Б.БИЛГҮҮН
Төгрөгийн ханш 1993 оноос хойш хамгийн доод түвшиндээ хүрч, энэ жил ам.долларын эсрэг суларсан дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй мөнгөн тэмдэгтээр нэрлэгдсэн. Өнгөрсөн сарын сүүлээр гэхэд ам.долларын ханш түүхэндээ хамгийн өндөр цэгтээ (2272.82 төгрөгтэй тэнцсэн) хүрч байсан бол Монголбанкны өчигдрийн ханшийн мэдээлэлд нэг ам.доллар нь 2330 төгрөг 86 мөнгөтэй тэнцсэн байгааг харуулжээ. Ам.долларын ханшийн өсөлт нь түүхэн амжилтыг эвдэж, төгрөгийн үзүүлэлтийг сулруулсаар байгаа ч Монголбанк болон Засгийн газар ханшийн өсөлтийг зогсоож хүчрэхгүй байна. Мөн Монголбанк, Засгийн газар үндэсний мөнгөн тэмдэгт суларч, валют чангарч байхад ямар бодлого хэрэгжүүлж байгаа нь төдийлэн тодорхойгүй байгаа юм. Энэ байдлыг УИХ-ын танхимаас шүүмжилж байгаа бөгөөд “Монголбанк бодлогын хүүг 4.5 пунктээр өсгөж 15 хувь болгосон шийдвэр нь ханшийн өсөлтөд нөлөөлөхгүй байна” буюу шийдвэр нь оновчгүй гэх шүүмж хэлж байгаа.
Мөн ханшийн өсөлттэй холбоотой ямар арга хэмжээ авч байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд энэ сарын 6-ны өдөр асуулга хүргүүлсэн байдаг. Тэрээр Монголбанкны Ерөнхийлөгчид хандахдаа “...аравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2287.30 төгрөг болж эргээд огцом нэмэгдээд байна...” гэдгийг онцолж байсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан асуулгын хариуг энэ сарын 18-ны өдөр өгснийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулжээ.
Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох, цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн доор дурдсан болон тогтвортой, үр дүн бүхий бусад шаардлагатай арга хэмжээг нэн даруй хэрэгжүлж зохих хариуг ирүүлнэ үү. Хэрэв шаардлагатай гэж үзвэл асуулгын хариуг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болно.
Асуулга 1. Гадаад валютын орлого олдогоос бусад аж ахуй эрхлэгч, иргэд банк болон банк бус санхүүгийн байгууллагад гадаад валютын хадгаламжтай байхыг хориглох
Хариулт 1. “Гадаад валютын орлого олдгоос бусад аж ахуй эрхлэгч, иргэд банк болон банк бус санхүүгийн байгууллагад гадаад валютын хадгаламжтай байхыг хориглох” нь эдийн засаг хүндрэлтэй, санхүүгийн салбар эмзэг байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсаас хөрөнгө зугтах эрсдэлийг үүсгэж болзошгүй. Иргэн хуулийн этгээдэд гадаад валютын хадгаламж эзэмшихэд нь аливаа хязгаарлалт тавихгүй байх нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханү зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр чөлөөтэй, уян хатан тогтож байх ханшийн тогтолцоог хэрэгжүүлэх үндсэн нөхцлүүдийн нэг юм. Валютын зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 9-д зааснаар байнга болон түр оршин суугч нь Монголбанкнаас гадаад төлбөр, тооцооны эрх олгосон арилжааны банк болон тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын банкны салбарт гадаад валютын данстай байж болно. Иймд иргэн, хуулийн этгээдэд гадаад валютын хадгаламж эзэмшихийг хориглох нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд УИХ-ын бүрэн эрхэд хамаарна.
Асуулга 2. Банк бус санхүүгийн байгууллагад гадаад валютын зээл олгодог явдлыг таслан зогсоох
Хариулт 2. Санхүүгийн зохицуулах хороо нь банк бус санхүүгийн салбарыг хариуцахаар хуульчлагдсан. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу банк бус санхүүгийн байгууллага нь гадаад валютаар зээл олгох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг.
Асуулга 3. Төрийн алдаатай бодлогын хор хохирлыг иргэд, аж ахуй эрхлэгчдээр үүрүүлэх явдлыг таслан зогсоож, валютын зээлтэй байгаа нийт иргэд, аж ахуй эрхлэгчдийн зээлийг төгрөг рүү шилжүүлэх
Хариулт 3. Гадаад валютын зээл авсан иргэн, хуулийн этгээдийн хувьд банкуудаас санал болгож буй гадаад валютын своп, форвард, опшин зэрэг санхүүгийн хэрэгслүүдээс сонгон авч гадаад валютын эрсдэлээ удирдах боломж нээлттэй. Монголбанк банкны салбар, мөн зээлдэгчдийг гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтийн тооцоололд ханшийн эрсдэлтэй иргэд, аж ахуйн нэгжид олгосон гадаад валютын зээлийн эрсдэлийн жинг 20 хувиар нэмэгдүүлж, 120 хувиар жигнэж байх зохицуулалтыг “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д тусган хэрэгжүүлж байна.
Асуулга 4. Иргэд, аж ахуй нэгж онцгойлон гадаад валютын зээл хүсээгүй бол арилжааны банкуупын зүгээс гадаад валютын зээлийн тулган олгодог явдлыг таслан зогсоох
Хариулт 4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчтэй зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж зээлийн данс нээх, зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгжид гадаад валютын зээлийг тулган олгох нь хууль зөрчсөн үйл ажиллагаа тул хэрэв ийм тохиолдолд байгаа бол холбогдох хуулийн байгууллагад асуудлыг тавьж шалгуулах нь зүйтэй юм.