Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн эхнэр, 23 хүүхэдтэй цагаач сард 30 мянган еврогийн тэтгэмж авдаг


Б.БАДРАЛ


Эх орноо 2015 онд орхин гарсан Гази гэгч сири залуу дөрвөн эхнэр, 23 хүүхдийн хамт Германд амьдарч, сарын 30 мянган еврогийн тэтгэмж авч байгаа явдал Германы хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд оржээ. Гази нь оршин суух, ажил хийх зөвшөөрөлгүй тул дөрвөн өөр хотод суурьшсан эхнэрүүдийнхээрээ айлчилж цагийг өнгөрөөдөг. Эхнэрүүд нь хүүхдээ тэжээх тэтгэмж, хүүхдүүд нь хүүхдийн халамж гээд сардаа 30 мянга орчим еврог орон нутгийн эрх баригчдаас авдаг бөгөөд лалын шашны ёсоор энэ бүх мөнгийг захиран зарцуулах, үрэх эрх зөвхөн Газид байх ёстой. Иймд Гази 30 мянган еврог цуглуулан зарцуулах гэсэн тун хариуцлагатай “ажил” хийж байгаа болж таарна. Гэтэл Германд ямар ч мэргэжил шаарддаггүй хар ажил хийхэд татвар суутгалыг хасалгүйгээр сардаа 2461 евро авах боломжтой. Тэгэхээр эх орноосоо цагаачлан ирсэн Гази нь ямар ч ажил хийдэггүй атлаа эхнэр, хүүхдээ тэжээлгэхийн тулд 12 хар ажилчны цалинг Германы төсвөөс суутгаад сууж байгаад  герман сэтгүүлчид бухимджээ.

Герман

Герман 2015 оны байдлаар сая орчим дүрвэгч хүлээн авсанаас 480 мянга орчим нь Сирийнх бусад нь Ирак, Ливи, Афганистан гэх мэт улсаас ирэгсэд. 2016 онд Сири болон бусад улсаас ирсэн цагаачдад Германы төсвөөс 21 тэрбум евро зарцуулах гэсэн тооцоо бий. 2016 оны байдлаар Германд ирсэн хоёр том хүн, таван хүүхэд гэсэн бүтэцтэй дүрвэгч гэр бүлд сар болгон тэтгэмж хэлбэрээр 3612 евро өгч байгаа. Германд 15 сар амьдарсны дараа л ажил хийх зөвшөөрөл өгдөг тул энэ хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж гэж сар болгон 281-352 евро авах боломжтой байдаг аж. Энэ бүхэн герман хүмүүсийн авдаг халамж, ажилгүйдлийн тэтгэмжээс хавьгүй бага ч гэлээ 1 сая хүн гэдэг тун өндөр тоо тул сүүлийн үед цагаачдад олгох тэтгэмжийн хэмжээг багасгахыг шаардсан уриа улам л газар авч байна.

Ирэх жил Германд болох парламентын сонгуульд Ойрхи Дорнод, Хойд Африкийн дүрвэгсдийн асуудал ялалт ялагдлыг тодорхойлох гол сэдэв болж хувирна гэж зарим судлаач үзэж байна. Дүрвэгсэд түр ба байнга оршин суух эрх, тэтгэмж ба халамж авахын тулд Германы хэл, түүх, соёлыг нь мэддэг, хүндэтгэн үздэг байх ёстой тухай, эс бөгөөс нутаг руу нь албадан буцаах хэрэгтэй гэсэн утгатай мэдэгдлийг улс төрчид ойр ойрхон хийх болсон ч энэ сэдэв хэдийн №1 болж хувирсныг харуулж байгаа юм.

Германы эрх баригчид эхний ээлжинд дүрвэгсдийн асуудлыг даамжруулалгүйгээр шийдэх хэрэгтэй гэж үзэж. Өөрөөр хэлбэл дүрвэгсдийг өөрийн нутаг руу оруулалгүйгээр буцаах эсвэл өөр улсын нутаг дээр суурьшуулах арга замыг идэвхтэй хайж, заримыг нь хэрэгжүүлээд явж байгаа. Тухайлбал, Туркийн удирдлагатай хэлэлцээ хийж тус улсад байгаа Сирийн 3 сая орчим дүрвэгчийг Европын холбоо руу оруулалгүй тогтоон барихад  зориулан 3 тэрбум евро өгөхөөр тохиролцсон. Энэ гурван тэрбумын тусламжийн хүрээнд эхний ээлжинд Туркт байгаа сири гэр бүл болгонд дебет карт олгон, түүнд нь хүүхдийн сургуулийн мөнгө гэж сар болгон 30 евро шилжүүлж байхаар болсон. Ингээд зөвхөн Сири гэлгүйгээр Афганистанд үзүүлэх тусламжийн хэмжээгээ 1,7 тэрбум евро болгоно гэж мэдэгдсэн. Энэ мөнгөний ихээ­хэн хэсгийг сайн дураар ну­таг буцаж байгаа цагаачдад тус­ламж үзүүлэх хэлбэрээр олгох аж. Одоогоор сайн дураараа нутаг буцаж байгаа цагаачдад үзүүлэх тусламж гэж 25 сая гаруй евро зарцуулаад байгаа.

