орон болоосой гэж хүсч байна. Ардчилал бол мод ургуулахтай адил. Тэгэхээр өнөөдөр мод­ны үр суулгаад маргааш та­ван метр өндөр болно гэж байхгүй. Учир нь удаан хуга­цаанд бэхжиж, хөгждөг процесс. Өөрөөр хэлбэл, ард­чил­лын үрийг тарьсаны удаан хугацаанд дараа түү­нийг арчилж, хамгаалж, бэх­­­жүүлж, аливаа шуурга дор­гионд тэсвэртэй болтол хү­­­­­­­­­лээнэ гэдэг нь том ажил. Мон­голын ардчилал 25 жил болсон. Энэ бол ардчиллыг хөг­жүүлэхэд богино хугацаа. Тэгэхээр монголчууд ардчилал гэдэг модоо ургуулахын тулд өөрсдөө байнга услах, арчлах, хөр­сийг нь сийрүүлэх ёстой юм.

-Сүүлийн жилүүдэд Монгол орж ирэх хөрөнгө оруулалт буурсан. Канадаас манай улсад хөрөнгө оруу­лах сонирхол хэр байна вэ?
-Монгол Улсад хөрөнгө оруулах боломж байсаар байна. Канадын зүгээс хөрөнгө оруулах сонирхол хэвээр байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайд бус боловсрол, дэд бүтэц байгуулах болон эдийн засгийн бусад салбарыг сонирхдог. Дэлхийн зах зээл хөгжиж илүү их ахиц дэвшил гаргаж байгаа өнөө үед Монголын хууль тогтоох байгууллага, эрх зүйн орчин, Засгийн газрын үйл ажиллагаа ил тод, тогтвортой урдьчилж харж болохуйц болох тусам хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг.  Товчхон хэлбэл, Засгийн газрын бодлого, хууль эрх зүйн орчин нь ил тод, тогтвортой байх тусам хөрөнгө оруулалт илүү их татна.

-Монголчууд Канадад ажиллаж амьдрахад виз­­нээс өгсүүлээд ямар саад бэрх­шээл, асуудал байдаг вэ?
-Монгол бол маш олон авьяас, чадвар, мэдлэгтэй хүмүүстэй үндэстэн. Канадын  ийм иргэдийг татах бодлого үргэлжилж байгаа. Манай улсын цагаачлалын бодлого нь нээлттэй “Тавтай морил” гэсэн уриалгатай. Гэвч  Канадад амьдрах зорилготой хүмүүст боловсрол мэдлэгтэй, манай нийгэмд нийцэн амьдрах чадвартай байх шаардлага тавьдаг. Канадад ажиллаж амьдарч буй монголчууд цөөхөн ч сайн ажиллаж, амьдарч чадаж байгаа.

-Монгол Улсын эдийн за­саг, улс төрийн талаарх су­дал­­гааны гол зорилго нь юу вэ?
-Монголчууд Засгийн газрынхаа үйл ажиллагаа, улс төр, нийгмийн олон асуудлын талаар ямар бодолтой байгааг мэдэх явдал. Тэгээд үүнийг цаашдынх хөгжилд тусгаж ажиллахад зориулж уг судалгааг хийсэн. Канадын Засгийн газар, Бүгд найрамдахчуудын хүрээлэн Монголын ардчиллыг улам бэхжиж хөгжөөсэй гэж хүсч байгаа. Хөгжлийн явцад ил тод, хариуцлагатай байдал нь сайжраасай гэж бодож байна. Уг санал асуулгыг явуулснаар монголчуудыг төр засгаа ил тод байлгах, хариуцлага тооцох эрмэлзлэлийг тодорхой харуулж байгаа явдал юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан