Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв банк ба мөнгөний бодлого


Б.БИЛГҮҮН


Монгол Улсын үндэсний статистикийн хорооны эмхэтгэлээс үзвэл ажилгүйдлийн түвшин оны эхний улиралд 11.6, хоёрдугаар улиралд 10.4 болж буурсан байсан. Энэ үзүүлэлт нь 2009 оноос хойш анх удаа ажилгүйдлийн түвшин хоёр оронтой тоонд хүрч, ажлын байр түүхэнд байгаагүйгээр хомсдож байгааг илтгэнэ. Мөн инфляцын түвшин -0.1 хувьд хүрч, Монгол Улс анх удаа дефляцад хүрлээ. Улс орны эдийн засгийн байдлыг илтгэх гол, гол тоонууд базаахгүй байгаагийн зэрэгцээ энэ оны сүүлчээр бондын эргэн төлөлтүүд хуваарийн дагуу эхэлнэ.
Тухайлбал, хамгийн эхэнд бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийн төлбөрийг бүтэн хийх бөгөөд энэ бондыг бид 2012 онд таван жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэйгээр Сингапурын хөрөнгийн биржид арилжаалж байсан. Тухайн үедээ зээлжих зэрэглэл ойролцоо (ВВ-(S&P)/B1(Moody’s)) Азийн улсууд 6.75-8.25 хувь буюу биднээс өндөр хүүтэйгээр бонд босгож, бид харьцангуй амжилттай арилжаалсан ч урт хугацаандаа эргэн төлөлттэй төслүүдийг Хөгжлийн банкны бондоор санхүүжүүлсэн тул өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн 580 сая ам.долларын эргэн төлөлт нь дарамт болж эхэллээ. Эрх баригч нам засгийн эрхэнд гарахаасаа өмнө эдгээр өр, зээлийн нөхцөл, гэрээний асуудлаар дахин хэлцэл хийж, үндсэн төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар яриа хэлэлцээр хийнэ гэж байсан ч өнөөдөр Олон улсын валютын сангийн 1-1.5 тэрбум ам.доллар эсвэл Хятадын Хөгжлийн банкнаас урт хугацааны зээл авах асуудалд түлхүү найдаж эхэлсэн. Тиймээс 580 сая ам.долларын үндсэн төлбөрийг хэрхэн, ямар эх үүсвэрээс барагдуулах болоод Засгийн газар урсгал зардлаас бусад буюу мөрийн хөтөлбөр зэргээ хэрхэн, хаанаас санхүүжүүлэх нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна.

Тэгвэл өнгөцхөн дүгнэхэд иймэрхүү байдалтай байгаа 65-ын бүлэг, Засгийн газар ирэх оны төсөв, мөнгөний бодлогоо харьяа байнгын хороодоор хэлэлцэж, УИХ-ын чуулганд энэ долоо хоногоос эхлэн хэлэлцүүлэхээр товлоод байна. Мөн өчигдөр мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн тооцоо, судалгааг хэлэлцүүлэг маягаар Төв банк, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг газрууд “хөндлөнгийн” хэлэлцүүлэг хийж эхэлсэн юм. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн УИХ-ын чуулганы гол сэдэв болох мөнгөний бодлого ямар байдалтайгаар орж ирснийг тоймлон хүргэе.


