Турк улсын Чорум хотод өнөөдөр эрэгтэй ХII, эмэгтэй IХ дэх удаагийн оюутны ДАШТ эхэлнэ. Чорум хотын “Хитит” их сургуулийн талбайд найман сая ам.доллараар босгосон Спортын шинэ цогцолбор ордонд болох тэмцээнд 34 орны 600 орчим оюутан эмэгтэй, эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрөлд өрсөлдөнө. Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан явагдах бол маргааш 61, 70, 86, 125 кг-д өрсөлдөх тамирчид дэвжээнээ гарна. Харин нөгөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг, энэ сарын 28-нд 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болох хуваарьтай.
Оюутны Универсиад болон ДАШТ нь Турк улсад өмнө нь 1998 онд Анкара хотноо болж байсан удаатай. Мөн 2005 онд Измир хотноо болсон зуны Универсиад наадмын хөтөлбөрт чөлөөт бөхийн спорт орж байсан юм. Олон улсын оюутны спортын холбооны-FISU, ивээл дор хоёр жил тутамд болдог оюутны ДАШТ-ээс манай бөхчүүд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл, сонгомол барилдааны төрлөөр нэг алт нийт 20 медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчдын бүрэлдэхүүнийг сонирхуулъя.
Эрэгтэй
-61 кг-д ҮБТДС, спортын дэд мастер,
оюутны УАШТ-ий хүрэл медальт, Азийн элсний спортын наадмын аварга Д.Балжинням
-74 кг-д ҮБТДС, спортын мастер, оюутны улсын хошой аварга, өсвөрийн ДАШТ-ий болон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт З.Сумьяабазар
Эмэгтэй
-60 кг-д ”Хилчин” спорт хороо, МҮИС, олон улсын хэмжээний мастер, оюутны улсын аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Э.Гантуяа
- 69 кг-д ”Хилчин” спорт хороо, МҮИС, олон улсын хэмжээний мастер, оюутны улсын хошой аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт З.Болортунгалаг
-75 кг-д ҮБТДС, спортын мастер, оюутны УАШТ-ий хүрэл медальт Б.Даваацэрэн нар оролцоно.
Харин багийн дасгалжуулагчаар ҮБТДС-ийн багш, Оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан явсан бол Олон улсын шүүгч Б.Төмөрбаатар тус тэмцээнийг шүүх юм байна.