Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баатарцогт: Энэ Засгийн газрын үед газрын тос боловсруулах үйлдвэр барина


Т.ЖАНЦАН


Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засгийн хямралаас үүдэн бүх салбар санхүүгийн хувьд хүнд байгааг хүн бүр мэдэрдэг боллоо. Улсын төсөвт гол үүрэг гүйцэтгэдэг ашигт малтмалын салбарын хувьд өнөөдөр яг ямар байдалтай байгааг салбарыг толгойлж байгаагийн хувьд таниас тодруулья?
-Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ төдийлэн сэргэхгүй нь. Сүүлийн хоёр гурван жилд түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд доод цэгтээ хүртэл унаж, одоо л сэргэх төлөв байна. Ер нь, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, эдийн засаг санхүүгийн байдал сайн биш байгааг хүн бүр мэднэ. Одоогоор Хятадын нүүрс олборлолтын хэмжээ буурсны дүнд нүүрсний үнэ бага зэрэг өсч байна. Үүнээс гадна ОПЕК-ын орнууд газрын тосны олборлолтоо бурууллаа. Энэ нь газрын тосны үнийг өсгөж эхэлсэн. Дэлхийн уул уурхайн салбар сэргэж эхлэх нь гэж шинжээчид харж эхэллээ. Монгол Улсын уул уурхайн салбар ч дэлхийн зах зээлийн жиш­гийг дагаад л дээш доош хэлбэлзсээр байна.
Өнөөдөр манай улсын  ашигт малтмалын олборлолт нэмэгдсэн. Гэвч зах зээлийн үнэ ханш бага байгаа тул орлого нь буурсан. Уул уурхайгаас шууд шалтгаалж байсан учраас өнөөдөр төсвийн орлого бүрдэхгүй болсныг хүн бүр мэднэ.

-Харин тийм. Ирэх онд манай улсын төсвийн гол орлого бүрдүүлэгч зэс, алт, нүүрс гээд ашигт малтмалын үнэ ямар байх төсөөлөл байна вэ?
-Нүүрсний үнэ өсөх хандлага бий. Энэ бол сайн мэдээ. Монгол Улс өнөөдөр нүүрсний зах зээлд тодорхой байр сууриа эзэлсэн. Тэгэхээр үнэ нэмэгдэнэ гэдэг нь улсын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Алтны үнэ тогтвортой байна. Өсөх хандлга бий. Иймд алт олборлолтын хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Алт олборлолтыг нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж эхэлсэн. Монголын зэс дэлхийн зах зээлд танигдсан, томоохон өрсөлдөгчийн нэг. Одоогоор нэг тонн цэвэр зэсийн үнэ дэлхийн зах зээлд 4700-5000 орчим ам.доллар байгаа. Олон улсын судалгааны байгууллагуудын төсөөллийг харахад энэ үнэ унах хөдөлгөөн гарахгүй гэж найдаж байгаа. Харин бага зэрэг өсөх хадлага бий гэсэн тойм байна. Тэгэхээр зэсийн баяжмалын экспортоос манай улс чамгүй орлого олох боломжтой юм. Гэхдээ хүн төрөлхтөний хөгжлийг ажиг­лахад зэсийн үнэ цаашид өснө. Учир нь энэ металын орцгүй зүйл дэл­хийд байхгүй болсон. Эрэлт буур­на гэсэн ойлголт бараг л үгүй болсон доо.

-Уул уурхайн салбарын эх үндэс нь хайгуул. Хайгуулын лиценз олголтыг зогсоосон байснаа энэ Засгийн газар сэргээн олгоно гэдгээ албан ёсоор зарласан. Төсөвт ирэх онд хэдий хэмжээний орлого орно гэж төлөвлөсөн бэ?
-Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн “эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах баримт бичиг” гэж бий. Ингээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2500 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байгаа. Тэд жил тутам тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Хайгуулийн лиценз эзэмшигчийн жилд хийх хөрөнгө оруулалтын хамгийн бага хэмжээ гэж бий. Нөгөө талаас зэс, алт, нүүрсний үнэ өсч эхэлсэн тул энэ чиглэлийн хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Монгол” гэдэг компани бий. Тус компани Баянхонгор аймагт алтны хайгуул хийдэг. Ирэх онд нэлээд далайцтай ажил хийхээр төлөвлөсөн. Мөн Авст­рали, Канадын хөрөнгө оруулагчид алт, зэсийн хайгуул хийнэ. Тухайлбал, Хармагтайн ордод “Занаду майнз” компани хайгуул хийх болсон. Энэ мэтээр хайгуулын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ.