ХОЁР СОНГОЛТ

Төсвийн алдагдал, (сөрөг хүчний мэдээллээр оны эцэст ~4.3 их наяд, одоогийн тооцооллоор 2.6 их наяд) улсын өрийн дарамт (ирэх онд ~1.5 тэрбум ам.доллар) зэргийг бууруулахгүйгээр эдийн засагт мөнгө нийлүүлэх нь эдийн засгийн өсөлтийг дэмжихгүй гэж Төвбанк үзэж байна. Харин ч эдийн засгийн гадаад тэнцвэрт байдлыг алдагдуулж, төгрөгийн ханш сулрах дарамтыг нэмэгдүүлж, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэжээ. Тиймээс өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан төсвийн шинж чанартай мөнгөний бодлогын үйл ажиллагааг хумих чиглэлийг барьж байгаа юм байна. Монголбанкны тооцооллоор тэнцвэржүүлсэн төсвийн алдагдлын хэмжээ 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4.3 их наяд буюу ДНБ-ий 18 хувьд, Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 88 хувьд хүрэхээр байгаа энэ нөхцөлд төсвийн алдагдлыг цаашид зээлээр санхүүжүүлэх нь хүндрэлийг улам нэмэгдүүлж, дунд хугацаанд өрийн тогтвортой байдал алдагдахад хүргэж болзошгүй гэжээ.

Энэ нөхцөлд Монголбанк хоёр хувилбар дэвшүүлж байгаа бөгөөд Үүнд,

1.    Ирэх жилүүдийн гадаад өрийн төлбөр болон төсвийн алдагдлыг гадаад бонд, арилжааны зээлээр санхүүжүүлэх

2.    Эсхүл ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагууд, бусад доноруудын хөнгөлөлттэй зээл, санхүүгийн туслалцааг авч төсвийн сахилга батыг хангаж, эдийн засгийг дунд хугацаанд тогтворжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэсэн бодлогын хоёр сонголт дэвшүүлж байгаа юм байна.
Гэхдээ Монголбанк хоёр дахь хувилбарыг хүнд хэцүү ч зайлшгүй хийх ёстой сонголт гэж үзэж байна.

1.ИНФЛЯЦЫГ 2017-2019 ОНД НАЙМАН ХУВИАС ДЭЭШГҮЙ “БАРИНА”

Монголбанк 2017 онд гадаад, дотоод хүчин зүйлсийн инфляц эдийн засгийн өсөлт, төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөө, түүний ирээдүйн төлвийг анхааралтай ажиглан инфляцыг зорилтот түвшинд байлган, санхүүгийн тогтвортой байдлыг хангах замаар дунд, урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлэх мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Гэхдээ үнийн тогтвортой байдал, улмаар санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад мөнгөний бодлогоос гадна төсвийн нэгдсэн зохистой бодлого, макро зохистой бодлогыг хослуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж Монголбанк үзэж байгаа нь “мөнгөний бодлого”-д дан ганц найдахгүй, бусад хүчин зүйлсийг ч анхаарах ёстой гэсэн санааг дэвшүүлжээ.

Харин инфляцын дунд хугацааны зорилтот түвшнийг тодорхойлохдоо дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн төлөв, хөрөнгийн урсгал, гадаад өрийн тогтвортой байдал, түүний эргэн төлөлт, төсөв, төлбөрийн тэнцлийн хос алдагдал, санхүүгийн салбарт үүсч болзошгүй сөрөг нөлөөлөл, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн бодит орлогыг хамгаалах зайлшгүй шаардлага зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн гэжээ. Мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь нэг жилээс дээш хугацаанд үргэлжилдэг тул инфляцын зорилтыг дунд хугацаагаар тодорхойлж байгаа аж.
Найман хувьд барихын тулд судалгаанд үндэслэн “ирээдүйг чиглэсэн” бодлогын шийдвэр гаргах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг хангах, мөнгөний бодлогыг зөвхөн зах зээлд суурилсан арга хэрэгслүүдийг ашиглан хэрэгжүүлэх зэрэг дөрвөн бүлэг асуудлыг судлан мөнгөний бодлогын стратегийг гаргажээ.

2.САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Мөнгөний бодлогын зорилтыг “найман хувиар” тодорхойлж байгаа бол хоёрдугаарт, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг чухалчилжээ. Энэ хүрээнд, “Санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор системийн тогтвортой байдлын үнэлгээг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлнэ” гэж мөнгөний бодлогод тусгаад байна.

