Т.ЖАНЦАН
Эдийн засаг хямарч гэрэл гэгээтэй, сайн мэдээ сонсогдохоо больж. Бүхий л үзүүлэлт уруудсан дүнтэй гарч буй. Харин архи, дарсны үйлдвэрлэл нэмэгджээ. Архи, дарс, пиво, тамхины онцгой албан татвар улсын төсөвт чамгүй орлого төвлөрүүлдэг. Монгол Улс нийт архины хэрэглээний 99 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Энэ оны хагас жилд 9.3 сая литр архи борлуулж, төсөвт төвлөрсөн онцгой албан татварын орлого нь 59.4 тэрбум төгрөг болжээ. Манай улс өнгөрсөн онд 20 орчим сая литр архи үйлдвэрлэсэн судалгаа бий. Тэгвэл энэ онд 21.6 сая литр архи үйлдвэрлэх төлөв байна. Иймд архины онцгой албан татвараар улсын төсөвт 120 гаруй тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гараад байгаа аж. УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж буй. Төсвийн төсөлд ирэх жил манай улс 23 сая тонн архи үйлдвэрлэж борлуулна хэмээн тооцжээ. Судалгаанаас үзвэл монголчуудын дарсны хэрэглээ буурч, архи, пивоных нэмэгдсэн байна. Иймд дарс үйлдвэрлэгч гурван компани үйл ажиллагаагаа зогсоож буйгаа татварын албанд мэдэгдлээ. Учир нь дарс үйлдвэрлэгчдийн зардал өссөн, гадаад валютын ханш нэмэгдсэн, иргэдийн худалдан авах чадвар муудсан зэрэг үйл явдал нөлөөлсөн аж.
Дотоодын пивоны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд өссөн. Энэ оны эхний хагас жилд 36.4 сая литр пиво үйлдвэрлэж борлуулсан дүн гарчээ. Оны эцэст 67.3 сая литр пиво үйлдвэрлэх тооцоо бий. Үүнээс улсын төсөвт 19.1 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Тэгвэл ирэх оны улсын төсвийн төсөлд 77.5 сая литр пиво үйлдвэрлэж 22 тэрбум төгрөгийн татвар авна хэмээн тусгажээ.
Монголд тамхи үйлдвэрлэдэг “Монгол Тамхи Со” гэдэг ганц компани бий. Тус компани нийт тамхины хэрэглээний 30 хувийг хангадаг. Үлдсэнийг нь импортоор хангадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тамхичид ам.доллар шатааж утааг нь сорж байна гэсэн үг. “Монгол Тамхи Со” ХХК энэ онд нэг сая ширхэг тамхи үйлдвэрлэх тооцоо бий. Харин ирэх онд 1.1 сая ширхэг янжуур үйлдвэрлэж улсын төсөвт 34.5 тэрбум төгрөгийн онцгой албан татвар төлөх тооцоо хийгээд байна.
Ингээд дотоодод үйлдвэрлэсэн архи, дарс, пиво, тамхины онцгой албан татвараар ирэх онд улсын төсөвт 179.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх тооцоо гараад байгаа юм. Монгол Улсын төсвийн 25 хувь нь импортын татвараас бүрддэг. Хэрэв импортын хэмжээ 100 сая ам.доллараар буурвал төсөвт орох орлого 29.4 тэрбум төгрөгөөр дутдаг судалгаа бий. Импортод дарс, тамхи дээгүүр байр суурь эзэлдэг. Манай улс дарсны хэрэглээний 90, тамхины 70 хувийг тус тус импортоор оруулж ирж байна. Тэгвэл ирэх онд нийт 200 мянган литр архи, 1.2 сая литр дарс, 1.7 тэрбум ширхэг тамхи, 11.8 сая литр шар айраг импортлох тооцоо гарлаа. Иймд импортын татвараар улсын төсөвт нийт 69.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх төсөөлөл бий.