-Тэгвэл хайгуулын компани хамгийн багадаа жилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой байдаг вэ?
-Хайгуулын компаниуд оргил үедээ Монголд жилд 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд 100 орчим тэрбум төгрөг болж буурлаа. Бидний харж буйгаар ирэх онд 200-250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хайгуулын салбарт орж ирэх байх. Ер нь, дэлхийн зах зээлд зөвхөн метал ашигт малмалын хай­гуулд жилд 15-20 тэрбум ам.долла­рын хөрөнгө оруулалт хий­дэг гэсэн тооцоо бий. Монгол Улс үүний таван хувийг татан авах зорил­готой ажиллаж байна. Тэгэхээр цаашид хайгуулын лицензийг хууль эрх зүйд нийцүүлж ил тод, уян хатан байдлаар уг мөнгийг олж ирэх ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор уул уурхайн салбарт орох хө­рөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой.

-Хууль эрх орчин бүрдсэн ч  хайгуулд хөрөнгө оруулалт хийх нь бага байна. Тэгэхээр саад бэрхшээл нэлээд байдаг бололтой?
-Олон саад бий. Тухайлбал, орон нутгийн иргэдийн хандлага. Орон нутгийн засаг захиргааны нэгж зөвшөөрсөн ч иргэд нь хайгуул хийлгэхгүй гээд ажил гацаадаг явдал элбэг. Жишээ нь, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг тухайн компани нь Засгийн газартай байгуулсан ч ажил нь зогссон.  Увс аймагт нутгийн иргэд эсэргүүүцэж, компанийн үйл ажиллагааг зогсоосон жишээ энэ. Үүний цаана Монголын газрын тосны хайгуулд орж ирэх олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт зогслоо. Энэ мэт хайгуулын хөрөнгө оруулалт буурсаар байна. Хөрөнгө оруулалт татах талаар шинэ Засгийн газар анхааран ажиллаж байгаа.

-Хөрөнгө оруулалт татах талаар ямар ажил хийж байгаа юм бэ?
-Эхний ээлжинд Монгол Улсаас гарсан хөрөнгө оруулагчдаа татах зорилт бий. Ингээд эрх зүйн орчин өрсөлдөх чадвартай, тогтвортой нөхцөл санал болгож байгаагаа зарлах ёстой. Өөрөөр хэлбэл, геологи, газрын тосны салбарт хөрөнгө оруулах бол бид сайн хүлээж авна, эрх зүйн орчин боломжийн гэдэг сэдэл, санааг өгч, ойлгуулах юм. Хамгийн гол нь бидний хамтын үйл ажиллагаа тогтвортой байна гэдгээ зарлах хэрэгтэй.  Мөн ашгийн татвар, байгалийн нөөц ашигласны татвар, дэд бүтцийн асуудлаа таниулах ёстой гэж бодож байна. Ингэснээр тухайн компани хөрөнгө оруулснаар ямар ашиг хүртэх нь тодорхой болно. Мөн Монголын ард түмэн ямар ашиг хүртэх нь тодорхой байх юм. Иймд Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтарч арваннэгдүгээр сард Монголд хөрөнгө оруулагч, сонирхогч нарт зориулсан  томоохон уулзалт зохион байгуулна. Энэ уулзалтаар хөрөнгө оруулагчдад бид нээлттэй, тогтвортой гэдгээ зарлана.

-Та дээр томоохон хөрөнгө оруулагчид гарсан гэлээ. Тэднийг дагаад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт гарсан тооцоо байгаа вэ. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Зөвхөн хайгуулын салбарт орж ирэх хөрөнгө оруулалт 4-5 дахин буурсан. Үүнд, хэд хэдэн шалтгаан бий. Эхнийх нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унасан. Хоёрдугаарт, манай улс хайгуулын лиценз олгохыг хориглож, зогсоосон байлаа. Гуравдугаарт, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцдэг.

