Их Британид үйл ажиллагаа явуулдаг том банкууд 2017 оны эхний өдрүүдээс эхлэн тус улсыг орхин гарч эхлэх бөгөөд одоо бэлтгэл ажлаа ид хийж байна. Британийн банкируудын ассоциацын тэргүүн Энтони Браун “Guardian” сонинд бичихдээ Европын холбооноос гарахтай холбоотой тодорхойгүй байдлаас болж банкууд энэ оны сүүлээс эхлэн тус улсыг орхин гарч эхэлнэ гэж анхааруулжээ. Тэрээр “Зул сараас өмнө олон банк гарахаар төлөвлөж байгаа бол том банкууд нь дараа жилийн эхний улиралд багтан гарна” гэжээ. Мөн үүнтэй холбоотойгоор өөр улс руу нүүсний дараагаар харилцагч нартаа үйлчилгээ үзүүлсэн хэвээр байх, гарах явцыг хамгийн алдагдал багатайгаар хийх боломжийг судлах баг байгуулан ажиллаад эхэлсэн тухай хэлсэн байна. Brexit-ийн дараагаар Их Британи нь эдийн засгийн харилцаа холбоогоо Европын холбооноос бүрэн тасалвал жилийн дотор 81 тэрбум ам.долларын татвар авч чадалгүй алдагдал хүлээх тухай “Таймс” сонин мэдээлж байсан юм.