Банкны холбогдолтой эрх зүйн актуудыг боовсронгуй болгох ажлыг эхлүүлэх бөгөөд   банкны эрсдэл, төлбөрийн чадварын байдалд газар дээр нь иж бүрэн, хэсэгчилсэн, гэнэтийн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг эдийн засгийн нөхцөл байдал, тухайн банкны санхүүгийн чадвар, үйл ажиллагааны онцлог, зөрчлийн шинж байдал, системд үзүүлэх нөлөөллийг харгалзан хэрэгжүүлнэ гэжээ. Мөн банкны үйл ажиллагаа нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан журам, заавар, зохистой харьцааны хэм хэмжээтэй нийцэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллах юм байна.
Мөн Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах замаар зээлийн мэдээллийн сангийн зарим үйл ажиллагаа тухайлбал, зээлдэгчийн зэрэглэл тогтоох асуудлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэхийг дэмжих аж.

3.ЭРХЗҮЙН ОРЧИНГ ШИНЭЧЛЭХ

Гуравдугаарт, санхүүгийн зах зээлийн днд бүтэц, институцийг бэхжүүлэх хүрээнд “Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах үүднээс
1.    Санхүүгийн тогтвор­­той байдлын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2.    Монголбанкны бие даасан, хараат бус байдал, валют, үндэсний төлбөр тооцооны системийн зохицуулалтыг боловсронгуй болгоно гэсэн хоёр зорилт тавиад байгаа юм байна.

Санхүүгийн салбар, бодит секторын харилцан хамаарал нэмэгдэж, системийн тогтвортой байдлыг хадгалах шаардлага үүсч байгаатай холбогдуулан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн, боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм байна. Тухайлбал, санхүүгийн салбарт үүсч болох хүндрэлийг шийдвэрлэх, хямралын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах үед Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн тус бүрийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаарх нарийвчилсан журам, зөвлөмж гаргахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцож байгаа юм байна.

Мөн төлбөрийн болон төлбөр тооцооны систем, төлбөрийн хэрэгсэл, төлбөрийн үйлчилгээний хууль, эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, “Банксүлжээ” системийн эрсдэлийн удирдлага, үйл ажиллагааны найдвартай, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, бэлэн бус төлбөрийн хэрэгслийн харилцан зохицолдоо, стандартчиллыг сайжруулах аж. Ингэснээр биет бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, Засгийн газрын гүйлгээнд цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх, Засгийн газар болон Монголбанкны үнэт цаасны клиринг, төлбөр тооцоотой холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, Үндэсний төлбөрийн системийн хяналтыг илүү үр дүнтэй болгох боломж бүрдэнэ гэж үзжээ.

Тиймээс эдгээр зохицуулалтыг нарийвчлан тусгасан төлбөрийн системийн эрх зүйн суурь баримт бичиг болох “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийн төслийг Сангийн яам, Хууль зүйн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкуудын холбоотой хамтран боловсруулах зорилт тавиад байна.

Мөн Валютын зохицуулалтын тухай хууль 1994 онд батлагдаж өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хуулийн одоогийн зохицуулалтыг улам бүр боловсронгуй болгох шаардлагтай гэж үзжээ.

ОДОО ХЭРЭГЖИЖ БУЙ МӨНГӨНИЙ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН ҮҮ

1.    

Өмнөх УИХ-ын үед баталж, өнөө хэр мөрдөгдөж буй мөнгөний бодлогод тусгаснаар бол оны эцэст инфляцыг 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд хүрэх байжээ. Гэвч, жилийн инфляци энэ оны долдугаар сард улсын хэмжээнд 0.9, Улаанбаатар хотод 0.1 хувь болж, өнгөрсөн оны мөн үеэс 6, 6.6 хувиар тус тус буураад байгаа юм.