-Нүүрс шингэрүүлэх, газрын тос боловсруулах гээд ашигт малтмалаар эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр барина гэсэн төсөл нэлээд яригдаж байлаа. Өнөөдөр эдгээр төсөл сураггүй болсон. Та уул уурхайн мэргэжлийн хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ Засгийн газрын үед газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Уг үйлдвэрийг хаана, ямар хүчин чадалтай барих вэ  гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам судалж байна. Мөн зэс хайлуулах үйлдвэр байгуулна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт салбар тус бүрд 3-5 томоохон хүнд үйлдвэр байгуулахаар тусгасан. Ингэснээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах эерэг нөлөө үзүүлнэ. Нөгөө талаар алт, жонш, нүүрс гээд томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах гэж ажиллаж байна.
 
-Нүүрсэнд нэмүү өртөг шин­гээж, Тавантолгойн нүүрсийг хуурай аргаар  баяжуулах үйлд­вэ­­­рийг Японы технологиор байгуу­лах ажил ямар шатанд явна вэ?
-Монгол Улсад ашигт малтмал боловсруулах, нэмүү өртөг шингээх нь гарцаагүй. Өнөөдөр “Энержи ресурс” компанийн жилд 15 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Гэвч бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чаддаггүй. Үүний цаана зах зээлийн асуудал бий. Тэгэхээр хятад улсад түүхий эсвэл угаасан нүүрс авах сонирхол байна уу үгүй юу гэдгийг судалж үзэх учиртай. Аливаа бизнес зах зээл, өрсөлдөөний асуудал бий. Тавантолгойн ордын нүүрсийг Японтой хамтарч хуурай аргаар баяжуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн эцсийн үр дүн хараахан гараагүй байна. 

-Дарханд газрын тос боловс­руулах үйлдвэр барих төсөл бэлэн болсон. Гэтэл Чойрт барих ёстой гээд байдаг. Яг хаана үйлдвэрээ барихаар товлоод байна вэ?
-Одоо судалгаа хийж байгаа. Цогцоор нь судалж ТЭЗҮ хийх ёстой. Газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар 2014 онд Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч байсан. Тэгээд уг үйлдвэрийг Дарханд барих нь оновчгүй юм гэсэн. Учир нь, түүхий эдийн хараат байдалд орно гэж дүгнэсэн. Монгол Улс өнөөдөр газрын тос олборлогч орон болсон. Одоогоор жилд нэг сая орчим тонн газрын тос олборлож Хятадад экспортолдог. Цаашид олборлолт нэмэгдэнэ. Ирэх онд 1.5 сая тонн хүргэх боломжийг судалж байгаа.  

 -Газрын тосны хайгуулын хувьд ямар байгаа вэ. Боловсруулах үйлдвэр барилаа гэхэд дотоодоос түүхий эдээ хангаж чадах уу?
-Одоогоор 20 гаруй талбайд газрын тосны хайгуул хийж байна. Гэвч үнэ унасан учир хайгуулын ажил зогсонги байдалд орсон тал бий. Энэ жил Дорноговь аймагт бүтээгдэхүүн хуваах гэрээ шинээр байгуулсан. Энэ хүрээнд 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан.

-Өнгөрсөн жил Тамсагаас олборлосон газрын тосоор “Монгол-93” гэдэг шатахуун Хятадад үйлдвэрлэж эхэлсэн. Одоо энэ шатахууныг манай улсад худалдаалахгүй  байх шиг байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Туршилтын журмаар бага хэмжээгээр худалдаалж байгаа.  Цаашид энэ шатахууныг их хэмжээгээр оруулж ирнэ. Ер нь, судалгааны шатанд яваа. Манай улс ганц ОХУ-аас шатахуун авдаг байсан. Өнөөдөр Хятад, Солонгосоос шатахуун авдаг болсон.

-Ингэхэд, Монгол Улс газар нутгаа хэр судалсан байдаг вэ?
-Сүүлийн 70 гаруй жил газар нутгаа судалж тодорхой амжилтад хүрсэн. Тухайлбал, стратегийн 15 ордыг илрүүлсэн. Үүнээс гадна 1:200000 зураглалаар нийт нутгаа бүрхсэн. Одоо 1:5000 геологийн зураглал хийж байна. Энэ ажил 34 хувьтай байгаа. Тэгэхээр 500 метр газар тутамд геологичийн гар хүрч судалж байна гэж болно. Мөн агаар, гадаргуугийн геофизикийн судлагаа хийсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан