Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Афганистанд хар тамхины намуу цэцгийн тариалангийн хэмжээ өсчээ


Б.БАДРАЛ


Афганистанд хар тамхины намуу цэцгийн тариалангийн хэмжээ 2016 онд 10 хувиар өссөн тухай НҮБ-ын Мансууруулах бодис ба гэмт хэрэгтэй тэмцэх удирдах газрын тайланд дурдсан байна. Афганистанд 2015 онд хар тамхины намуу цэцгийн тариалангийн хэмжээ 183 мянган га байсан бол энэ жил 201 мянган га болж өссөн. Үр дүнд нь намуу цэцгийн ургацын хэмжээ 2015 онд 3300 тонн байснаа энэ жил өсч 4800 тоннд хүрэх аж.

Афганистаны эрх баригчид, НҮБ гэх мэт олон улсын байгууллагууд Афганистан дахь хар тамхины намуу цэцгийн тариаланг багасгахаар маш их хүчин чармайлт гаргадаг ч талбайн хэмжээ тогтвортой багасахгүй төдийгүй зарим жил ийнхүү өмнөхөөсөө огцом өсч байна. Өсөх шалтгаан нь Афганистаны улс төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой гэж судлаачид үзжээ. Улс төрийн хувьд тогтворгүй байгаа нутагт хар тамхины намуу цэцэг тариалах нь тариачдын хувьд хамгийн эрсдэл багатай, баталгаатай орлоготой байх шалгарсан арга байдаг аж. Намуу цэцгээс өөр зүйл тариалах нь зардал ихтэй, ургац хураах ба борлуулахад Засгийн газар болон олон улсын байгууллагуудаас багагүй дэмжлэг шаардлагатай болдог. Харин намуу цэцэг тариалахад урсгал зардал багатай, ургацаа борлуулахтай холбоотой асуудал тулгардаггүй давуу талтай аж. Иймд Засгийн газар, “Талибан” хоёрын хэн ялах нь тодорхойгүй, ойлгомжгүй үед тариачид эрсдлээ багасгах зорилгоор баталгаатай орлого олдог хувилбарыг сонгож байгаагийн улмаас ийнхүү намуу цэцгийн тариалангийн талбай нэмэгджээ.

Америк ба түүний холбоотнууд цэргийн үндсэн хүчнээ Афганистанаас гаргасны дараа “Талибан” хүчин үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлж, багагүй газар нутгийг хяналтандаа оруулсан. Одоогоор  талибууд Пакистантай хил залгаа Гильменд мужийг бараг бүхэлд нь хянаж байгаа бөгөөд хойд хэсгийн төв гэгддэг Кундуз хотыг эзлэх оролдлого удаа дараалан хийж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан