Н.БАТ
Одоогоос яг гурван жилийн өмнө өнөөдрийн Хууль зүйн сайд С.Бямбацогт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга байхдаа УИХ-ын нэгдсэн хуралдаанд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл хийж байсныг нэхэн саная.
С.Бямбацогтын “Должин эмээ”
“УИХ-ыг бүрдүүлж буй олонхи маань Шинэчлэлийн хэмээн нэрлэгдсэн Засгийн газарт бүрэн итгэл өгч, УИХ дахь цөөнхөө сонсолгүйгээр хүссэн бүх шийдвэрийг нь баталгаажуулан, дэмжиж нэг жилийг өнгөрөөлөө.
Гэвч шинэчлэлийн Засгийн газраас хууль зүйн салбарт хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, “Чингис” бондын зээлээр хэрэгжүүлж буй “Гудамж” төслийг эс тооцвол шинэ гэх зүйл гарсангүй. Харин ч юм л бол хянана, шалгана, хураана, хална, солино, гэх зэргээр иргэд, аж ахуйн нэгжүүдээ айлган сүрдүүлэх, ялгаварлах, өнгөрснөө үгүйсгэх, бурууг бусдад тохох байдлаар татвар төлөгчид, жирийн иргэдийн итгэлийг мөхөөх байдал газар авлаа.
...Одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтарсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж, үнэ тогтворжуулах зориулалтаар 3 их наяд төгрөг зарцуулахаар болсон.
1. Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум,
2. Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум,
3.Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум
4.Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум
5.Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болсон.
...Ийнхүү гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нэрийн дор 3 их наяд төгрөгийг төсвөөс гадуур тодорхой улс төрийн бодлогын хүрээнд зарцуулсан боловч шатахуун, мах, гурил, барилгын материал, орон сууцны үнэ бодит байдал дээр ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Худлыг үнэн болгох гэж, үнэнийг худал болгох гэж мянга хичээх хэрэггүй болов уу.
Тэгвэл одоо микро асуудал руу оръё. Долоон буудлын Должин эмээгийн бүтнээр нь биш, граммаар нь худалдан авдаг ургамлын тос 100 гр нь 220 төгрөг байсан бол 350 болсон. Атар талх 630 байснаа 850 төгрөг болж нэмэгдэв. Цагаан будаа 1кг нь 600 төгрөгөөр өсөв. Энэ юуных вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гурван их наяд валютын ханш чангаруулсных. Монгол Улс үйлдвэрлэгч биш, түүхий эд баялгаа түүхийгээр нь экспортолдог, өргөн хэрэглээний дийлэнх бараа бүтээгдэхүүнээ импортолдог улс. Доллар, юанийн ханш өссөн нь үйлдвэрлэж чаддаггүй, хэрэглэдэг бүтээгдэхүүний дийлэнхийг импортолдог улсад инфляцыг давхар импортлохоос өөр аргагүй байдалд хүргэлээ. Ингэж нөгөө үнэ тогтворжуулах гурван их наяд төгрөг маань Долоон буудлын Должин эмээгийн граммын ургамлын тос, кг будаа, талхнаас нь хороож амьдралыг нь доройтуулж байна...
Дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд бодитой хяналт үнэлгээ хийлгээгүй, мэргэжлийн судлаачдаар дүгнэлт гаргуулаагүй байж гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулна гэсэн үндсэн зорилгодоо хүрчихсэн, хүрч байгаа мэтээр Ерөнхий сайд ухуулж байна.
-Үнэ тогтворжуулах гэж төсвөөс гадуур зах зээлд нийлүүлсэн /хууль зөрчсөн, зөрчөөгүй, танилдаа өгсөн, өгөөгүй гэж ярихаа больё/ 3 их наяд төгрөгийн үр нөлөөгөөр 1400 байсан доллар 1700-д хүрч, долларын ханш бага байх үед шатахуун импортлогчидтой байгуулсан форвард хэлцлүүдийн ханшийн зөрүүнөөс үүсэх их хэмжээний алдагдлыг ард иргэд, бизнес эрхлэгчдийн татварын мөнгөөр барагдуулах нь тодорхой байна.
-Төгрөгийн ханш 20 орчим хувиар суларч, дэлхий дээр хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй улс маань, дэлхий дээрх үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш хамгийн ихээр суларсан улсын нэг болов. BB+ зэрэглэл маань хамгийн хурдан буурч, BBB- болов.
-Үнэ тогтворжуулах нэрийн дор олгож байгаа шууд зээл нь эцсийн дүндээ эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмснээр өргөн хэрэглээний барааны үнийг өсгөжээ. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцыг бууруулах гэж оролдохдоо эрэлтээс үүдэлтэй инфляцыг хөөрөгджээ.
-Чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөний зарчимтай зөрчилдсөн Үнэ тогтворжуулах хөтөлбөр бүхэлдээ үр дүнгүй болж байгааг өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа гол нэрийн барааны үнийн өсөлт тодорхой харуулж байна. Үнэ бол эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог гэдэг анхны ойлголтыг Засгийн газар мэдэхгүй байгаа нь харамсалтай. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг төрөөс зохицуулдаг, үнийг төрөөс тогтоож өгөх гэсэн оролдлогууд мухардаж, чөлөөт зах зээлийн системийг 1992 онд сонгосноо АН-ын Засгийн газар мартсан нь харамсалтай байна” хэмээн чанга дуугаар хэлж байсан юм.