Европын бусад улс

Дан ганц Герман гэлтгүй Европын баян чинээлэг гэсэн тодотголтой улс орон болгон Сири, Ирак, Ливи, Афганистаны цагаачидтэй холбоотой адил төстэй асуудалтай тулгараад буй.

Эдгээр цагаачдыг зарим нь дайнаас дүрвэсэн хүмүүс, бүх хэлбэрээр туслах дэмжих хэрэгтэй гэдэг бол өөр хэсэг нь эх орон, орон гэрээ хамгаалахын оронд ажил хийлгүй халамж тэтгэмж авахаар ирсэн эдийн засгийн цагаачид, бүгдийг нь нутаг буцаах ёстой гэцгээж байна. Дүрвэгсдийн гаргаж байгаа зохисгүй авир, мэдэгдэл нь тэдний талаарх сөрөг ойлголт газар авахад нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй. Жишээлбэл, Хойд Африк, Ойрхи Дорнодын цагаачид Европын хилийг даван орж ирээд зөвхөн Их Британи, Франц, Герман, Швейцарь, Швейд, Норвеги, Дани гэсэн тайван бөгөөд бусдаасаа харьцангуй ханга­луун амьдралтай, тэтгэмж, халамжийн мөнгө илүү төлдөг улсуудад амьдрах гэх болсон. Эдгээр улсаас “ядуу” орнуудыг голоод амьдрахгүй гэж ил цагаан мэдэгдэх нь хэвийн зүйл болжээ. Жишээлэхэд, Литвад амьдрах “хуваарь” авсан сирийн цагаачид “ядуу, тэтгэмж багатай улсад мэхлэн аваачиж албадан суурьшуулсан” гэж уурлан НҮБ-д хандан гомдол гаргахаа мэдэгдсэн явдал тэдний тухай эерэг төсөөлөл үүсэхэд яав ч сайнаар нөлөөлөөгүй нь мэдээж. Польшид хуваарь авсан 150 гаруй хүн тэтгэмж, халамжийн мөнгө, амьдрах байраа голоод бараг бүгд Герман руу гарчээ.

“Гуймтгай атлаа голомтгой” гэж эднийг л хэлдэг байх гэмээр. Цаашилбал, дайнаас дүрвэсэн гэх хүмүүс ажил хийхдээ тааруу гэсэн яриа тасрахгүй байгаа. Шведэд ирсэн 160 мянга гаруй дүрвэгсдээс ердөө хоёр нь албан ёсоор ажилтай, бусад нь тэтгэмж аваад зүгээр сууж байдаг тухай мэдээ энэ улсын иргэдийг ихэд бухимдуулсан. Тэтгэмж авч зүгээр суугаад зогсохгүй олгосон орон байрыг голж өлсгөлөн зарлах, цагаачдыг хүлээн авах хууль дүрмийг чангатгах болоход олон хүн оролцсон жагсаал үймээн зохион байгуулах нь хэвийн үзэгдэл болсон гэж болно.

Францын Кале боомт хот дахь Британийг зорьсон цагаачдын түр хотхоныг францчууд татан буулгах шийдвэр гарсны дараагаар цагаачид үймээн дэгдээж цагдаа нарт хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна. Энэхүү түр хотхон нь гэмт хэрэг, хүчирхийлэл маш их гардаг, Францын ямар ч хууль дүрэм үйлчилдэггүй тул “Ширнгэн ой” гэж нэрлэгддэг болоод удаж байгаа юм. Энд албан ёсны мэдээгээр 6500 хүн амьдардаг гэж байгаа ч бодит байдал дээр хавьгүй олон хүн байдаг бөгөөд 2000 гаруй нь цагдаа нарт идэвхтэй эсэргүүцэл үзүүлэхээр бэлдсэн гэнэ. Иймэрхүү тохиолдлууд цагаачид, дүрвэгсдийн талаарх сөрөг ойлголтын түймэр дээр тос нэмсэн хэрэг болох нь мэдээж.

Европын холбооны ирээдүй

Европын холбоонд анхан­даа цагаачдыг хүлээж авах нь соёлт Европын ёс суртахууны ба ёс зүйн үүрэг гэж яригдаж байсан. Үгүй гэж хэлсэн хүн шууд фашист гэж хэлэгдэн ажлаасаа хөөгдөхөөс эхлээд хөршүүд нь гар барихаа болих хүртэл дарамтанд ордог байв.

Гэтэл хүлээн авсан цагаачдын тоо нь 1 саяыг даваад ирэхээр “Энэ олон хүнд бид хэр их хэмжээний мөнгө зүгээр өгөөд байна вэ? Энэ их мөнгийг өөрсдөдөө зарцуулъя” гэх хүн хүмүүс гарч ирсэнд гайхах зүйлгүй. Ингэснээр өгөөмөр давуу талаа харуулах гэсэн үзэл баримтлал, номлолын хэмжээнд явсан маргаан эдийн засгийн салбар руу шилжсэн. Үүний дараа эдийн засгийн өсөлт хангалтгүй тухай яригддаг Европт татварын олон арван тэрбумыг үрэн таран хийхийг эсэргүүцдэг улс төрийн нам эвсэл аяндаа гарч ирсэн нь мэдээж. Дүрвэгсдийн дунд шургалан орсон алан хядагчид  Франц, Германд террорист дайралт хийж олон хүний аминд хүрсэн явдал эсэргүүцэгчдийн эгнээг улам тэлсэн. Ингэснээр цагаачдын асуудал улс орны аюулгүй байдал, ирээдүйтэй холбоотой улс төрийн асуудал болж хувир­сан. Европын холбооны парламент ба гишүүн орнуудын парламентын сонгуульд цагаа­чид, дүрвэгсдийг эсэргүүцсэн, улс орноосоо хөөн гаргана гэсэн популист уриатай хэт үндсэр­хэг номлол бүхий намууд ялалт байгуулж байгаа нь цагаачдын асуудал Европын холбооны ирээдүйн хөгжлийн чиг хандлагад ямар нэг таагүй нөлөө үзүүлж магадгүй байгааг харуулж байгаа юм.

Европ ба Сири

Лалын шашинт дүрвэгсдийн асуудал нь Европын улс гүрнүүдийн дотоод улс төрийн өрсөлдөөний сэдвээс халиад олон улсын нэн хурц сэдэв болж хувираад байна. АНУ, Европын холбоо нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ба түүнийг дэмжигч Орос, Иран энгийн иргэдийг бөмбөгдөж байгаагаас Европыг чиглэсэн дүрвэгсдийн тоо улам нэмэгдэж байна гэж буруутгадаг.Харин Орос, Иран нь цагаачид олон саяар Европыг чиглэх болс­ны гол буруутан нь Америк ба Европын холбооны дэмж­лэгтэйгээр Сирийн Засгийн газ­рыг түлхэн унагах гэсэн оролдлого, түүнээс үүдсэн иргэний дайн гэж хариулсаар. Үүнээс гадна Оросын дэмжлэгтэйгээр Асад ялвал сөрөг хүчнийхэн гэж нэрлэгдсэн дайтах туршлагатай олон мянган хүн арга буюу Европыг зүглэнэ гэсэн бас нэг айдас бий. Товчхондоо бол Сирийн иргэний дайны төгсгөл нь тус улсын төдийгүй Европын холбооны ирээдүйн асуудалтай салшгүй холбоотой болж хувирч байна.

Дөрвөн эхнэр 23 хүүхдийнхээ тэтгэлэг гэж сардаа 30 мянган евро авдаг Гази гэж сири залууг хамгийн эхэнд дурдсан. Зүгээр сууж байгаад Германы 12 ажилчны сарын цалинг аваад сууна гэдэгт дургүйцсэн сэтгүүлчид нэг зүйлд бага ч гэлээ тайвширсан байна. Тэр нь татвар. Газигийн гэр бүлийн авч байгаа 30 мянган еврод ойролцоогоор 45 хувийн татвар ногдуулдаг юм байна. Тэгэхээр ямар ч байсан 14 мянган евро нь Германдаа үлддэг. Үлдсэн 16 мянгын нэлээд хэсгийг нь тусгай дэлгүүрээс тодорхой хэмжээтэй бараагаар сольж авах эрхийн бичиг хэлбэрээр өгдөг. 16 мянгын багагүй хэсэг нь Германд үйлдвэрлэгдсэн бараа худалдан авахад зарцуулагдаад гадагш гаралгүй үлдэнэ гэсэн үг гэнэ. Энэ мэт явсаар Гази нь 30 мянган евроноос гар дээрээ бэлнээр тун ялихгүй хэсгийг авч байгаа нь Германы сэтгүүлчийн санааг амраажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан