2025 он гэхэд Орос, Хятад хоёр нь Дэлхийн тойрог зам дээр байгаа Америкийн дурын хиймэл дагуулыг устгах чадвартай болно гэдгийг Америкийн Цэргийн нисэх хүчний генерал Нина Армагно анхааруулав. Нью-Мексико мужид Америкийн зэвсэгт хүчний захиалгаар баригдсан сансрын уудмыг хянах телескопыг хүлээлгэн өгөх үеэр хэлсэн үгэндээ Армагно нь “Иймээс АНУ ба манай холбоотнууд нь дайснуудын зүгээс бидний ашиг сонирхлын эсрэг зүйлс хийлгэхгүй байх ёстой. Бид үүнийг хүчний байр суурьнаас хийх ёстой” гэжээ. Орос, Хятадын зүгээс түрэмгий байдал гарч болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан хараад бодитоор илрэх үед нь АНУ өөрийн өмчөө хамгаалах шийдэмгий алхам хийхэд бэлэн байх ёстой гэж Нина Армагно үзжээ.
Үүний тулд сансарт ямар объектүүд байрлаж байна, тэд ямар үйл ажиллагаа явуулж байна, ямар зориулалттай объектүүд байгаа тухайд сайн мэддэг байх ёстой аж. Үүнээс өмнө буюу тавдугаар сард Америкийн цэргийнхэн Орос Хятад хоёрыг өөрийнх нь хиймэл дагуулын бүлэглэлийг устгах тусгай зэвсэг үйлдвэрлэж байгаа гэж мэдэгдэж байсан юм. Тухайлбал, БНХАУ-ын хийж байгаа пуужингийн туршилт нь Америкийн цэргийн зориулалттай хиймэл дагуулуудыг устгахад чиглэсэн гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Оросын Гадаад хэргийн яамнаас үүнтэй холбоотойгоор Америкчуудын хийж байгаа “сансрын аюул” гэгчийн талаарх мэдэгдэл нь ямар ч бодит үндэслэлгүй гэсэн тайлбар өгч байсан.