Монголчууд архи, пивоны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь уг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортын татвараар улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүн бэлээхэн хэлээд өгч байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд одоогоор спиртийн ес, архины 49, дарсны 12, пивоны 20, тамхины зургаан үйлдвэр зөвшөөрөл авчээ. Үүнээс спиртийн дөрөв, архины 11, дарсны гурав, тамхины нэг, пивоны зургаан үйлдвэр ажиллаж байгаа юм. ДЭМБ-аас дэлхийн хэмжээнд 15-аас дээш насныхан жилдээ дунджаар 6.2 литр архи хэрэглэж байгааг тогтоосон байдаг. Энэ нь насанд хүрсэн нэг хүн өдөрт 13.5 грамм цэвэр архи хэрэглэж байна гэсэн үг. Тэгвэл монголчууд 2009 онд дээрх тооцоотой ойролцоо үзүүлэлттэй байв. Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ огцом нэмэгджээ. Тухайлбал, нэг хүн жилд 60-70 литр архи, 26-30 литр пиво хэрэглэх тооцоо судалгаа гарсан байдаг. Архи, тамхины татвар улсын төсөвт чамгүй орлого оруулдаг ч эргээд нийгэм эдийн засагт асар их хор хөнөөл учруулдаг билээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн архи монголчуудад ямар хор хөнөөл учруулж буй талаар судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаанаас үзвэл сүүлийн гурван жилд архины хамааралтай өвчнөөр 7714 иргэн нас барсны улмаас 295 орчим тэрбум төгрөгийн бодит алдагдлыг эдийн засагт үзүүлжээ. Хэрвээ эдгээр цаг бусын нас баралтыг багасгах эсвэл амьдрах хугацааг уртасгах тусламж үйлчилгээг тэдэнд үзүүлж чадсан бол эдийн засагт учирах хохирол тодорхой хэмжээгээр буурах нь дамжиггүй юм.
ЭМД сангийн зарцуулалтыг харвал архинаас хамааралтай өвчний эмчилгээний зардал жилд дунджаар 50 хувиар өсөх болсон байна. Тухайлбал, одоогоос хоёр жилийн өмнө 84527 даатгуулагч 21.1 тэрбум төгрөгийг эмчилгээнд зарцуулжээ. Энэ нь ЭМД сангийн нэг жилийн төсвийн 10.6 хувьтай тэнцэж байгаа юм. Архи, согтууруулах ундааны татвар төсвийн орлогын дөрвөн хувийг бүрдүүлж буй. Гэтэл энэ орлогын 30 хувийг нь зөвхөн архи, согтууруулах ундааны хэт их хэрэглээнээс үүдсэн өвчлөлийн эмчилгээнд зарцуулж буй судалгаа гараад байна. Мөн согтуугаар жолоо барьж осол гаргах явдал ч нэмэгджээ. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр жолоочийн хариуцлагагүй үйлдлээс үүдсэн хохирлыг барагдуулах боломжтой болсон юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд зам тээврийн нэг удаагийн ослоор хэдий хэмжээний хохирол учирч буйг тогтоожээ. Уг судалгаагаар нэг удаагийн зам тээврийн ослын үед гарах хохирлын дундаж хэмжээ нь 456 мянган төгрөг байна. Үүнийг барагдуулахаас гадна гэмтсэн автомашинд хохирлын үнэлгээ хийдэг. Ийм үнэлгээг нэг авто машинд хийхэд дунджаар 23 мянган төгрөг болно. Энэ мөнгө дээрх хохирол дээр нэмэгдэх учиртай. Үүнээс гадна ЦЕГ-аас согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өсөх хандлагатай болсон тухай мэдээлэл ч хийсэн. Ингээд архи, согтууруулах ундааны хэт их хэрэглээ хүний эрүүл мэнд, нийгэм эдийн засагт учруулж буй хор хохирлыг тоочоод баршгүй. Энэ хохирлыг бууруулахад хувь хүний ухамсар, төрийн бодлого зохицуулалт гол үүрэг гүйцэтгэх учиртай билээ.