Үнийн өндөр хэлбэлзэлтэй бараа, бүтээгдэхүүнийг хасч тооцсон суурь инфляц 2014 оны эцэст 12.6 хувь байсан бол 2015 оны эцэст 4.8 хувь, 2016 оны долдугаар сард 2.9, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар -0.1 хувь болж үргэлжлэн буурсаар байна. Ийнхүү инфляцын түвшин улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд огцом буурч, нам түвшинд хүрсэн. Тиймээс оны эцэст инфляц долоон хувьд хүрэх боломжгүй гэж төсөөлж байна.

2.    

“Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтална” гэж байжээ. Энэ хүрээнд Төвбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад шаардлагатай үед тухай бүр оролцсон байна. 

Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард гадаад зах зээлээс нийт 750 сая ам.долларын эх үүсвэр татсанаар валютын зах дахь гадаад валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлжээ. Ийм байдлаар энэ оны эхний долоон сарын эцсийн байдлаар оны эхнээс нийт 57 удаагийн гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, 589.6 сая ам.доллар, 796.0 сая юань буюу 121.2 сая ам.доллартай тэнцэх юанийг валютын захад тус тус нийлүүлжээ.

Түүнчлэн банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх ажлын хүрээнд банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор нийт 2.983.5 сая ам.долларын (энэ долдугаар сарын байдлаар) богино хугацаат ам.доллар болон төгрөгийн своп хэлцэл байгуулсан бол гадаад валютын зээлийн өсөлтийг бууруулах, гадаад активыг нэмэгдүүлэх зорилгоор оны эхнээс нийт 275.5 сая ам.долларын урт хугацаат своп хэлцлийг банкуудтай байгуулжээ. Гэвч, валюттай харьцах төгрөгийн ханш түүхэн цэгтээ хүрээд байна.

3.    

Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд “Банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж Мөнгөний бодлогод баталж байжээ.

Энэ хүрээнд, банк хоорондын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, илүүдэл нөөцийг удирдах үүднээс өдрийн зээл, овернайт репо, овернайт хадгаламж зэрэг төв банкны байнгын санхүүжилтийн хэрэгслийг Монголбанкнаас банкуудтай байгуулан ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайдын хамтарсан тушаалаар “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д муу активыг холбогдох сангаас хасахтай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Банкууд муу активыг холбогдох сангаас хасалт хийхдээ шүүхийн шийдвэрт үндэслэдэг байсан бол уг нэмэлт өөрчлөлтийн үр дүнд банкны төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хорогдуулга хийх боломжтой болсон нь цаашид төлөгдөхгүй нь тодорхой болсон, төлбөр хариуцагч нь ор сураггүй болсон зээлүүдийг төлүүлэхтэй холбоотойгоор гарах банкны үйл ажиллагааны эрсдэл болон зардлыг бууруулах ач холбогдолтой болжээ.


Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг
 
2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн алдагдал 18 хувьтайгаар батлагдсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсөвт 10 хувьтай байгаа. 2018-2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдлыг 8 хувь, 5 хувь гэж бууруулсан. Төсвийн алдагдлын энэхүү бууралтаас харвал төсвийн бодлого зөв чиглэлд явж байна гэж үзэж байгаа. Мөнгөний бодлогын хувьд дунд хугацааны төсөөлөл гэдгийг хэлэх нь зүйтэй. Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барина. Ингэхээр төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийг тогтворжуулах гэсэн гурван зүйл байгаа гэсэн үг.
 2017 онд Хөгжлийн банкны бондын төлбөрийн хүү 580 сая ам доллар төлөх ёстой. 2016 оны төлбөрийн балансын төсөөлөл, төсвийн алдагдлын 18 хувь, 2017 оны төлбөрийн балансын төсөөлөл, алдагдал зэргээ тооцоод үзвэл ойролцоогоор 8 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ байгаа. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт орлоо гэхэд хамгийн ихдээ 400 орчим сая амдолларыг авах боломжтой болно. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар зөвхөн Олон Улсын Валютын сан гэлтгүй бусад эх үүсвэрээс хөрөнгө татахаар хэлэлцээ хийж байгаа.