98 хувийн эргэн төлөлттэй зээл
Тийм ээ, Шинэчлэлийн буюу Н.Алтанхуягийн Засгийн газар Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн томоохон төсөл бол “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”. МАН-ын дүгнэж байснаар үр ашиггүй үрсэн 3 их наяд төгрөг юм. Энэ бол дунджаар 3 орчим хувийн хүүтэй гэх хамгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээл гэж ч хэлж болно. Үндэсний үйлдвэрлэгчид болоод бизнесийнхэнд бол ёстой аманд орсон шар тос байв.
Жилийн 16-20 хувийн хүүтэй зээл авч, зээлээ төлөхөөс илүүтэй хүүндээ хамаг орлогоо хамчихдаг байсан бизнесийнхэн энэ хөтөлбөрийн ачаар бага зэрэг амсхийсэн.
Гэхдээ мэдээж сөрөг хүчний нүдээр харвал Должин эмээгийн ургамлын тос, талхны үнэ өссөн л бол “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр үргүй байж таарна. Дээрээс нь энэ хөтөлбөрөөс бол 1400 төгрөг байсан доллар 1700 ч болсон гэх.
Эхлээд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг сонирхоё. Саяхан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы танилцуулсан “ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-д “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн талаар ийн дурджээ.
“Үнэ тогтворжуулах хөтөлбөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг 2012 оны арваннэгдүгээр сараас 5 дэд хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр 3 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн. Эдгээр хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 4.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанкнаас банкуудад олгосон бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 4 дүгээр сард санхүүжилт олгож, хөтөлбөрийн хүрээнд нэмэлт эх үүсвэр олгохыг зогсоосон.
Үүнээс эргэн төлөгдөх хуваарийн дагуу зээл төлөгдсөөр 2016 оны долдугаар сарын байдлаар 98.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэлтэй байгаа дээрх 2 хөтөлбөр хуваарийн дагуу 2017 оны 8 дугаар сар, 2018 оны нэгдүгээр саруудад тус тус бүрэн төлөгдөж дуусах юм” гэжээ.
Үнэхээр энэ хөтөлбөрт хамрагдсан компаниудыг магтахаас аргагүй. Засгийн газар, арилжааны банкны өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, зээлээ хугацаанд нь барагдуулжээ. Энэ хугацаанд өнөөх тогтворжуулах гээд байсан цемент, шатахуун, гурил, махны үнэ ямар төвшинд байсныг уншигч та мэднэ.
МАН-ын хувьд өссөн. Гэхдээ маниусын хувьд ямар байсан билээ. Өнгөрсөн жилд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг тооцон гаргасан судалгаанаас харвал хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар инфляцын 23,7 хувийг эзэлдэг байсан бол 2013 онд инфляцад нөлөөлөх нөлөөлөл нь 1,3 дахин, 2014 онд 17,8 дахин буурсан байна.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс болж ам.доллар өссөн, одоо...
УИХ-ын эрхэм гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогтоос одоо л асуух шаардлагатай байна. Ам.долларын ханшийг яах вэ сайд аа. Таны хэлснээр үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс бол төгрөгийн ханш 20 хувиар суларч, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш хамгийн ихээр суларсан улсын нэг 2013 онд болж байсан улс маань өнөөдөр ам.доллар 2400 төгрөгт хүрээд байхад ямар статистиктай байгаа вэ. Энэ судалгаагаа одоо нэг гаргаад УИХ-ын чуулган дээр тайлагнавал ямар вэ. Магадгүй Зимбабвегийн араас ч яваа юм бил үү. 1700 төгрөг гэдэг үнэхээр танд тухайн үед аймаар сонсогдож байсан биз дээ. Одоо харин 2400төгрөг гэдэг гайгүй сонсогдоод байна уу, тээ. Дээрээс нь 3 жилийн өмнө хөөрөгдөөд байсан инфляц маань өнөөдөр сансарт байгаа бил үү, газарт буусан бил үү.
Шатахууны компаниуд нээрээ санхүү төлбөрийн хүнд байдалд ороод байгаа мэдээлэл тэр үед танд ирж байсан гэж сонссон. Өнөөдөр АИ92 шатахуун 1500 төгрөгтэй байгаа нь шатахуун иммпортлогчид хүндэрсэндээ үнээ буулгаа юм болов уу. За тэгээд мах, цемент, өргөн хэрэглээний барааны үнийн талаар бол ярилтгүй биз дээ. Хөтөлбөр гурван жил үргэлжилнэ гэж анхнаасаа зарласан хэдий ч жилийн дараа л сөрөг хүчин үр дүн нэхэж байсан. Тиймээс энэ Засгийн газраас хэдий хугацааны дараа бодит үр дүн нэхэж болохыг Хууль зүйн сайд маань хамгийн сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.