УИХ-ын гишүүн Б.Жавхлан
 
Олон Улсын Валютын сангийн уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нар оролцсон. Уулзалтын үеэр Сангийн сайд дунд хугацааны төсвийн төсөөллөө танилцуулсан. Олон Улсын Валютын сангийнхан энэ төсөөлөлд нааштай хандаж, төсвийн алдагдлыг хүлээн зөвшөөрсөн. Төсвийн алдагдлыг 18 хувь, 9.9 хувь, 8 хувь, 5 хувь гэх мэтээр шат дараалан бууруулж байгааг зөв гэж үзсэн. Хэрэв огцом механикаар бууруулбал нийгмийн халамжийн бодлого алдагдах сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй гэдгийг мэдэгдсэн.
Одоо Олон Улсын Валютын сантай хэлэлцээ хийхэд төсвийн тэнцлийн алдагдалд өөрчлөлт орохгүй байх. Харин дотроо орлого, зарлагын зүйл ангиуд дээр шилжилт, өөрчлөлт хийхийг үгүйсгэхгүй. Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёр уялдах ёстой. Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг төсвийн төсөөлөл дээр тулгуурлаж хийсэн учраас ерөнхий зорилтод өөрчлөлт орохгүй болов уу, гэсэн хүлээлттэй байна.


Сангийн сайд асан Д.Даваасамбуу
 
Монгол Улс маш эгзэгтэй үед байна. Сангийн яам, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд бодит байдлыг тогтоох гэсэн оролдлогууд учраас нааштай хүлээж авч байна. Өнөөгийн хүнд байдлаас гарахын тулд ямар нэгэн шинэлчлэл рүү орох боломж харагдаж байна. 25 жилийн турш бидний зовоож байгаа зээлийн хүү, хадгаламжийн хүүг багасгах суурь нөхцөлийг 2019 он гэхэд бүрдүүлэхийн төлөө ажиллах чухал шаардлага байгаа юм.
Зээлийн хүүг 12 хувь, хадгаламжийн хүүг 8 хувь байх суурь нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Дунд хугацааны бодлогоо ийм түвшинд байлгах тал дээр анхаарч ажиллахыг Монголбанк, Сангийн яамнаас хүсье. Инфляцыг зургаан хувиас хэтрүүлэхгүй 2019 он хүрч чадвал том амжилт болно.
 

Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Болд
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлал, агуулгатай санал нэг байгаа. Дэмжиж байгаа. Эдийн засаг, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилготой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал. Тодорхой саналуудаа бичгээр гаргаад Монголбанкинд хүргүүлсэн байгаа. Олон улсын байгууллагуудын өгсөн санал бүр зөв байдаггүй, алдаа дутагдалтай зүйлүүд байдгийг харгалзан үзэх нь зүйтэй.


Монгол Улсын сайд асан М.Энхсайхан
 
Хувийн секторын үүрэг хариуцлагыг шинээр харах шаардлага үүсч байна. Аливаа бүх үйлдэл хувийн секторт үйлчилж чадаж байгаа эсэхийг мэдэх ёстой гэсэн үг. Төслийн танилцуулгад маш чухал нэг дүгнэлт хэллээ. Зөвхөн мөнгөний бодлогоор хямралаас гарахгүй гэдэгтээ санал нэг байна. Төсөв, мөнгө болон бусад бүх бодлого уялдаж байж хямралаас хурдан гарна. Ямар ч бодлого гаргасан уул уурхайн болон уул уурхайн бус салбар гэж ангилж гаргах хэрэгтэй. Энгийнээр зүйрлэвэл Монгол Улсын эдийн засаг хэвтэрт байгаа өвчтөн. Тиймээс ямар эмчилгээ хийх нь маш чухал.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан